• Эдийн засаг

    Цар тахлын үед 178,577 сурагч цахим хичээлд хамрагдаж чадаагүй

     НҮБ болон Монгол Улсын Засгийн газар одоогоос эхлээд 2030 он хүртэлх хугацаанд боловсролыг хувирган өөрчлөх шинэ буюу шинэчилсэн үндэсний түвшний алс хэтийн зорилтыг тодорхойлоход тус дөхөм үзүүлэх зорилгоор оролцоог хангасан “Хувьсаж буй боловсрол” хэмээх үндэсний хэмжээний хэлэлцүүлгийг өрнүүллээ. 

     Энэ хэлэлцүүлгийг БШУЯ, түүний харьяа Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн энэ сарын 22-нд зохион байгуулсан бөгөөд хэлэлцүүлэгт ирээдүйн боловсролыг дахин төлөвлөх, тогтвортой хөгжлийн зорилго 4-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, сурлагын хоцрогдолыг арилгах бодлого чиглэл, арга замыг талуудын оролцоотой тодорхойлох зорилготой аж.

     Хэлэлцүүлэгт залуучуудын төөлөөлөл, хэвлэл мэдээллийн байгууллагууд, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид, иргэний нийгмийн байгууллагууд оролцлоо.

      Цар тахлын үед хичээл, сургалтын үйл ажиллагааг зайнаас зохион байгуулж теле болон их, дээд сургуулийн онлайн хичээлийн тасралтгүй үзэх боломж бүрдсэн. Гэвч энэхүү дижитал шилжилт суралцагч бүрд харилцан адилгүй байв. Тэдний онцлог хэрэгцээнээс хамаарсан хичээл, сургалтууд явагдах боломж хязгаарлагдмал байсан нь хичээл сурлагын хоцрогдол үүсгэж, суралцагчдын нийгэмшихүйн чадвар, суралцахуйн чанарт сөрөг нөлөө үзүүлсэн нь Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн судалгаагаар гарчээ. 


    Дижитал хувьсгалд орж чадаагүй сурагчид ихэвчлэн газар зүйн байршил, дэд бүтэцгүй орчинд амьдарч байгаа болон санхүүгийн боломж, цахим ур чадвар, хүйс, тусгай хэрэгцээт гэх шалтгаанаар цахим сургалтад хамрагдах боломжгүй байгаа аж.

    Улсын дунджаар теле хичээл үзэлтийн хувь 81 байв

    Теле хичээлийн үзэлтийн хувь харьцангуй өндөр гарсан ч нийт ЕБС-ийн суралцагчдын 4-6 хувь нь теле хичээл үзэх боломжгүй гэсэн судалгааг Боловсролын хүрээлэнгээс гаргажээ. 

     Тухайлбал, аймаг сумдын төвөөс алслагдсан амьдардаг малчдын хүүхдүүд, өвөлжилт, хаваржилт хүндэрснээс болж харин суурин газруудад интернэт, кабелийн төлөх боломжгүй, орлогын түвшин доогуур өрхийн болон үндэсний цөөнхийн хүүхдүүд өртөх нь элбэг аж.


     Мөн гэр бүлийн орчин нөхцөлд, 2 ба түүнээс дээш хүүхэдтэй өрхөд теле хичээлийн цагийн давхцал, тусгай хэрэгцээт хүүхдийн онцлогоос хамаарч хичээлийг бүрэн үзэж чадахгүй байх зэрэг бэрхшээл гарсан байна.

     Хэлэлцүүлгээс шийдвэрлэх арга замыг гаргав

    Цар тахлын дараах сургуулиудыг аюулгүй, нээлттэй байлгах, сурлагын хоцрогдлыг арилгахад дижитал технологийг ашиглах, тэгш байдлыг хангах, бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх шаардлагатай аж. Мөн уламжлалт танхимын сургалтыг өргөжүүлэх, чанартай цахим болон холимог сургалтын хүртээмжийг нэмэгдүүлэх хэрэгцээтэйг хэлэлцүүлэгт дурдлаа.

     Танхимын сургалтын үйл ажиллагааг сэргээх, хоцрогдлыг арилгах дижитал технологийг ашиглахад дараах өөрчлөлтүүд нэн шаардлагатай. 


    Түүнчлэн сургалтын агуулга, нөөцийн уян хатан байдал нь ялгаатай бүлгийн суралцагчдад нийцүүлж, сурах бичгийг суралцагчдын ялгаатай хэрэгцээг хангасан байхаар боловсруулах, технологид суурилсан сургалтад бүрэн оролцуулахын тулд дэд бүтцийг бэхжүүлэх ,төхөөрөмжөөр хангах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Улмаар цахим хэрэгслээр дамжуулан тэгш боломжоор хангуулж чадахгүй байгаа суралцагчдад зориулсан хамгийн хүртээмжтэй хувилбарыг хөгжүүлэх нь зөв гэж үзжээ.

     

    Эх сурвалж: Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн 

    Сургалт | Бүртгэл

    Манай сургалтанд бүртгүүлэхийг хүсвэл и-мэйл ээ үлдээнэ үү ...