“АТАР-4” ТАРИАЛАНГИЙН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН АЯНЫГ ИРЭХ САРЫН 1-НЭЭС ХЭРЭГЖҮҮЛНЭ
Тариалангийн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор “Атар-4” тариалангийн тогтвортой хөгжлийн аяныг энэ оны хоёрдугаар сарын 01-нээс эхлүүлэхээр болж, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа./Засгийн газрын 2025.01.29-ны хуралдааны шийдвэр/
Энэхүү аяны зорилго нь тариалангийн дэвшилтэт технологийг нэвтрүүлж, хөрс, уур амьсгалын онцлогт тохирсон шинэ болон ашигт таримлыг нутагшуулах, тэжээлийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх замаар газар тариалан, мал аж ахуйн төгс хослолыг бий болгож, төвийн бүсийг хөдөө аж ахуйн жишиг бүс болгон хөгжүүлэхэд чиглэж байна.
Уг аяныг хэрэгжүүлснээр хөдөө аж ахуйн салбарын боломжит нөөцийг бүрэн ашиглах, өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хүн амыг баталгаат хүнсээр, үйлдвэрлэлийг түүхий эдээр тогтвортой хангахад чиглэсэн бодит үр дүнд хүрч эдийн засагт тодорхой өсөлт бий болох юм.
“Атар-4” аяны хүрээнд хөрс хамгаалал, ургамал хамгаалал, үр сортын тогтолцооны шинэчлэл, тэжээл үйлдвэрлэл, кластер хоршоо, хадгалалт борлуулалт, тээвэр, ложистик, инноваци, техник технологи, зөвлөх үйлчилгээ, хүний нөөц, эрсдлийн менежмент, гадаад худалдаа зэрэг тэргүүлэх чиглэлүүдээр багцлан тариалангийн салбарын хөгжлийг цогцоор нь шинэ шатанд гаргах юм. Үүнд:
- Хөрс хамгааллын чиглэлээр тариалангийн талбайн ашиглалтыг сайжруулан талбайн хэмжээг 200 мянган га-аар нэмэгдүүлэх, хөрсийг элэгдэл эвдрэлээс хамгаалах, хөрсний үржил шимийг сайжруулна.
- Төвийн бүс нутагт эрчимжсэн мал аж ахуйг тэжээл үйлдвэрлэлтэй хослуулан хөгжүүлж, таримлын сэлгээнд буурцагт ургамлууд болон хүнс, тэжээл, тосны ашигт таримлыг оруулж, тэжээлийн таримлын дотоодын борлуулалтыг дэмжинэ.
- Тариалангийн орчин үеийн дэвшилтэт техник, технологийн шинэчлэлийг дэмжиж, тариалангийн үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлнэ.
- Төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд хөдөө аж ахуйн зөвлөх үйлчилгээг нээлттэй, хүртээмжтэй болгон малчид, тариаланчдад мэргэжлийн мэдлэг, ур чадварыг орон зай, цаг хугацаа үл харгалзан, тасралтгүй хүлээн авах боломжийг олгох, газар тариалангийн бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн хадгалалт, нийлүүлэлт, борлуулалт, ложистикийн сүлжээг боловсронгуй болгоно.
Ингэснээр нэгжээс авах ургацын хэмжээ нэмэгдэн үр тариа, төмс, гол нэрийн хүнсний ногооны хэрэгцээг 100 хувь, таримал тэжээлийн 50 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангах нөхцөл боломж бүрдэнэ гэж үзэж байна.
Эх сурвалж: ХХААХҮЯ