Цар тахлын дараа өндийхөөр тэмцэж буй мөөгний кластер
А.Ариунжаргал
Таримал мөөгний үйлдвэрлэлийн тухай сонирхолтой материалаа Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан уншигчдадаа хүргэж байна.
МӨӨГ ТАРИАЛАГЧИД БАГАЖ, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖӨӨ ДОТООДДОО ХИЙЖ БАЙНА
Цар тахлын үеийн Монголын хатуу хөл хорио болон урд хил хаалттай байсан нь жижиг дунд гэлтгүй олон бизнес эрхлэгчдийг сөхрөхөд хүргэж хатуу сургамж өгсөн.
Ялангуяа хөл дээрээ босохын тулд хичээж байгаа жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч, аж ахуй нэгжид цар тахлын хоёр жил амаргүй даваа байв. Харин үүнийг шинэ сорилт гэж хүлээн авч, эрсдэл бүртээ нүүр тулж буй хүн бол “Мөөжиг органик" компанийн захирал С.Мөнхжаргал юм. Тус компани нь цар тахлын хүнд үед дотооддоо хүнсний таримал мөөг үйлдвэрлэх тоног төхөөрөмжөө өөрсдөө угсарч эхэлжээ. Гол нь зардлаа бууруулахын тулд ийм шийдвэр гаргасан байна. Тэд физик аргаар ариутгах зориулалттай гурван ч төхөөрөмж үйлдвэрлэжээ. Одоо савлах төхөөрөмж угсрахаар туршиж байна. Харин үйлдвэрлэхэд боломжгүй байгаа ганц төхөөрөмж бол мананжуулагч. Үүнийг импортоор авахаас өөр аргагүй байгаа аж.
С.Мөнхжаргал нь мөөгний кластерийг эх орондоо хөгжүүлэхийг эрхэм зорилгоо болгож яваа нэгэн дайчин бүсгүй. Тэрбээр 2017 онд “Шарк танк” нэвтрүүлгийн анхны дугаарт оролцож, өөрийн хүсэл зорилго, бизнесээ зөв тодорхойлж, ойлгуулснаар 110 сая төгрөгийн хөрөнгө оруулалт татаж, компаниа байгуулжээ.
УЛААНБААТАР, ЧОЙР, ДАРХАН-УУЛД МӨӨГ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН ХОРШОО БАЙГУУЛНА
Мөн тэрбээр “Монголын таримал мөөгний нэмүү өртгийн сүлжээ” ТББ-ын гүйцэтгэх захирлаар ажилладаг. Мөөг үйлдвэрлэгчид өөрсдийн нэмүү өртгийн сүлжээг үүсгэж ажиллах шаардлага бийг С.Мөнхжаргал онцлон өгүүлж байлаа. Энэ зорилгоор "Мөөжиг органик" болон бусад оролцогч талуудын дэмжлэгийг авч, мөөгний кластерийг бий болгох санал гаргав. Ингээд мөөг үйлдвэрлэгчид нийлж 2020 онд дээрх ТББ-ыг байгуулжээ. Тус ТББ-ын Удирдах зөвлөл нь есөн гишүүн, гүйцэтгэх удирдлага зургаан хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Энэ 2022 онд Улаанбаатар хот, Чойр, Дархан хотод мөөг үйлдвэрлэгчдийн хоршоо байгуулахаар төлөвлөжээ. Таван жилийн турш үргэлжлэх төсөл нь Улаанбаатар хотод нэлээд урагштай яваа аж. Мөөг үйлдвэрлэгчдийг бойжуулж, хоршоод болгож хөгжүүлэх нь тэдний эрхэм зорилго юм. Тэд зорилгынхоо төлөө ханцуй шамлан оржээ.
Кластерийн хөгжилд гадаад хамтын ажиллагаа чухал учраас БНСУ, ОХУ зэрэг орны мөөгний компанитай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан байна. Энэ хамтын ажиллагааны хүрээнд Монголын мөөг үйлдвэрлэгчид туршлага судалж, мэргэжилтэн бэлтгэх боломж ч бий болохоор байгаа юм.
