• Хүнсний аюулгүй байдал

    Дэлхийн хүнсний өдрийг “Хэнийг ч ардаа орхигдуулахгүй хөгжье” уриан дор тэмдэглэлээ

    Жил бүрийн аравдугаар сарын 16-нд Дэлхийн хүнсний өдөр тохиодог. Энэхүү өдрийг 1980 оноос тэмдэглэж ирсэн бөгөөд энэ жил 42 дахь удаагаа тэмдэглэлээ. Монгол Улс Дэлхийн хүнсний өдрийг энэ жил 20 дахь удаагаа тэмдэглэж байна.

    Энэ 2022 онд уг өдрийг “Хэнийг ч ардаа орхигдуулахгүй хөгжье” уриатайгаар өргөн дэлгэр тэмдэглэлээ. Дэлхийн хүнсний өдрийн арга хэмжээг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Гадаад харилцааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Соёлын яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран зохион байгууллаа. Мөн Монгол Улсад суугаа 20 орны Элчин сайд оролцлоо.

    Хүндэтгэлийн арга хэмжээний үеэр хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангахад ихээхэн үүрэг гүйцэтгэж “Хүнсчин баатар эмэгтэй”-ээр өргөмжлөгдсөн дөрвөн эмэгтэйд хүндэтгэл үзүүлэн шагналыг нь гардууллаа. Мөн аравдугаар сарын 12-нд болсон “Хүнсний аюулгүй байдал-Тогтвортой үйлдвэрлэл 2022” эрдэм шинжилгээний бага хуралд бүтээлээ танилцуулж, шилдгээр шалгарсан оюутан, судлаачдад болон эссэ бичлэгийн уралдаанд түрүүлсэн сурагчид шагналыг нь гардуулан өгсөн юм.



    Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчдөд Дэлхийн хүнсний өдрийн мэнд дэвшүүлээд улсын хэмжээнд хүнсний хангамж, аюулгүй байдалд хэрхэн анхаарч буйг, салбар яамнаас хүнсээ дотоодоосоо 100 хувь хангах зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа талаар мэдээлэл өглөө. Мөн тэрбээр “Бид дэлхий нийттэй хөл нийлүүлэн алхаж, хамтдаа ажиллаж, хэнийг ч ардаа орхилгүй бүгдэд илүү сайн, тогтвортой ирээдүйг бий болгох цаг болжээ. Үүний тулд бид

    -Хүнсний хүртээмжийн тэгш бус байдал,

    -Хүнсний цөл”-ийн байршлыг харуулсан газрын зураглал бий болгох,

    -Хоол тэжээлийн Үндэсний судалгааг таван жил тутам бус хоёр жилд нэг удаа хийх,

    -Хүнсний аюулгүй байдлын статистик үзүүлэлтийг тооцох аргачлалыг дэлхийн жишиг болон бодит байдалд нийцүүлэн алдаагүй тооцдог болох,

    -Хүнсний баталгаат байдлыг хангахад учрах эрсдлийг урьдчилан тооцож, бодлого, арга хэмжээгээ төлөвлөдөг болсон байх зэрэг санаачилгыг гаргаж ирэх оны Дэлхийн хүнсний өдрийг хэрэгжүүлсэн үр дүн, ололт амжилттайгаар угтах болно” гэдгийг тэмдэглэн хэлсэн юм.

    Хүмүүсийн хооллолт, шим тэжээл, эрүүл мэндэд чухал байр суурь эзэлдэг уламжлалт хоол хүнсний ач холбогдлыг Дэлхийн хүнсний өдрөөр тодотгож, “Монголын уламжлалт идээ, ундааны соёл” тусгай үзэсгэлэн мөн гэрэл зургийн үзэсгэлэнг мөн энэ өдөр нээлээ. Энэхүү үзэсгэлэн арваннэгдүгээр сарын 14 хүртэл олон нийтэд нээлттэй байх юм. “Монголын уламжлалт идээ ундааны соёл” үзэсгэлэн нь монгол үндэстний хүнс, хоолны уламжлал, хүмүүсийн ахуй, соёлын өвөрмөц шинж байдлыг илтгэсэн олон үзмэрүүдийг олон нийтэд толилуулж уламжлалт хоол хүнсний талаархи мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлж, хэрэглээг дэмжих зорилготой. Гэрэл зургийн үзэсгэлэнгээр хүнсний үйлдвэрлэлд эмэгтэйчүүдийн оролцооны олон өнгө төрхийг харуулжээ.

    Сургалт | Бүртгэл

    Манай сургалтанд бүртгүүлэхийг хүсвэл и-мэйл ээ үлдээнэ үү ...