• Кластер

    Хөдөө аж ахуйн зориулалттай дроны борлуулалт нэмэгдэж байна

    Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд зориулсан дроны борлуулалт сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж байгаа бөгөөд энэ хандлага ойрын хэдэн жилдээ хадгалагдана хэмээн дрон үйлдвэрлэлийн тэргүүлэх DJI компанийн тайланд онцолжээ. Энэхүү тайланг dronedj.com сайтад нийтэлсэн байна.

    Тайлангаас харахад DJI компанийн борлуулалт 2019 оноос эрчимтэй өссөн байна. 2019 оноос тус компани жил бүр хоёр шинэ дрон үйлдвэрлэн гаргаж байна. Эдгээр нь заагдсан цэгт оновчтой газардах Agras T40 болон T20P загварын дронууд юм.

    Өнгөрсөн 2021 оны байдлаар DJI компанийн үйлдвэрлэсэн дроноор 66,7 сая гектар газарт хөдөө аж ахуй, газар тариалангийн ажил гүйцэтгэсэн хэмээн тайланд дурджээ. Саяхан тус компани гар утасны SmartFarm аппликэйшнийхээ ажлын хэлийг япон, тайланд хэлээр баяжуулсан нь тус компанийн бүтээгдэхүүнийг дэлхийн олон улс оронд ашиглаж байгаатай холбоотой юм. АНУ болон Европын холбооны улсуудад дрон ашиглах журам, заавар хатуу, чанд хэвээр байгаа ч үйлдвэрлэлийн зарим салбар, тухайлбал, хөдөө аж ахуй, газар тариаланд дрон ашиглах нь улам нэмэгдэж байгаа юм. “Хортон шавьж устгах, бордоо, пестицид цацах зэрэг ажилд дрон ашиглах нь уламжлалт аргаасаа хамаагүй давуу талтай байгаа учраас дрон ашиглахтай холбоотой журам, нөхцөлүүд цаашдаа зөөлөрнө гэдэгт найдаж байна” хэмээн тайланд онцолсон байна.

    Дроны давуу талууд:

    1.Байгаль орчинд ээлтэй

    -Дрон ашиглан пестицид цацах үед зөвхөн тодорхойлсон цэгт л бодисоо цацах учраас бусад шаардлагагүй талбай руу цацагдахгүй. Одоо өргөн хэрэглэдэг нисдэг тэрэг, бага оврын онгоцоор пестицид цацахад хэт өндрөөс, мөн хурдтай нисч цацдаг учраас бодис өргөн талбайд цацагддаг.

    -Дрон нь литийн батарейгаар ажилладаг учраас хөдөө аж ахуйд ашиглаж байгаа уламжлалт техникүүдтэй харьцуулахад экологид ээлтэй. Тухайлбал, трактор зэрэг техник нь дизель түлшээр ажиллаж, агаарт утаа хаяж байдаг. Мөн нисдэг тэрэг, онгоц, техник нь ажиллаж байх үедээ их 110 децибилл хүртэл чимээ гаргадаг. 70-аас дээш децибилл чимээ нь хүний сонсголд муу гэж үздэг. Хүмүүсийн харилцан ярианы чимээ нь 46-60 децибилл байдаг.

    2.Газрын байршлал хамаарахгүй бодис цацах боломжтой

    Тэгш биш өндөрлөгтэй талбайд бодисыг цацахын тулд нисгэгчээс маш их ур чадвар шаарддаг, өндөрлөг газар өндрөө авч дээш хөөрдөг бол нам газарт өндрөө буулгаж доошлох хэрэгтэй болдог. Тэгш газар байлаа ч бодисыг цацахын тулд аль болох нам өндөрт барих шаардлагатай болдог. Эдгээр нөхцөл байдал нь нисгэгчдэд аюултай байж, осол гарах магадлалыг нэмэгдүүлж байдаг.

    3.Усанд хэмнэлттэй

    Дрон ашигласнаар нэг гектар талбайгаас 44 литр ус хэмнэх боломжтой.

    4.Бордоо, пестицидыг бага, хэмнэлттэйгээр ашиглах боломжтой

    Дрон ашигласан үед уламжлалт аргаар бордоо болон пестицид цацсанаас 10%-ийн бага хэмжээтэйг хэрэглэнэ.

    5.Техникийн зардлыг эрс бууруулна

    Нисдэг тэрэг, онгоцны зардлыг хэмнэнэ. Дэлхийн хөдөө аж ахуйд хамгийн их ашиглагдаж байгаа 10 метрийн өндрөөс цацах төхөөрөмжтэй Single Squirrel AS35 нисдэг тэргийн зах зээлийн ханш 3,6 сая евро. Харин хөдөө аж ахуйн зориулалттай дроны дундаж ханш 25 мянган евро. Мөн урсгал засварын зардал ч уламжлалт техниктэй харьцуулахад хямд юм. 

    Бэлтгэсэн А.ЧАНДМАНЬ

    Эх сурвалж. https://www.agroxxi.ru/selhoztehnika/stati/chem-objasnit-mirovoi-bum-na-agrodrony.html



    Сургалт | Бүртгэл

    Манай сургалтанд бүртгүүлэхийг хүсвэл и-мэйл ээ үлдээнэ үү ...