• Тогтвортой хөгжил

    "Ногоон санхүүжилт-Бүс нутгийн чуулган"-аар юуг онцлов

    А.Ариунжаргал
    “Монголын эдийн засгийн форум-2022” үйл ажиллагааны хүрээнд Монгол Улсын ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулсан “Ногоон санхүүжилт-Бүс нутгийн чуулган” энэ сарын 29-30-нд боллоо.
    Уг форумыг Үндэсний тогтвортой санхүүжилтийн замын зургийг батлах, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг тэмцэх зорилготой “Тэрбум мод сан”-г танилцуулах, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэх байгууллагуудад батламж гардуулах, шороон шуургатай хамтран тэмцэх бүс нутгийн уриалга, хамтарсан санаачилгын саналыг танилцуулах чиглэлүүдээр үр дүн гаргах зорилготой зохион байгуулжээ.
    Ногоон хөгжлийн форумд төр, хувийн хэвшлийн зүгээс оролцож илтгэл тавьж, хэлэлцүүлэгт оролцсон хүмүүсийн хувьд ч бодитой төсөл, судалгаа танилцуулж, тодорхой санал дэвшүүлж байлаа. Сүүлчийн өдөр дан санхүүгийн салбарынхан ногоон хөгжил болон “Тэрбум мод” хөтөлбөрийг хэрхэн үр дүнтэй байлгах талаар ярилцсан юм.
    Тогтвортой санхүүгийн үндэсний замын зургийг баталлаа
    Ногоон хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхийн тулд Европын сэргээн босголт хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр Монголын тогтвортой санхүүжилтийн холбоо болон “Уур амьсгалын бондын санаачилга”-ын Азийн бүс нутаг хариуцсан байгууллага хамтран “Тогтвортой санхүүгийн үндэсний замын зургийг боловсруулсныг форумын үеэр холбогдох талууд баталлаа.
    Энэхүү замын зургийг ашиглан дэлхий нийтийн ногоон хөрөнгийн зах зээлд нэгдэж, ногоон хөрөнгийн урсгалыг нэмэгдүүлэх, ногоон болон тогтвортой бонд хэмээх бүтээгдэхүүнийг улс орныхоо хөрөнгийн зах зээлд гаргах бүрэн боломжтой болох аж.
    Түүнчлэн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэгч, санхүүгийн зохицуулагч гол байгууллага болох Монгол банк, СЗХ-ны зүгээс дээрх шийдвэр болон мөнгөний бодлогод тусгасан асуудлын ач холбогдлын талаар мэдээллэв.
    Монгол банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Төв банкны зүгээс төрийн мөнгөний бодлогыг ногоон санхүүжилт, ногоон эдийн засаг руу чиглүүлж байна. 2019 оноос Ногоон таксономи манай улсад хэрэгжиж эхэлсэн байна. Энэ нь хүрэн, ногоон эдийн засаг юугаараа ялгаатай байх, хэрхэн ногоон санхүүжилт авч чадах вэ гэсэн шалгуур үзүүлэлтийг багтаасан баримт бичиг юм. Таксономигийн дагуу 20 их наяд төгрөгийн зээл олгосон” хэмээв.
    Үндсэн зургаан бүлэг, 25 дэд арга хэмжээ бүхий дээрх замын зургийг хэрэгжүүлснээр 2030 он гэхэд манай улсын банкны салбарын ногоон зээлийн багцыг нийт зээлийн багцын арван хувьд хүргэх, Банк бус санхүүгийн байгууллагын олгосон нийт зээлийн багцын таваас доошгүй хувийг ногоон зээлээр бүрдүүлэх зорилт тавьсан байна.
    Ингэснээр Монгол Улсын олон улсын өмнө хүлээсэн хүлэмжийн хийг бууруулах үндэсний хэмжээнд тодорхойлсон зорилтыг биелүүлэхэд нэг алхам ахиж байгаа гэсэн үг юм.
