“ЦАГААН АЛТ–2025” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЛОО
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хэрэгжиж буй “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Цагаан алт–2025” сэдэвт эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгууллаа. Хурлыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Төсөл, хөтөлбөрийн зохицуулалт, иргэний нийгмийн бодлогын зөвлөх Б.Жавхлан, ШУТИС-ийн Хөнгөн үйлдвэрлэлийн сургуулийн захирал, доктор, дэд профессор Н.Ганзориг нар үг хэлж, салбарын шинжлэх ухаан, судалгаа, үйлдвэрлэл, бодлогын уялдааг бэхжүүлэхийн ач холбогдлыг онцлон тэмдэглэв.
Энэ үеэр “Цагаан алт” хөдөлгөөний хэрэгжилт, санхүүжилтийн бүтэц, үйлдвэрлэлийн өргөтгөл, бүтээгдэхүүний нэр төрөлд үзүүлж буй нөлөө, салбарын хүний нөөцийн бодлого, тулгамдаж буй асуудал болон цаашдын зорилт, гарц шийдлийн талаар эрдэмтэн судлаачид, үйлдвэрлэлийн төлөөллүүд өргөн хүрээнд хэлэлцэв.


Хурал ноос, ноолуур болон арьс, ширний салбарын хоёр үндсэн хуралдаанаар үргэлжилж, нийт 20 гаруй илтгэл хэлэлцүүллээ.
Ноос, ноолуурын салбар хуралдаанд:
- Ноолуурын салбарын зах зээл, бизнесийн орчин,
- ‘Цагаан алт’ үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх зорилт”,
- Монголын текстилийн салбар ба олон улсын хамтын ажиллагааны үр дүн, ‘Ноолуурын ISO олон улсын анхны стандарт,
- Ноос, ноолууран түүхий эдийг гэмтлээс хамгаалах технологи,
- Ноолуурын салбарт тарифт цалинг хэрэгжүүлэх нь,
- Меланинаар боловсруулсан шинэ материалын судалгаа,
- Сүлжмэл хувцасны зохион бүтээлтийн оновчлол,
- “Хосмог сургалт”-ын давуу тал, онцлог зэрэг сэдвээр эрдэмтэн, судлаачид илтгэл тавьж, салбарын бодит байдал, хөгжлийн чиг хандлагыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр дүгнэлээ.



ширний салбар хуралдаанд:
- “Арьс ширний салбарын зах зээл, үйлдвэрлэлийн түвшин”,
- “Арьс ширэн бүтээгдэхүүнд тавигдах чанарын шаардлага”,
- “Тосон идээлгээр илгэн арьс боловсруулах технологийн судалгааны үр дүн”,
- “Арьс ширний үйлдвэрлэлээс гарч буй уурагт хоёрдогч түүхий эдийг өндөглөгч тахианы тэжээлд туршсан үр дүн”,
- “Гутлын зориулалттай арьсны усны уур нэвтрүүлэлтийн шинж чанарын харьцуулсан судалгаа”,
- “Арьс ширний хаягдлаас гарган авсан бордооны талбайн туршилтын үр дүн” зэрэг судалгааны ажлын илтгэлүүд хэлэлцэгдэж, үйлдвэрлэлд нутагшуулах боломжийг тодорхойлов.
Хуралд Архангай, Говьсүмбэр, Булган, Хэнтий, Дорнод, Дархан-Уул, Дундговь, Сэлэнгэ, Орхон, Дорноговь зэрэг 10 аймгаас 11 мэргэжилтэн, нийт 100 гаруй эрдэмтэн, судлаач, үйлдвэрлэл эрхлэгчид оролцож, үндэсний “Цагаан алт” хэмээх ноос, ноолуурын салбарын хөгжил, шинжлэх ухаан–үйлдвэрлэлийн уялдааг бэхжүүлэх талаар ярилцлаа. Уг хурал нь Монгол Улсын хөнгөн үйлдвэрийн хөгжлийн шинэ чиг хандлагыг тодорхойлсон, судалгаа, инновацийн үр дүнг үйлдвэрлэлд нутагшуулах чухал алхам боллоо. Энэхүү арга хэмжээ нь “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний зорилт болох түүхий эдийн үнэ цэн, нэмүү өртөг, шинэлэг технологи, хүний нөөцийн чадавхийг нэгтгэсэн тогтвортой үйлдвэрлэл рүү тэмүүлэх бодлогын томоохон илэрхийлэл юм.
Хурлыг ШУТИС-ийн Хөнгөн үйлдвэрлэлийн сургуулиас санаачлан, Шинжлэх ухааны академи, Хөдөө аж ахуйн их сургууль, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын ноос, ноолуурын холбоо, Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, Хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн хүрээлэн болон бусад байгууллагууд хамтран зохион байгууллаа.