МОНГОЛ ХҮНИЙ МӨӨГНИЙ ЖИЛИЙН ХЭРЭГЛЭЭ 180-ХАН ГРАММ БОЛ ЯПОНД 12.8 КГ
Хүнсний таримал мөөг нь байгалийн мөөгнөөс тэс өөр. Өдөр тутмын хоол хүнсэндээ заавал хэрэглэх шаардлагатай бүтээгдэхүүний тоонд ордог. НҮБ-аас хүн амын хүнс тэжээлийн судалгаагаар уураг өндөртэй хүнсний нэг хүнд ногдох хэрэглээг 10 кг байхыг зөвлөдөг. Гэтэл монгол хүний мөөгний жилийн хэрэглээ гэхэд л 180-хан грамм гээд бод доо. Тэгвэл дэлхийн нэг хүний мөөгний дундаж хэрэглээ 1.7 кг байхад Япон улс 12.8 кг байх жишээтэй.
Хүнсний таримал мөөг уураг ихээр агуулдаг учраас хүний биед нэн тустай. Түүнчлэн В-гийн төрлийн амин дэм, магни, Д витамин, омегаг өндрөөр агуулдаг байна. Мөн “Мөөжиг органик”-ийн сүрлэн дээр ургуулсан мөөгөнд хүний эрүүл мэндэд тустай 49 төрлийн элемент байгааг Шинжлэх ухааны академийн Хүнсний химийн лабораториор тодорхойлсон байна. Тус академи нь монголчуудын хэрэглэж буй хоол хүнсэн дэх шим тэжээлийн судалгааг ч хийжээ. Тус судалгаагаар дутагдалтай гарсан бүх элемент мөөгөнд байгааг тогтоосон.
Мөн мөөг нь хүний бие организмын бактери, вирусийг устгадаг. Тиймээс ядарч сульдсан, уургийн хэрэгцээ өндөр шаардлагатай хүмүүс заавал хэрэглэх хүнс юм. Тус компани нь хаан хясаан, хясаан мөөг гэсэн хоёр төрлийг ургуулдаг. “Мөөжиг органик” компани нь ковидтой холбоотой хүнсний таримал мөөгний үйлдвэрлэлээ түр зогсоосон ч одоо буцаагаад үйл ажиллагаагаа сэргээн ажиллаж байна. Энэ оны зургаадугаар сараас “Шитаке” буюу бор мөөгний үйлдвэрлэлийг оруулснаар гурван төрлийн мөөгийг үйлдвэрлэх боломжтой болжээ.
Хүнсний мөөгний тариалалт тун сонирхолтой. Мөөгийг газар тариалангийн хаягдал буюу сүрэл, иш, навч, будааны хальс, ойгоос гарч буй хог хаягдлууд болон хус, шинэс модны үртэс, нарс модны самрын борогцойн дээр тариалах боломжтой. Үүнээс гадна хоол хүнсний хог хаягдал дээр ч ургуулж болдог нь яалт ч үгүй ногоон бизнес юм.
Таримал мөөг дотроо хоёр янз. Хоол хүнсний, эмийн буюу эмчилгээний гэсэн төрөлтэй. Үйлдвэрлэлийн процесс нь төстэй харин үнийн хувьд хүнсний таримал мөөг нэг кг нь таван ам.доллар бол эмийн таримал мөөг нэг кг 500 ам.доллар байдаг аж.
Мөөгний хорхойтон С.Мөнхжаргал нь хийж буй бизнестээ “дурлан” ХААИС-д магистрантад сурч, эмчилгээний мөөгийг Монголд тариалах талаар судалгаа хийж байна.
Монголд хүнсний таримал мөөгийг 2017 оноос идэвхтэй тариалж эхэлж байгаа бол уг таримал мөөг нь олон улсад сүүлийн дөчөөд жил эрчимтэй хөгжиж иржээ. Манай оронд энэ салбар хөгжих боломж маш их байгааг Мөнхжаргал дахин дахин онцолж байлаа.
Ковидын сургамж бидэнд дотоодын үйлдвэрлэлээ дэмжиж, хөгжүүлэх хэрэгтэйг ахин дахин сануулсаар байна.