• Агробизнес

    Монгол, Франц хоёр улс өндөр өгөөжтэй мал аж ахуйн хамтын ажиллагааг өрнүүлэх боломжтой

    Франц улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхэт Элчин сайд Сэбастиен Сүрүнийг эдийн засгийн төрөлжилт, тогтвортой хөгжлийн  “Шинэ өсөлт” сэтгүүл Франц улсад болох  Европын холбооны мал аж ахуйн тэргүүлэх үзэсгэлэн De l`Elevage –д зориулан гаргаж буй дугаарынхаа “Элчин сайд” булангийн  зочноор урилаа. Учир нь, 31 дэх жилдээ болж буй Европ тивийн мал аж ахуйн олон улсын тэргүүлэх үзэсгэлэнд De l`Elevage үзэсгэлэнд энэ жил Монгол Улс “Хүндэт зочин орон”-оор оролцож байгаа юм. Үүнтэй холбоотой “Шинэ өсөлт” сэтгүүл намрын дугаараа монгол, англи хэлээр гаргаж байна. Түүнчлэн тус сэтгүүлийн үүсгэн байгуулагч, сэтгүүлч И.Отгонжаргал ч мөн уригдан үзэсгэлэнг сурвалжлахаар явж буй юм.

    Элчин сайд Сүрүн нь 1973 онд төрсөн, Парисын Улс төр судлалын дээд сургууль болон Германы Бонн дахь Хуулийн сургуулийг тус тус төгсчээ. Анх 25 жилийн өмнө Франц улсын Гадаад харилцааны яамнаас дипломатчийн гараагаа эхлэхдээ анх НҮБ-ын ХХААБ-ын мэргэжилтнээр ажиллаж байжээ.

    Тэрбээр Франц, ХБНГУ-ын Гадаад хэргийн яаманд ажиллахаас гадна  Зимбавбе, Индонез, Иран зэрэг улсад дипломатын алба тус тус хашсан байна.

    Сэбастиен Сүрүн 2021 оны наймдугаар сараас Монгол Улсад Францын Элчин сайдаар томилогдон ажиллаж байна. Тэрбээр De l`Elevage-ийн талаар ярих үеэрээ Монгол, Францын ард түмэн хэдий суурьшмал амьдралтай ч хөдөө явж, байгальд ойр байх дуртай байдлаараа ижил төстэй соёлтой” хэмээн онцлов.

    -Таныг хөдөөний тухай сайхан яриа өрнүүлсэн чинь асуумаар санагдлаа. Та Францын хаана төрж, өссөн бэ?

    Би хөдөө нутагт өссөн гэж хэлж болно. Цөөхөн хүнтэй, жижиг тосгонд очиж зуны амралтаа өнгөрүүлдэг байсан. Ганц тэндээс хөдөө аж ахуйн хөгжлийг харж болохоор тийм өөрчлөлт хөгжил нүдэн дээр явагдаж байсан.

    Би Францын Жон гэж хотод төрсөн. Манай хот хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн тэр дундаа дарс, гичээр алдартай. Энд би нутгийнхаа брэнд бүтээгдэхүүнйг яагаад дурдсан гэхээр Франц улсад газар зүйн заалт маш чухал байдаг. Франц улс, Европын холбоо, Монгол Улс хамтраад хөдөө аж ахуйн салбарт газар зүйн заалт нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагаа эхлүүлж байгаа. Газар зүйн заалт гэдэг нь тухайн аймаг, сум, багийн уулын хөндий, сугад ургадаг, тухайн тэр газар нутгийнхаа онцлог шинж чанараараа хэрэглэгчдэд танигдсан хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг нэрлэдэг. Тухайн нутаг орны хөрсний бүтэц, цаг уурын онцлогоос хамаараад хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний чанар өөр өөр байдаг.

    - НҮБ-ын ХХААБ, Европын холбооны Элчин сайдын яамнаас 2022 оны есдүгээр сарын 26-27-нд хамтран зохион байгуулсан “Газар зүйн заалтын ач холбогдол” сэдэвт чуулган үр дүнтэй болсон. Өмнө нь энэ тухай сонсч байсан. Харин зорьж хурал чуулганд сууж байгаагүй. Энэ удаагийн чуулганд оролцоод их зүйлийг мэдэж авсан. Газар зүйн заалтын талаар таны тайлбарыг сонсоё?

    Газар зүйн заалтын талаар Европод ч гэсэн хөдөө аж ахуйн үйлдвэрлэгчдийн ашиг орлогыг нэмэгдүүлэх нөгөө талаараа үйлдвэрлэлийг аль болох багасгахад сайн нөлөөтэй гэж үздэг. Тухайлбал, Монгол Улсын хувьд газар зүйн заалт нэвтрүүлж, үйлдвэрлэлийг багасгана гэдэг нь малын тоо толгой буурна гэсэн үг. Ингэснээр уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд чухал нөлөө үзүүлэх юм.