    Мөн форумд оролцсон арилжааны банкуудын төлөөллийн зүгээс цаашид зээл олгохдоо бизнесийнхний уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлөх үйл ажиллагааг үнэлж, аль болох ногоон бизнест анхаарал хандуулахаа онцлон тэмдэглэж байлаа. Түүнчлэн барилгын салбарт ногоон моргейжийн бүтээгдэхүүнийг хөгжүүлэхийн тулд барилгын материал үйлдвэрлэхээс авахуулаад бүх үе шат нь ногоон стандартыг хангасан байх талаар ч хөндлөө. Ер нь бизнес эрхлэгчид ч гэсэн ногоон хөгжлийн болон ногоон зээлийн талаарх ойлголттой болох, ач холбогдлыг нь мэддэг байх, ногоон бизнес мөн эсэхийг баталгаажуулах зэрэг асуудал чухал байгааг хэлэлцэв.
    Тэгвэл дээрх саналуудыг хэлэлцсэн арилжааны банкны салбарынхан энэ чиглэлд бодитой юу хийж байгаа талаар Хаан банкны гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа “Хэрэглээний ногоон зээлд эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан халаагуур, сайжруулсан зуух, нүхэн жорлон, бага оврын цэвэрлэх байгууламж, цахилгаан мотоцикл, хөргөгч, угаалгын машин гэх мэт зүйл орж болно. Эдгээр дээр авч байгаа лизингийн зээлийг хүртэл ногоон зээлээр олгох боломжтой байдаг” гэлээ. Тус банк тогтвортой санхүүжилтийг ес дэх жилдээ хэрэгжүүлж байгаа аж.
    Мөн ногоон санхүүжилтэд санхүүгийн салбарын оролцоо сэдэвт хуралд ББСБ-ууд ч санаачилгатай оролцсон. Тухайлбал, тэдний хувьд шинэ төрлийн ногоон бүтээгдэхүүнийг гаргаж, харилцагч нартай санал болгоход бэлэн байгаагаа дурдлаа.
    ББСБ-уудын холбооны ерөнхийлөгч, “Транскапитал” ББСБ-ын гүйцэтгэх захирал З.Алтанзул “Банк бус байгууллагуудад тулгамдсан асуудал бол санхүүжилтийн эх үүсвэр байдаг. Олгож буй ногоон зээлийн хэмжээгээ нэмэгдүүлэхийн тулд бидэнд хөрөнгө оруулалт, техникийн туслалцаа, татварын бодлогын дэмжлэг шаардлагатай байна” гэсэн юм.
    “Капитрон” банк анхны ногоон бонд гаргав
    Дэлхий дахинд 2007 оноос анхны “Ногоон бонд” гарснаас хойш 10 гаруй жил хөгжиж байгаа нь ногоон хөрөнгийн зах зээлийн том дэвшил болжээ.
    Санхүүгийн зохицуулах хорооноос өнгөрсөн онд Компанийн бондын бүртгэлийн журмыг шинэчилж, “Ногоон бонд”-ын зохицуулалтыг шинээр тусгасан байна. Энэ нь санхүүгийн эх үүсвэрийг хөгжүүлж, ногоон төслийг хэрэгжүүлэхэд ихээхэн түлхэц болох болох аж.
    Дээрх шинэ зохицуулалтын хүрээнд “Капитрон” банк анхны “Ногоон бонд”-ыг гаргав. Энэ талаар хэлэлцүүлгийн чиглүүлэгч ногоон бонд гаргахад ямар шалгуур тавигддаг талаар асуухад “Капитрон” банкны гүйцэтгэх захирал Б.Үүрцайхбаатар“Бид 20-30 сая ам.долларын ногоон бонд амжилттай босгож чадлаа. Уг бүтээгдэхүүнийг гаргахад хамгийн түрүүнд тухайн банкны санхүүгийн байдал, ашигт ажиллагаа, зээлийн багцын чанар гэх мэт олон үзүүлэлтийг харгалзан үздэг. Дурдаад байвал олон шалгуур үзүүлэлт бий. Гэхдээ цаг хугацаа зарцуулж, бэлтгэлээ сайн хангаснаар тодорхой үр дүнд хүрч болдог юм байна” хэмээв.
    Түүнчлэн “Ногоон бонд”-ын хөрөнгө оруулалтыг юунд зарцуулах нь маш чухал тухай Хас банкны Эко банкны хэлтсийн захирал Г.Туул онцолсон юм. Тухайлбал, төслийн байгаль орчинд үзүүлэх эерэг нөлөөлөл өндөр байх тусам тухайн бондыг бага хүүтэй гаргах боломжтой байдаг байна.

    Сургалт | Бүртгэл

    Манай сургалтанд бүртгүүлэхийг хүсвэл и-мэйл ээ үлдээнэ үү ...