• Агробизнес

    Ц.БОЛОРЧУЛУУН: НОГООНЫ ҮР, ХҮЛЭМЖИЙГ ЗЭЭЛЭЭР ОЛГОНО

    Гадаад, дотоод хүчин зүйлтэй холбоотойгоор  Засгийн газрын 2026.04.08-ны өдрийн ээлжит хуралдаанаар “Хүнсний ногооны үнийн өсөлтөөс сэргийлэх зарим арга хэмжээний тухай” гэсэн  Засгийн газрын тогтоол гаргасан. Уг тогтоолоор зарим  төрлийн хүнсний ногооны үр болон хүлэмж зээлээр олгох зэрэг нэг бус асуудлыг  шийдвэрлэсэн тухай ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат мэдээлэл хийсэн билээ.

    Тэгвэл уг мэдээлэлтэй холбоотой тариаланчид, ногоочид болон ялангуяа орон нутгийн иргэдээс манай редакцид олон асуулт ирүүлсээр байгаа юм.

    Тиймээс бид  ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуунаас зарим зүйлийг тодрууллаа. 

     -Засгийн газрын тогтоолын дагуу хаврын тариалалтад зориулж дөрвөн төрлийн хүнсний ногооны үр олгоно гэсэн. Ялангуяа, орон нутгийн иргэд, ногоочдын хувьд ямар ямар таримлын үр, хэзээнээс, хэрхэн олгох вэ гэдгийг их сонирхож байна. Тухайлбал, байцааны үрийг гэхэд л дөрөвдүгээр сарын 20-ноос өмнө олгохгүй бол зээлээр өгсний хэрэг гарахгүй гэж үзэж байна. Үүнд хамрагдахын тулд хаана хандах вэ?

    -Хаврын тариалалтыг тогтвортой явуулах, эрчимжүүлэх зорилгоор Засгийн газрын тогтоол гарсан. Тогтоолд хэд хэдэн арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Үүнд шар манжин, хүрэн манжин, лууван, байцаа гэсэн дөрвөн төрлийн хүнсний ногооны үрийн худалдан авалт хийж, 1500 га буюу нийт хүнсний ногооны тариалалтын 10 орчим хувьтай тэнцэх хэмжээний үрийг нийлүүлнэ. Үрийг хувааж төлөх нөхцөлтэй зээлээр олгохоор байгаа.

    Мөн хүлэмжийг ч гэсэн хуваан төлөх нөхцөлтэй зээлээр олгохоор шийдвэрлэсэн.
    -Үрийг хаврын тариалалтаас өмнө олгож амжих болов уу гэдэг дээр тариаланчдад нэлээд болгоомжлол байна. Амжих болов уу?
    -Тухайн таримлын тариалалтын технологит хугацаанаас нь хамаараад тариалалтаас өмнө нийлүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
    -Хүнсний ногооны үр ч бай, хүлэмж ч бай авахыг хүсвэл иргэн, аж ахуйн нэгжүүд хаана хандах вэ. Хандсан хүн бүрт хүртэхгүй байх. Ямар шалгуур тавих вэ?
    -"Хөдөө аж ахуйн корпораци" ТӨХХК-иар дамжуулаад аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газрууд үрийн хуваарилалтыг хийнэ. Өмнө нь ч манай яамнаас 80 хувийн хөнгөлөлттэй үнэтэй хүнсний ногооны үр олгож байхад ийм л зарчмаар явдаг байсан. Тэр дагуугаа л зохион байгуулна. Үрийн хүрэлцээний хувьд хэлье. Ногоочдод яамнаас үр олгох нь гэсэн хүлээлт үүсэж магадгүй. Энэ бол нийтдээ 1500 га талбайд тариалах хэмжээний л үр шүү. Бүх ногоочинд хүртээмжтэй асуудал огт биш. Тодорхой хэмжээнд тариалах талбайтай нь жишээд хуваарилалт хийж өгөх учраас нийт ногоочид үрээр хангагдана гэсэн хүлээлттэй байж болохгүй.
    -Хамгийн эрт хэрэгтэй үр нь байцааных юм байна шүү дээ. Бусад ногооны тариалалтыг тавдугаар сард хийдэг учраас амжих байх. Байцааны үрийг дөрөвдүгээр сарын 20-ноос өмнө ногоочдод нийлүүлэхгүй бол хаврын тариалалтад амжихгүй гээд байна л даа?
    -Мэдээж тариалалтын технологит хугацаанаас нь өмнө амжуулахгүй бол үрийг дараа жил хүртэл хадгалахаас авахуулаад асуудал үүснэ. Тиймээс технологит хугацаанаас нь өмнө амжуулахаар ажиллаж байна. Дунд нь ямар нэгэн давагдашгүй хүчин зүйл үүсчихгүй л бол хугацаандаа амжина.

