“Монгол хүнс-Монгол бараа 2022” үзэсгэлэнгийн эргэн тойронд
А.Ариунжаргал
Хүнс, хөдөө аж ахуй,
хөнгөн үйлдвэрийн яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран “Монгол хүнс-Монгол бараа 2022” арга хэмжээг энэ оны нэгдүгээр сарын
20-30-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд
зохион байгуулж байна.
Үзэсгэлэнд жижиг,
дунд үйлдвэрлэл
эрхлэгчид, малчдаа дэмжих, дотоодод үйлдвэрлэсэн хүнс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний
борлуулалтыг нэмэгдүүлэх, мал, амьтны гоц халдварт өвчингүй, тайван бүсээс
малын гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг “Цагаан сар”-ын баярт зориулж худалдаалж буй юм.
Үзэсгэлэнд сүү, цагаан идээ, ууц, хэвийн боов, мах, махан бүтээгдэхүүн,
гурил болон ноос, ноолуур, арьс ширэн, бэлэг дурсгалын бүтээгдэхүүнийг
үйлдвэрийн үнээр, өргөн сонголттойгоор 18 аймгийн 80 гаруй иргэн, 60 гаруй аж ахуйн
нэгж оролцож байна.
Үзэсгэлэнг цар тахлын үеийн халдвар, хамгааллын дэглэмд
нийцүүлэн задгай талбайд зохион байгуулж байгаагаараа онцлогтой. Арван өдрийн турш түрээсийн төлбөргүй худалдаа эрхлэх боломжийг
олгожээ.
Ингээд уншигч та бүхэнд Төв цэнгэлдэх
хүрээлэнд
гарч буй дээрх үзэсгэлэн худалдаанаас хийсэн сурвалжлагыг хүргэе.
Хамгийн түрүүнд Хөвсгөл аймгийн Хатгал тосгоноос оролцож
буй жижиг дунд, үйлдвэрлэл эрхлэгч Ц.Хашчулууны лангуугаар зочлов. Тэрбээр
үзэсгэлэн худалдаанд жил болгон оролцдог гэдгээ хэллээ. Түүний дэлгэсэн бэлэг
дурсгалын бүтээгдэхүүнүүд содон сонирхолтой. Тухайлбал, байгалийн жамаараа
гээгдсэн бугын эврээр хийсэн үзэг балны сав, домбо, хутга, 12 жилийг билгэдсэн түлхүүрний
оосруудыг эгнүүлжээ. Мөн хар модны ураар байгалийнх нь хэлбэрээр хийсэн таваг
тун чамин. Бүтэн сийлбэр орсон буюу гар ажиллагаа ихтэй учраас 500 мянган
төгрөгийн үнэтэй байв. Мөн хоёр настай хүүхдэд таарах цаатан дээлнүүд, настай
хүмүүст зориулсан хамбан материалтай цамц, хантаазнууд тус бүр 85 мянган
төгрөгийн үнэтэй аж.
Жижиг дунд, үйлдвэрлэл эрхлэгч Ц.Хашчулуун “ЖДҮ эрхлэгч
нар иймэрхүү төрийн байгууллагын зүгээс зохион байгуулж байгаа томоохон
үзэсгэлэнгүүдэд тэр бүр оролцох боломжгүй
байдаг. Хувийн байгууллагын зохион байгуулдаг үзэсгэлэнгүүдийн лангууны түрээс
нь хэт өндөр байдаг. Тиймээс энэ үзэсгэлэн цаг үеэ олж, хот хөдөөгийн олон
жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжиж байгаад баяртай байна”
хэмээв.
Дараагийн лангуу
нь байнгын асаргаа шаардлагатай хүүхдүүдийн эцэг эхчүүдийн хамтарсан оёдлын цехийн
дээлнүүд байлаа. Тус ТББ-ынхан бүтээгдэхүүнээ зах зээлд “Тугал Fashion” нэртэйгээр гаргажээ. Тэд олсон орлогоо
байнгын асаргаа шаардлагатай хүүхдүүдийн эмчилгээнд зарцуулдаг. Бүтээгдэхүүний
үнэ нь 50 мянган төгрөгнөөс эхэлж байлаа.
Булган эмжүүртэй хүрэм 250 мянга, эрэгтэй, эмэгтэй дээл
160-180 мянган төгрөгөөр худалдаалж байв.
Үзэсгэлэн худалдааг сонирхогч тийм ч их биш байсан. Мөн түүнчлэн цагаан идээ зэрэг хүнсний бүтээгдэхүүнээс гадна бэлэг дурсгалын зүйл, дээл хувцас нэлээд байсан.
ЦАГААН
ИДЭЭНИЙ БОРЛУУЛАЛТ САЙН БАЙНА
Булган аймгаас
айраг, чацарганатай ирж оролцож буй төлөөлөгч Х.Азжаргал хэлэхдээ “Айрагны
борлуулалт харьцангуй сайн байна. Би иймэрхүү үзэсгэлэнд жил бүр оролцдог” гэв.
Харин түүний айраг нэг литр нь 7000 төгрөгний үнэтэй.
Мөн Хэнтий аймгийн Дадал сумаас ирсэн байнга үзэсгэлэнд оролцдог
ЖДҮ эрхлэгч Т.Цэдэнлхам “ Энэ жил хүн цөөтэй, борлуулалт харьцангуй муу байна.
Энэ нь ковидын нөхцөл байдалтай ч холбоотой байх ” хэмээн сонирхуулав. Цэдэнлхамын
худалдаалж буй ааруул нэг кг 23-25 мянга, шар тос 30 мянга, өрөм 20-25 мянга,
чацаргана, үхрийн нүд тус бүр 16 мянган төгрөгний үнэтэй байлаа.
Орхон аймгаас хэвийн боов борлуулахаар ирсэн В.Мягмаржав
“Манай бүтээгдэхүүнийг нэг их сонирхохгүй л байна. Орон нутгийн гэхээрээ чанаргүй
гэсэн ойлголттой байхвий. Тийм биш шүү. Бид харин ч орон нутгаас ирж байгаа
учраас аль болох чанартай хэвийн боов нийслэлчүүдэд хүргэхийг зорьсон.
Бүтээгдэхүүний үнийн хувьд ч хотынхоос арай хямд байгаа” гэдгийг онцолж байлаа.
Арван хоногийн хугацаатай уг үзэсгэлэн өндөрлөхөд гурван
хоног дутуу байна.