Манай 13 үйлдвэр Хятадад гурил экспортлох зөвшөөрөл авчээ
БНХАУ-ын Гаалийн ерөнхий газраас Монголын 13 гурилын үйлдвэрт экспортын зөвшөөрөл өнгөрсөн 2021 оны арванхоёрдугаар сарын 24-нд олгожээ.
ХХААХҮЯ-ны зүгээс өнгөрсөн жил гурил экспортлох тооцоо судалгааг хийж, БНХАУ-ын талтай нэг бус удаагийн уулзалт амжилттай хийсний үр дүнд Монгол Улс хэрэгцээнээсээ илүү гарсан улаан буудайг урд хөршдөө ийнхүү экспортлох боломж бүрдэж байгаа аж.
Монгол Улсад жилд дунджаар 940 гаруй мянган тонн буудай тээрэмдэх хүчин чадал бүхий 50 гаруй гурил үйлдвэрлэгч үйл ажиллагаа явуулдаг байна. Үүнээс 13 үйлдвэр урд хөршийн экспортын хорио цээр, эрсдэлийн үнэлгээ, хяналт шалгалтын шаардлагыг хангаж, гурил экспортлох эрхтэй болж буй юм.
Ингэснээр хоёр улсын гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, аж ахуйн нэгжүүд экспортлогч болж зах зээлээ тэлэх, орлогоо нэмэгдүүлэх, газар тариалангийн үйлдвэрлэл тогтвортой хөгжих зэрэг эдийн засагт олон эерэг нөлөө үзүүлнэ гэж ХХААХҮЯ үзэж байгаа аж.
Манай "Шинэ өсөлт" сэтгүүлийн зүгээс энэхүү албан мэдээний дагуу экспортын эрхтэй 13 үйлдвэрт ямар ямар үйлдвэрүүд багтаж байгаа болон манай улсад гурилын экспортын нөөц боломж хэр байгаа, экспортыг хэрхэн тооцож төлөвлөсөн талаар холбогдох эх сурвалжуудаас нэмэлт мэдээлэл бэлтгэж, эргэн мэдээлэх болно.
Эх сурвалж: ХХААХҮЯ