• Агробизнес

    АДУУНЫ НИЙЛҮҮЛГИЙН ӨВЧНИЙГ ЭРТ ОНОШЛОХ, ХЯНАХ ТОГТОЛЦООГ БҮРДҮҮЛЭХ ТӨСӨЛ ХЭРЭГЖИНЭ

    Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (Жайка-JICA) болон Япон улсын Шинжлэх ухаан, технологийн агентлаг (JST) байгууллагаас санхүүжилттэй “Адууны нийлүүлгийн өвчнийг хянах, эрүүлжүүлэх тогтолцоог бий болгох судалгаа” Олон улсын Шинжлэх ухаан, Технологийн хамтын ажиллагааны (SATREPS) төслийг Монгол улсын Мал эмнэлгийн хүрээлэн, Япон улсын Обихирогийн Хөдөө аж ахуй, мал эмнэлгийн их сургуулийн Эгэл биетэн судлалын үндэсний төвтэй хамтран 2025 оноос хэрэгжүүлэх хэлэлцээрт гарын үсэг зурах ёслол/2024.09.27/ Эдийн засаг, хөгжлийн яаманд боллоо.

    Энэхүү арга хэмжээнд Монгол улсын Эдийн засаг хөгжлийн яамны Шинжлэх ухаан, технологийн нэгдсэн бодлогын газрын дарга Д.Баттогтох, Мал эмнэлгийн ерөнхий газрын Мал, амьтны эрүүл мэндийн газрын дарга Б.Болдбаатар, Японы Жайка олон улсын байгууллагын ахлах шинжээч Кирино Юми, мэргэжилтэн Терасава Акико, хөндлөнгийн шинжээч Хигашино Хидаки, Обихиро их сургуулийн Эгэл биетэн судлалын үндэсний төвийн захирал, профессор Инуэ Нобору, Мал эмнэлгийн хүрээлэнгийн захирал, доктор, профессор Б.Батцэцэг, Монгол дахь Жайка олон улсын байгууллагын мэргэжилтэн П.Алтансүх нар болон төсөл гүйцэтгэгч багийн төлөөлөл оролцлоо.

     

    Адууны нийлүүлгийн өвчин нь адууны үржлийн явцад адуунаас адуунд эгэл биетнээр дамждаг халдварт өвчин бөгөөд одоогоор үр дүнтэй вакцин, эмчилгээ дэлхий нийтэд байхгүй тул өвчилсөн адууг илрүүлэн заазлах журамтай байдаг. Гэсэн хэдий ч Монгол Улсад хилийн боомтын болон фермийн аж ахуйн хорио цээрийн эрсдэлийн үнэлгээ хийхэд шаардлагатай суурь мэдээлэл дутмаг, эдийн засгийн үнэлгээ өндөртэй халдвартай адууг (хөрш орнуудаас зам тээврээр уралдааны адууг импортлодог) устгалд оруулах талаар ойлголт дутмаг байдаг зэрэг хүчин зүйлсийн улмаас хяналт хязгаарлалт хүндрэлтэй байсаар байна.

     

    2025-2030 онд хэрэгжих энэхүү төслийн хүрээнд монгол орны адуун сүрэгт тохиолддог адууны нийлүүлгийн өвчнийг эрт оношлох, хянах тогтолцоог буй болгохын зэрэгцээ эрүүл ахуйн шаардлага хангасан үржлийн орчин үеийн арга технологийг туршин сорих, уг өвчний үүсгэгч халдварлах явцыг нарийвчлан судалж шинжлэх ухаанд шинэ мэдлэг, үр дүнг гаргах, орон нутгийн малын эмч нар, судлаачдыг шинэ арга техникт сурган дадлагажуулах ажлыг Япон, Монголын хамтарсан судалгааны баг хийж гүйцэтгэхээр төлөвлөжээ.




    Top of Form

    Сургалт | Бүртгэл

    Манай сургалтанд бүртгүүлэхийг хүсвэл и-мэйл ээ үлдээнэ үү ...