С.БАТБААТАР САЙД COP 17-Г ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН АЛБАНЫХАНТАЙ УУЛЗЛАА
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, COP17 бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны дарга Б.Батбаатар, БОУАӨЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, яамны холбогдох газрын дарга нар өнөөдөр НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны Ажлын албаныхантай уулзлаа.
Уулзалтын үеэр COP17 бага хурлыг зохион байгуулах Ажлын албаны дарга Д.Батмөнх ажлын албаны бүрэлдэхүүнээ танилцуулж, түүний зүгээс ажил авсан өнгөрсөн зургаадугаар сараас хойш хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан болон энэ сард болон ирэх сард хийхээр төлөвлөсөн ажлаа танилцууллаа.
Үндэсний хорооны Ажлын алба нь COP17 бага хурлын бэлтгэл ажлын хангах чиглэлээр 12 дэд хороотой ажиллах юм.


Төгсгөлд нь Үндэсний хорооны дарга Б.Батбаатар сайдын зүгээс “Ажлын албаны даргын танилцуулсан ажлууд эхлэх, хэрэгжих, дуусах хугацаа нь маш тодорхой байх хэрэгтэй. Яамны зүгээс тусгайлан Ажлын хэсэг гаргаж хяналт тавьж ажиллана. Гаднаас хөндлөнгийн аудит ч авах хувилбар ч байж болно. Цаашид Монгол Улсад НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах талаарх мэдээллийг олон нийтэд хүргэхэд анхаарч ажиллах хэрэгтэй. Олон улсад Монгол Улсын нэр гарах учраас хариуцлагатай ажиллах шаардлагатай гэв.
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал болоход 279 хоног үлдээд байна.