    Манай зүгээс Монгол Улсад хэрэгжүүлж байгаа хамтын ажиллагааны нэг гол цөм нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх явдал. Энэ хүрээнд газар зүйн заалтын хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлж байна.

    Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг бууруулна гэдгийг жаахан тодруулж тайлбарлахгүй юү?

    Ноолуураар жишээ авъя. Ноолуурыг боловсруулахгүйгээр түүхийгээр нь БНХАУ руу хямд үнээр гаргах уу, эсвэл тодорхой хэмжээний боловсруулалт хийгээд, шууд олон улсын зах зээлд харьцангуй өндөр үнээр экспортлох  уу гэдэг юм. Мэдээж сүүлийн хувилбарыг нь сонгоно. Энэ нь эргээд малчдад заавал малынхаа тоо толгойг өсгөхдөө гол нь биш, тухайн мал аж ахуйн бүтээгдэхүүн нь малчны хотноосоо өндөр үнээр борлуулагддаг  механизм чухал. Өнөөдрийнх шиг  Монголын нийт ноолуурын дийлэнх хувь нь урд хөрш рүүгээ ямар ч нэмүү өртөг шингэхгүйгээр гардаг байж болохгүй.

    Тухайлбал, манай хоёр улсын аж ахуйн нэгжүүд үхрийн фермийн чиглэлд нэлээд хамтын ажиллагаатай байдаг. Монгол Улс Францаас өндөр ашиг шимтэй шилмэл үүлдрийн үхрүүдийг импортолдог. Сайн үүлдрийн цэвэр үхрийн ашиг шим нь өндөр учраас бэлчээрийн ачааллыг багасгаж байгаа гэсэн үг. Тиймээс монголчууд малын тоо толгойд биш, аль болох цөөн малаас өндөр ашиг шим авах тал дээр илүү анхаарах ёстой болов уу.

    -Sommet De l`Elevage Европ тивийн үзэсэгэлэнгийн онцлог, ач холбогдлын талаар юу хэлэх вэ?

    Энэ арга хэмжээг би хувьдаа олон жилийн өмнөөс мэднэ. Европдоо хамгийн томд тооцогддог мал аж ахуйн үзэсгэлэн. Энэ жил 100 мянга гаруй хүн үзэж сонирхохоор байгаа. Манай хоёр улс урт удаан хугацааны түүхэн хамтын ажиллагаатай. Тиймээс энэ хамтын ажиллагаа чухал гэдгийг батлан харуулах. Мөн Монгол Улсын нэр хүндийг өсгөх зорилгоор энэ жилийн De l`Elevage-д Монгол Улсыг “Хүндэт зочин орон”-оор урьсан.

    Энэ арга хэмжээний үеэр төр засгийн хүмүүс гэхээсээ илүүтэй бизнесийнхэн нүүр тулсан уулзалт хийж, улс оронд нь тулгарч байгаа хүндрэл бэрхшээл, тугамдаж байгаа асуудал, ололт амжилтын талаар шууд хоорондоо харилцаж, туршлагаа солилцдог. Энэ нь арга хэмжээний гол онцлог.

    Энэ арга хэмжээнээс Элчин сайдын хувьд таны хүлээж байгаа үр дүн юу вэ?

    Sommet De l`Elevage-ийн энэ жилийн Монгол-Франц хоёр улсын хамтын ажиллагаанаас хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарынхан хамтдаа чанарыг сайжруулж, байгаль орчны сөрөг нөлөөллийг багсгах тал дээр хэрхэн үр дүнтэй хамтарч ажиллах вэ гэдгээ сайн ярилцаж, зөв арга шийдэл олоосой гэдэг том хүлээлт байна. Ингэснээр уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө цөлжилт аль улсад хамгийн их байна тэр орны асуудал нэг алхам ч гэсэн урагшлах юм.

    Монгол Улсын хувьд хүнсний бие даасан байдал маш чухал ойлголт. Тэгэхээр мал аж ахуйн салбарынхан хүнсний бие даасан байдлын чиглэлд  хэрхэн хамтарч ажиллан, үр дүнтэй төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх боломжтой байна вэ гэдэг чухал. Байгаль орчинд ээлтэй, хүний эрүүл мэндэд эерэг нөлөөтэй, өндөр өгөөжтэй мал аж ахуйн хамтын ажиллагааг өрнүүлэх бололцоо байна. Энэ чиглэлд хоёр орны төр, хувийн хэвшлийн байгууллагын оролцогчид оновчтой шийдлүүдийг олох нь чухал.

    -Үзэсгэлэнгийн үеэр хоёр орны Хөдөө аж ахуйн яам хамтын ажллагааны гэрээгээ шинэчилнэ. Та энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч болох уу?

