• Агробизнес

    ХХААХҮЯ Хөгжлийн банктай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

               Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон “Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК малын гаралтай түүхий эдийн боловсруулалтыг шинэ шатанд гаргах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл болон экспортыг дэмжих зорилгоор “Хамтын ажиллагааны санамж бичиг” байгууллаа. Санамж бичигт ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, “Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч С.Баатарсүрэн нар гарын үсэг зурлаа.

    Энэхүү түншлэл нь УИХ-ын 2024 оны 63 дугаар тогтоол болон Засгийн газраас хэрэгжүүлж буй “Цагаан алт” үндэсний хөдөлгөөнийг бодит санхүүжилтийн эх үүсвэрээр дэмжих, үндэсний үйлдвэрлэгчдэд урт хугацаат хөрөнгө оруулалтын боломж олгоход чиглэж байна.


             

    Санамж бичгийн хүрээнд талууд үндсэн дөрвөн чиглэлээр хамтран ажиллана. Үүнд, санхүүжилтийн таатай нөхцөлийг бүрдүүлэх хүрээнд ноос, ноолуур, арьс ширний салбарын аж ахуйн нэгжүүдэд хөрөнгө оруулалтын эхний зардлын дарамтыг бууруулах, урт болон дунд хугацааны санхүүжилтийн шийдлүүдийг (зээл, лизинг) санал болгоно. Технологийн шинэчлэлийн хүрээнд үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй “ногоон” технологийг нэвтрүүлэх төслүүдийг тэргүүн ээлжинд дэмжих юм.

            Гадаад эх үүсвэрийг татах чиглэлээр хамтран ажиллаж олон улсын санхүүгийн байгууллагуудаас хөнгөлөлттэй эх үүсвэр татаж, экспортын баримжаатай төслүүдийн санхүүжилтийн бүтцийг оновчтой болгох талаар санамж бичигт дурджээ. Мөн салбарын аж ахуйн нэгжүүдийг нэгдсэн форум, уулзалтаар дамжуулан мэдээллээр хангах, төрөөс үзүүлэх бусад дэмжлэгтэй санхүүжилтийг уялдуулах зэргээр бодлогын дэмжлэг үзүүлнэ.


    Эх сурвалж: ХХААХҮЯ

     



    Сургалт | Бүртгэл

    Манай сургалтанд бүртгүүлэхийг хүсвэл и-мэйл ээ үлдээнэ үү ...