• Агробизнес

    ХААИС-ИЙН ТӨСЛИЙН НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

    БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламж, КОЙКА байгууллагын дэмжлэгтэйгээр, ХААИС-ийн Мал аж ахуй биотехнологийн сургууль болон БНСУ-ын Хангёны үндэсний их сургуулийн хамтарсан "Монгол улсын ХААИС-ийн сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн уялдаа холбоог сайжруулах, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх" төслийн нээлттэй хэлэлцүүлэг (2023-02-08) боллоо.
    Хэлэлцүүлэгт КОЙКА-ийн Монгол дахь Суурин төлөөлөгчийн орлогч Пэг Мин Жү, БШУЯ-ны Дээд болон мэргэжлийн боловсролын бодлогын удирдлага, зохицуулалтын газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого төлөвлөлтийн газар, “ТЭСО” корпорац, "Траст трейд" ХХК, Мал зүйч, үржүүлэгчдийн холбоо, Монголын хүнсчдийн холбоо, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэн, судлаач, мэргэжилтнүүд болон ХААИС-ийн захирал О.Баатарцогт, Хангён үндэсний их сургуулийн профессор, төслийн менежер Нам Ин Шиг тэргүүтэй профессорууд болон ХААИС-ийн багш, судлаачдын төлөөлөл оролцлоо. 
    ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн сургалт, судалгаа, үйлдвэрлэл хосолсон урт, богино хугацааны хөгжлийн төлөвлөгөөг боловсруулж, Мал аж ахуйн технологийн төв байгуулах, гарааны бизнесийн экосистемийг бэхжүүлэх, салбарын чадварлаг мэргэжилтнүүдийг бэлтгэх, судалгааны чадавхыг бэхжүүлэх зорилгын хүрээнд олон нийтийн хэлэлцүүлэг хийж санал солилцов.  
    Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн, эдийн засгийн өсөлтөд томоохон байр суурь эзэлсээр ирсэн ХАА-н салбар тэр дундаа мал аж ахуйн эрхэлдэг өрхийн тоо 2017 онд 169 743 байсан бол 2021 онд 188 650 болж нэмэгдсэн ч тус салбарын бүтээмж 2017 оноос  2,5-аас 2021 онд -11,051 болтлоо буурсан үзүүлэлттэй байна. Мөн газар тариалан, мал аж ахуйн чиглэлээр боловсрол эзэмшсэн мэргэжилтний тоо 2012 онд 6130 байсан бол 2022 онд 2229 болж, үүнийг даган багшлах боловсон хүчний тоо ч буурсаар байгааг нээлттэй хэлэлцүүлгийн үеэр танилцууллаа. Тиймээс Монголын мал аж ахуйн салбарын үйлдвэрлэлийн бүтээмж, үр ашгийн нэмэгдүүлэх зорилготой тус төслийн хүрээнд мал аж ахуйн технологийн төв байгуулах, гарааны бизнесийн экосистемийг бэхжүүлэх, салбарын чадварлаг мэргэжилтнүүдийг бэлтгэх, судалгааны чадавхыг бэхжүүлэх зэрэг олон ажил хийгдэхээр төлөвлөгдсөн юм. 
    Төлөвлөсөн ажлын хүрээнд, ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн мэргэшүүлэх төлөвлөгөөг боловсруулах, сургалтын хөтөлбөрийг сайжруулах, МАА-н технологийг дэмжих төвийн дунд болон урт хугацааны хөгжлийн төлөвлөгөөг боловсруулах зэрэг ажлыг БНСУ-ын Хангёны их сургууль, Монгол Улсын ХААИС-ийн багш, судлаачдаас бүрдсэн төслийн багийн хамт олон хийж гүйцэтгээд байна. 
    Төслийн нийт санхүүжилтийн хэмжээ таван сая ам.доллар бөгөөд 2022-2026 оны хооронд хэрэгжих юм.

    Сургалт | Бүртгэл

    Манай сургалтанд бүртгүүлэхийг хүсвэл и-мэйл ээ үлдээнэ үү ...