    Үзэсгэлэнгийн үеэр манай хоёр улсын Хөдөө аж ахуйн яамд хооронд Хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагааны гэрээг шинэчилж байгуулна. Энэ нь хөдөө аж ахуйн бүх салбарыг хамарсан гэрээ юм. Гэрээнд хоёр орны Засгийн газрын түвшинд хэрхэн хамтарч ажиллах, хөдөө аж ахуйн тухайлсан салбаруудад мэргэжлийн сургалтуудыг хэрхэн зохион байгуулах, мөн Монголын хүнсний бие даасан байдлыг хангах чиглэлд хоёр улс хэрхэн хамтарч ажиллах талаар тусгана. Ер нь бол хоёр орны хөдөө аж ахуйн бүх л чиглэлд үр дүнтэй хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилттой. Мэдээж дээр хэлсэн хувийн хэвшлийнхэн хоорондоо уулзаж ярилцах өргөн боломж бий.

    Монгол Улс эрчимжсэн мал аж ахуйг дэмжихийн тулд өндөр ашиг шимтэй үхэр импортлохоос өөр аргагүй. Дээр нь Францаас шилмэл үүлдрийн үхэр импортлох чиглэлд өнгөрсөн хугацаанд үр дүнтэй  ажиллаж, одоогийн  түвшинд хүрсэн.

    Мөн үзэсгэлэнгийн үеэр газар зүйн заалттай холбоотой чухал уулзалт, яриа хэлэлцээрүүд явна. Түүнчлэн хүнсний аюулгүй байдал, мал эмнэлгийн  чиглэлээр уулзалтууд болно. ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун Парист төвтэй Дэлхийн мал, амьтны эрүүл эндийн байгууллагад очиж уулзах хүсэлт гаргасан.

    Ер нь бол манай хоёр улсын хооронд техникийн хамтын ажиллагаанаас гадна шинжлэх ухааны байгууллагын хамтын  ажиллагаа өрнөдөг. Та бүхэн мэдэж байгаа. “Нэг эрүүл мэнд” гээд ойлголт байдаг. Энэ бол хүний эрүүл мэнд, малын эрүүл мэнд гэж тусдаа байдаггүй хамтдаа яригдах ёстой гэсэн ойлголт.

    Үүнтэй холбоотой нэг жишээ дурдахыг хүсэж байна. Монголын нэг судлаач эмэгтэй Францад судалгааны ажил хийж байгаа. Монголд болохоор таван хошуу мал нь нэг дороо байдаг. Тийм болохоор малаас малд, амьтнаас амьтанд халдварлах өвчлөл их. Тэр нь ямар амьтнаас ямар амьтанд халддаг тэгээд явсаар хүнд хэрхэн халдварлаж байна гэдгийг монгол судлаачид Франц судлаачдаас илүү мэдлэгтэй. Энэ чиглэлд хамтарсан судалгаа хийж байгаа. Францад судлаач шувууны эрүүл мэнд хариуцдаг бол зөвхөн шувуугаа л судалдаг. Адууны, үхрийнх гээд төрөлждөг. Аж ахуйн хэв маяг нь ч гэсэн тусдаа байдаг учраас тэгэхээс аргагүй. Монголд болохоор бүх мал нь нэг хотонд нэг дор байдаг. Тийм болохоор энэ хамтарсан судалгааны багийн ажил нэлээд сонирхолтой байгаа байх гэж бодож байна. Эндээс харахад зөвхөн Францаас л мал амьтан авч ирээд, мэдлэг туршлагаа өгдөг биш, монголчууд ч гэсэн француудад зааж сургаж, мэдлэг туршлагаа солилцон хамтарч ажиллаж байна.

    Франц улсын хөдөө аж ахуй маш эртний бөгөөд өөрийн гэсэн уламжлалтай салбар. Түүнчлэн Франц Европын холбоо дотроо маш том газар нутагтай учраас хөдөө аж ахуйг хөгжүүлэх тал дээр бидэнд илүү боломж байгаа гэж хардаг. Гуравдугаарт, Франц улс хөдөө аж ахуйн салбараа үйлдвэржүүлж, орчин үеийн болгож, техник технологи инновацийг шингээж авч явдаг. Хөгжлийг орхигдуулдаггүй. Яагаад гэвэл хөдөө аж ахуй өөрөө улсын эдийн засагт маш чухал үүрэг оролцоотой салбар. Тиймээс үзэсгэлэнг илүү ач холбогдолтой болоход нөлөөлдөг байх.

    -Монгол, Францын эдийн засгийн хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд хэрхэн хөгжиж байна вэ?

    Франц улсаас Монгол Улсад хэрэгжүүлж байгаа төсөл, хамтын ажиллагааны чиглэлүүд гурван гол хуваагддаг.