    -Иргэн, аж ахуйн нэгж гэж байсан. Ямар шалгуур шаардлага байх вэ?
    -Бүх ногоочдод хүртээмжтэй биш гэдгийг сая тодотгож хэллээ шүү дээ. Аймгуудын ХХААГ-уудаас ирсэн хүсэлтийн дагуу яам зохицуулалт хийгээд аймгийн ХХААГ-т хуваарилдаг.
    -Хүлэмжийг мөн хэн хүссэнд нь өгөх биш. Хүлэмжийн аж ахуйг эрхлэхээр зүтгээд явж байгаа болон ямар нэгэн зүйл эхлүүлсэн, туршлага, мэдлэгтэй иргэд, аж ахуйн нэгжээ дэмжвэл илүү үр дүнтэй гэсэн санал нэлээд байна. Ямар шалгуураар өгөх юм бол?
    - Бүх хүн хашаандаа хүлэмж аваад тариалахаас илүү нийт масс тариалалтад тодорхой хэмжээний хувь нэмэр оруулаасай гэж бодож байгаа учраас бас л аймгуудын ХХААГ-аар дамжуулаад тодорхой хэмжээнд хүлэмжийн аж ахуй эрхэлсэн туршлагатай, үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх гэж байгаа хүмүүсийг тэргүүн ээлжинд харгалзаж олгоно.
    -Төмс бусад хүнсний ногоог бодоход га-д орох үрийн хэмжээ их учраас өртөг өндөртэй тусдаг. Гэтэл яагаад төмсний үрийг зээлээр олгох үрийн тоонд оруулаагүй вэ?
    -Энэ жилийн тариалалтад учирч болзошгүй бэрхшээлүүд байна. Тухайлбал, шатахууны үнэ өссөн. Цаашдаа улам өсөх хандлагатай байна. Тариалатад тулгамдаж байгаа нэгдүгээр асуудал шатахуун. Дараа нь төмсний үрийн асуудал байгаа.
    2004-2016 онд Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилттэй “Монгол төмс” хөтөлбөрийг хэрэгжүүлээд дотооддоо үрээ үйлдвэрлэдэг, дотоодын хэрэгцээгээ зуун хувь хангаад зогсохгүй хоёр жилийн өмнөөс төмсөө нэг бус улс руу экспортолсон гээд нэлээд дэвшилттэй байсан. Өөрөөр хэлбэл, төмсний үйлдвэрлэлийн хувьд төрөөс хамааралгүй төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдийн түвшинд хамтраад бие даасан байдалтай явж ирсэн. Болоод байна гэж үзээд улсын анхаарал ч багадсан байх талтай.
    Гэтэл өнгөрсөн жилээс төмсний үйлдвэрлэлийн гол тариалан явагддаг улсын нийт төмсний нийлүүлэлтийн 60 хувийг үйлдвэрлэдэг Төв аймгийн Жаргалант суманд ган болсон. Дээр нь нэмээд төмсний талбайд өвчлөл гарсантай холбоотой ургац алдсан учраас төмсний үрийн дутагдал үүссэн.
    Энэ жил улсын хэмжээнд 16.3 мянган га-д төмс тариална гэж төлөвлөж байгаа. Одоо байгаа нөөц бололцоогоо аваад үзэхээр 16000 га-д тариалж хүрэхээргүй тооцоо гараад байна. 10-аад мянган тонн үр дутагдахаар тооцоо гарсан. Бид ямар ч байсан эхний ээлжинд 5000 тонн үр импортлохоор ажиллаж байна. Үүнийг мөнгөн дүнгээр аваад үзэх юм бол 13-14 тэрбум төгрөг болохоор байгаа. Ийм их хэмжээний мөнгийг төсвөөс гаргах боломжгүй. Тиймээс төмсний үр импортлогч хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдтэйгээ хамтраад хамтарсан санхүүжилтээр шийдэхээр болсон.
    -Хамтарсан санхүүжилт гэдэг нь?
    -Эхлээд хувийн аж ахуйн нэгжүүд өөрсдийн мөнгөөрөө үрээ оруулаад ирье, тэрийг нь тодорхой хэмжээний урьдчилгаа төлбөртэйгээр ногоочдод олгоно. Тэгээд Хөдөө аж ахуйн корпораци намрын ургацаас нөхөн бүрдүүлэлт хийх асуудлыг хариуцах байдлаар хамтарсан санхүүжилтээр зохицуулахаар ажиллаж байна.
    Саяхан Хөдөө аж ахуйн корпорацийнхан ОХУ-д ажиллаж, хэд хэдэн үйлдвэрлэгчийн төмсний үр судлаад ирсэн. Гала сортын 1-р үеийн репродукцын үр оруулж ирэхээр гэрээ хэлцлээ хийгээд өмнөх долоо хоногт Төв аймгийн Жаргалант суманд очиж захиалгаа ярилцсан.
