• Эдийн засаг

    Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 233.6 км төмөр замыг нээлээ

    Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн хүнд даацын төмөр замын нээлтийн ёслол 2022 оны есдүгээр сарын 9-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Тавантолгой өртөөнд боллоо.

    233.6 км энэ зам нь Монголын анхны I зэрэглэлийн, уулзваргүй төмөр зам гэдгээрээ онцлог.

    Монгол Улсын Засгийн газар 2018 оны наймдугаар сарын 8-ны өдөр Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийг эрчимжүүлэх тухай 242 дугаар тогтоол гарган, төслийг хэрэгжүүлэгч “Тавантолгой төмөр зам” ХХК-ийг байгуулсан. Энэхүү тогтоолын дагуу үндэсний аж ахуйн нэгжүүд, тухайлбал, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой төмөр зам” ХХК, “Бодь интернэшнл” групп, “Инкон” болон дотоод, гадаадын туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгж хамтран 4 жилийн дотор барьж ашиглалтад оруулж байна.

    Ингэснээр Монгол Улс, БНХАУ-ын хооронд 60 гаруй жилийн дараа Гашуунсухайт-Ганцмод боомтыг холбосон төмөр замын хоёр дахь гарц бий болж байна.

    Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн өргөн царигийн энэхүү төмөр зам ашиглалтад орсноор жилд 30-50 сая тонн ачаа тээвэрлэх боломж бүрдэж байна. Төмөр замын гол замын урт нь 233.6 км бөгөөд 2 өртөө, 6 зөрлөг, 16 гүүрийн байгууламжтай.

    Цаашид ачилтын байгууламжийн хүчин чадлыг нэмэгдүүлж, хил дамнасан төмөр замтай болсноор БНХАУ руу экспортлох нүүрс тээврийн өртөг дөрөв дахин буурах урьдчилсан тооцоо гарчээ.


    Төмөр замын нээлтийн ёслолд оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх олон жилийн турш гацаж, экспортын асар их орлого олох боломж, цаг хугацаа алдан, улс орны хөгжилд үлэмж хохирол учруулсан гашуун түүхийг мартах ёсгүйг сануулаад цаашид экспортоо нэмэгдүүлж, эдийн засгаа тэлэхэд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын хил холболтыг дуусгах,  Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын хэвийн үйл ажиллагааг бүрэн хангах, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг улам эрчимжүүлэх шаардлагатайг онцлов.

    “Тавантолгой төмөр зам” ХХК Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг барих  дөрвөн жилийн хугацаанд төсөл хэрэгжүүлэгч компаниас төмөр замын зураг төсөл, Техник, эдийн засгийн үндэслэл боловсруулдаг, хяналт тавьдаг, төмөр замаа өөрсдөө барьдаг, тээвэрлэлтээ гүйцэтгэдэг, мэргэшсэн инженерингийн компани болж өсөн дэвжсэн гэдгийг компанийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал хэлэв.

    Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн хүнд даацын төмөр зам нь Монгол Улсын экспортын орлогыг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлснээр эдийн засгийн өсөлтөд чухал нөлөө үзүүлэх, байгаль орчин, хөрсний доройтлыг бууруулах, орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх зэрэг олон ач холбогдолтой.

    Төмөр замын төслийн захиалагчаар “Тавантолгой төмөр зам” ХХК, ерөнхий гүйцэтгэгчээр “Бодь интернэшнл” ХХК, туслан гүйцэтгэгчээр дотоодын 600 орчим аж ахуйн нэгж, 2,000 гаруй техник, машин механизм, 5,000 гаруй инженер, техникийн ажилтан, хүн ажилласан байна.

    Ерөнхий гүйцэтгэгч “Бодь интернэшнл” группын Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Д.Баясгалан “Энэ төслийг хэрэгжүүлэх нь эх орныхоо хөгжилд өөрсдийн оруулах хувь нэмэр хэмээн үзэж, төр, засаг, аж ахуйн нэгж, байгууллагуудтайгаа нэгэн зорилгын дор хичээн зүтгэлээ. Энэ бол монголчууд хамтран ажиллаж, бүтээж чаддагийг харуулсан нэг илрэл боллоо” гэж хэлэв.

    Монгол Улс, БНХАУ өнгөрсөн хоёрдугаар сард Гашуунсухайт, Ганцмод боомтын улсын хилийн шугам дайран өнгөрөх төмөр замын хилийн цэгийг эцэслэн тохиролцсон юм.

    А.ЧАНДМАНЬ

    Сургалт | Бүртгэл

    Манай сургалтанд бүртгүүлэхийг хүсвэл и-мэйл ээ үлдээнэ үү ...