    Эхнийх нь Монгол Улсын бие даасан байдлыг бэхжүүлэхэд тусламж дэмжлэг болох. Жишээлбэл, эрчим хүч  хүнсний бие даасан байдал гэх мэт. Энэ зорилгын төлөө хэрэгжүүлж байгаа төслүүд байна. Хоёр дахь нь хоёр улс хамтдаа уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх. Байгаль орчны төлөө явуулж байгаа төсөл хамтын ажиллагаа бүр энэ зорилтын бодлогод нийцэж байгаа гэж бодож байна.

    Гуравдугаарт, манай хоёр орон хоёулаа л ардчилсан улс. Тиймээс хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой нийтлэг маш чухал үнэт зүйлсийг хуваалцдаг. Энэ тал дээр илүү иргэдийн болон залуусын хөгжил боловсролыг дэмжих хамтын ажиллагаа орно. Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрийн дагуу явж байгаа төслүүдийг ерөнхийд нь зорилгоор нь гурав хувааж байгаа. Засгийн газруудын оролцоогүйгээр явж байгаа хувийн хэвшил, ажахуйн нэгж хоорондын олон төсөл бий. Монголын олон компанид Францын чанартай бүтээгдэхүүнийг импортлох сонирхол нэмэгдсэн. Сүүлийн жилүүдэд Францаас хүнсний бүтээгдэхүүний импорт нэлээд хийгдэж байна. Түүнчлэн нярай хүүхдийн нэмэлт тэжээлээс эхлээд автомашин хүртэл импртолдог. Энэ нь эргээд Монголын худалдан авагчдын сонголтыг солонгоруулж байгаа.

    -Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлд хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд ямар томоохон ажлуудыг хийж байна вэ?

    Хоёр чиглэлийн ажлыг дурдаж болохоор байна. Эхнийх нь Монгол Улс  дахин ойжуулалттай холбоотой ажлууд хийж байна. Үүнтэй холбоотой Монголын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа ажлуудтай уялдуулан ирэх жилүүдэд энэ салбарын хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэх зорилгоор төсөл хэрэгжүүлэхээр зорьж байна. Ойжуулалтын асуудлын талд Францын экспертүүд их туршлагатай. Тиймээс туршлага солилцох талаар хамтын ажиллагаа өрнүүлнэ гэж бодож байгаа. Одоо байгаа ойн менежмент ямар байх вэ гэдэг ч юм уу. Дээрээс нь ойжуулалтыг газар тариалангийн үйлдвэрлэлтэй хэрхэн уялдуулах вэ гэдэг талаар туршлага солилцох ажлыг хийхээр төлөвлөж байна. Мод тарих нь тухайн газрын хөрсийг маш их үржил шимтэй болгодог. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарласан “Тэрбум мод” хөтөлбөр явж байгаа. Тиймээс зөвхөн мод тарина гэхээсээ гадна ойжуулалт, ойн аж ахуйтай холбоотой давхар уялдаад явах төслүүдийг хэрэгжүүлэх хэрэгтэй гэж бодож байна. Нэг тэрбум мод гэдэг өөрөө маш том бэлгэдлийн агуулгатай төсөл байх.

    Монгол Улсад нүүрлээд байгаа уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх асуудлыг ярихаар Монголын  эрчим хүчний бие даасан байдал давхар хөндөгддөг. Ойрын ирээдүйд эрчим хүчний бие даасан байдлыг бэхжүүлэх тал дээр хэрхэн хамтарч ажиллах вэ гэвэл сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтын ажиллагаа өрнүүлэх.

    -Танд Монголын хамгийн их таалагддаг болон таалагддаггүй зүйл юу вэ?

    Миний хамгийн дуртай зүйл бол Монголын залуучуудаас мэдрэгдэж байгаа эрч хүч. Монгол залуус маш их урам зоригтой, сурах, хөгжих хүсэл эрмэлзэл дүүрэн байгаа нь зүгээр гудамжинд явж байхад тэр эрч хүч энерги мэдрэгддэг. Энэ бол маш сайхан. Дээрээс нь улс орны хувьд маш үнэтэй зүйл гэж боддог.

    Түүнээс гадна Монголын байгальд морь унах ид шидийн юм шиг сайхан санагддаг. Хамгийн төвөгтэй асуудал нь Улаанбаатар хотын агаар, орчны бохирдол. Дээр нь нэмээд замын түгжрэлийн асуудал. Энэ хоёр асуудал Засгийн газар үнэхээр яаралтай, маш дорвитой, бодит зүйл хийх хэрэгтэй гэж боддог.

     И.ОТГОНЖАРГАЛ

    Сургалт | Бүртгэл

    Манай сургалтанд бүртгүүлэхийг хүсвэл и-мэйл ээ үлдээнэ үү ...