    Төмсний үрийг их хэмжээгээр оруулж ирж, нийлүүлэлт хийх гэж оролдоод байх зүйл биш. Яагаад гэвэл улаан буудайн үрийг импортлоход борлуулалт нь зогслоо гэхэд дараа жил хүртэл хадгалчихна. Гэтэл төмсний үр оруулж ирээд л борлохгүй тав хоног өнгөрөх юм бол соёололт явагдаад хаягдах асуудал гарна. Тиймээс энэ асуудалд маш тооцоо судалгаатай хандахгүй бол болохгүй. Тиймээс ХААК-ийн зүгээс Төв аймгийн Жаргалант сумын тариаланч иргэдтэй болон орон нутгийн удирдлагуудын түвшинд уулзаж ярилцаж захиалга авсан. Захиалгын үрийг тариаланчид зуун хувь төлөөд авах тал дээр санхүүгийн хувьд тааруу. Өнгөрсөн жил ургац алдсан учраас. Энэ нөхцөл байдлыг нь харгалзаад бид дээрх байдлаар урьдчилгаатай олгохоор зохион байгуулахаар ажиллаж байна. Эхний ээлжинд 3000 тоннын татан авалт хийхээр импортлогч аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулсан.
    -16000 га-д төмс тариалж чадах болов уу?
    -Ямар ч байсан төлвлөсөн хэмжээндээ тариалалт хийхээр шаргуу ажиллаж байна.
    -Шатахууны асуудлыг хэрхэн шийдвэрлэж байна вэ? ХХААХҮ-ийн сайдын хэвлэлд өгсөн мэдээллээр шатахууны үнийн асуудлыг шийдвэрлэхээр боллоо гэсэн байсан. Тэр нь юу гэсэн үг үү. Аж ахуйн нэгжүүд мөнгөө тушаагаад авч байгаа юу?
    - Нийт шатахуун импортлогч 23 аж ахуйн нэгжтэй Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд уулзалт зохион байгуулаад нийгмийн хариуцлагын хүрээнд Монголын 3,5 сая хүн амыг хоол хүнстэй байлгах зорилгоор хаврын тариалалтад 10 мянган тонн шатахууныг гуравдугаар сарын үнээр буюу литр тутмыг нь 3400 төгрөгийн үнээр олгох шийдвэр гарсан. Өнөөдрийн байдлаар /2026.04.10/ нефтийн бүтээгдэхүүний 17 аж ахуйн нэгжтэй 5200 тонн шатахууны гэрээ байгуулаад тариаланчдад олгоод байна. Түүнчлэн ийм боломжийн үнээр олдох юм бол ХХААХҮ-ийн сайдын төсвийн багцад зохицуулалт хийх замаар тодорхой хэмжээний нөөц бүрдүүлэхээр ажиллаж байна. Гэвч шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүд өнөөдрийн байдлаар 5200 тонныг нь өгөөд байгаа боловч цаана нь 4800 тонныг нийлүүлэх тал дээр хойрго хандаж байгаа тал бий. Бид Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамтай хамтраад дээрх аж ахуйн нэгжүүдтэй дахин хэлэлцээрт сууж асуудлыг ярьж байгаа.
    Шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүд төлбөрөө шууд авъя гэж байгаа төлбөрийг нь сайдын багцын хүрээнд шийдвэрлэсэн байгаа.
    -Дээрх зохицуулалтын хүрээнд шатахуун авах тариалангийн аж ахуйн нэгжүүд шууд мөнгөө барьж очоод авч байгаа юу?
    -Бид нэгдсэн зохион байгуулалттайгаар зохицуулалт хийж байна. Хөдөө аж ахуйн корпорацид бүх захилгыг нь нэгтгэж аваад тэндээ тариаланчдын мөнгийг тушаалгаад, шууд импортлогч аж ахуйн нэгжүүдийн дансанд мөнгийг нь хийх замаар шийдвэрлэсэн. Тэгэхгүйгээр хүн бүр очихоор үнэ өөрчлөгдөх, зарим нь их бага авах нөхцөлүүд гараад буй учраас бид тариалалтын га тутамд 10 литрээр, уриншийн боловсруулалтыг га-д 12 литрээр, төмс, хүнсний ногоонд 30 литрээр бодож олгож байгаа.
    Литр нь 3400 төгрөг гэдэг үнэ дөрөвдүгээр сарын 15 хүртэл хадгалагдах учраас энэ хугацаанд амжихгүй бол манай зүгээс тодорхой хэмжээний санхүүжилтийг шийдээд буцаагаад л бэлэн мөнгөөр худалдан борлуулж мөнгийг нь өгөх зохицуулалт хийж байгаа. Түүнээс биш, яам шатахууныг нь худалдаж авч байгаа зүйл байхгүй.


    Сургалт | Бүртгэл

    Манай сургалтанд бүртгүүлэхийг хүсвэл и-мэйл ээ үлдээнэ үү ...