Аялал жуулчлалыг цар тахлын өмнөх түвшинд хүргэхийг зорьж байна
Б.БИЛГҮҮН
Аялал жуулчлал нь уул
уурхайн дараагаар ордог эдийн засгийн томоохон салбар. Аялал жуулчлалыг 607 сая
ам.долларын экспортын орлого оруулж байсан экспортын хоёр дахь томоохон эх үүсвэр гэдгээр дүгнэжээ. Гэтэл хөдөө аж ахуйн салбарт ноос,
ноолуураас нийтдээ 283 сая ам.долларын экспорт хийдэг талаар МҮХАҮТ-ын
Аялал жуулчлалын зөвлөлийн дарга
Б.Барсболд тодотголоо. Эндээс “Үл
үзэгдэх экспорт”, “Утаагүй үйлдвэрлэл” хэмээн тодотгодог аялал жуулчлалыг манай улсын эдийн засгийн тэргүүлэх
салбарын нэг гэдгийг тэрбээр онцолж байна.
Ковидоос өмнө манай аялал
жуулчлалын салбар нийтдээ 577 мянган жуулчин хүлээн авч, экспортын 7-8 хувийг
эзэлж байжээ.
“Мэдрэмжтэй мэдээлье” нэгдэл, Эдийн засгийн
сэтгүүлч, шинжээчдийн клубээс “Аялал жуулчлал: Хөрөнгө оруулалт, хүний нөөц”
сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулж, МҮХАҮТ-ын дэргэдэх
Аялал
жуулчлалын зөвлөлийн дарга Б.Барсболд, “Premium
Travel Mongolia” ХХК-ийн
гүйцэтгэх захирал Г.Нямсүрэн, Мэргэжлийн хөтөч тайлбарлагчдын холбоог үүсгэн
байгуулагч М.Нарангэрэл нар
оролцлоо. Уулзалтаар аялал жуулчлалын салбарыг хэрхэн сэргээж идэвхжүүлэх
талаар хэлэлцлээ.
Мэргэжилтнүүд аялал
жуулчлал нь хөрөнгө оруулалтын өгөөжөө
хамгийн хурдан нөхдөг, худалдаа, үйлчилгээний салбарын орлогыг тус бүр 25
хувиас дээш хувиар нэмэгдүүлдэг бусад салбараас өндөр үзүүлэлттэй. Тэрчлэн ажлын байрыг олноор бий
болгодог, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө хамгийн бага гэх мэт олон давуу
талыг өөртөө шингээсэн онцлог салбар гэдгийг онцлов. Хэдий тийм боловч тус
салбарт өнөөдөр тулгамдсан асуудал цөөнгүй байгааг хэлэлцлээ.
Гадаад орнууд аялал
жуулчлалын салбараа сэргээж, ковидын өмнөх 2019 оны түвшинд яаж очих вэ гэдгийг
эрмэлзэж, стратегиа цаашид төлөвлөж байна. Гэтэл манай улс шууд 1 сая гадаадын жуулчин
хүлээн авна хэмээн хэт өөдрөг байдлаар “төлөвлөж”, эхлээд юу хийхээ
тодорхойлохгүй байдалтай байсанд аялал жуулчлалын мэргэжлийн холбоод,
байгууллагынхан шүүмжлэлтэй хандаж байв.
Дэлхийн аялал жуулчлалын
холбооноос энэ салбарын сэргэлт, түүнд нөлөөлөх хүчин зүйлийн талаар
шинжээчдийн дунд судалгаа хийжээ. Судалгаанд оролцогчдын 43 хувь нь аялал
жуучлалын салбар энэ онд олон улсад сэргэнэ гэж үзсэн байна. Харин 45 хувь нь
ирэх онд ковидын өмнөх 2019 оны түвшинд очно гэж хариулжээ. Ази, Номхон далайн
бүс нутгийн хувьд аялал жуулчлал арай хожуу сэргэх төлөвтэй байгаа аж.
Монгол улсын хувьд гаднын
жуулчдын тоог 570 гаруй мянгад, салбарын орлогыг 700 сая ам.долларт хүргэх
зорилтыг аялал жуулчлалын мэргэжлийн холбоод, байгууллагаас гаргаад байна.
Дэлхийн аялал жуулчлалын өрсөлдөх чадварын үзүүлэлтээр Монгол Улсын эзлэх
байрыг гурваар ахиулж, 90 дүгээрт эрэмбэлэх стратеги зорилт бүхий хүрэх үр дүнг
тооцоолжээ. Энд есөн зорилт тавин, 41 ажил зохион байгуулахаар байгааг МҮХАҮТ-ын дэргэдэх
Аялал
жуулчлалын зөвлөлийн дарга Б.Барсболд танилцуулсан юм. Тэрбээр, энэ 2022 оны байдлаар Монгол Улсад
45 мянган жуулчин ирсний 50 гаруй хувь нь ОХУ-аас ирээд байна. Тиймээс ирэх
онуудад аялал жуулчлалын салбарыг сэргээж идэвхжүүлэхэд анхаарч ажиллах гол бүс
нь хөрш орнууд болон БНСУ зэрэг бүс нутгийн жуулчид байна гэдгийг тодотголоо.