“Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, технологи, инновац” сэдэвт 20 гаруй судалгааны ажил танилцуулав
Р.Батчимэг
Монголын Хөдөө аж ахуйн их сургууль, ОХУ-ын Тувагийн улсын их сургууль, БНХАУ-ын ӨМӨЗО-ны ХААИС хамтран /2023-04-04/ зохион байгууллаа. Тус хурлыг ОХУ-ын Тувагийн улсын их сургуулийн Гадаад харилцаа эрхэлсэн проректор Ондар Лидия, ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн захирал Д.Гүрбазар нар нээн үг хэлж, судлаачдын судалгааны ажилд амжилт хүслээ.
Хурлын зорилго нь хил залгаа оршдог үндэс угсаа нэгт хөдөө аж ахуйн салбарын судлаачдын судалгааны үр дүнг олон нийтийн хүртээл болгох, харилцан туршлага солилцох, цаашид судалгаа, шинжилгээний чиглэлээр хамтран ажиллах боломжийг бүрдүүлэхэд оршиж буй юм.
Тус олон улсын эрдэм шинжилгээний хурлаар судлаачид хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, хүний хөдөлмөрийг хөнгөвчилсөн техник, технологи боловсруулах, анхан шатны түүхий эдийн эрүүл мэнд, эдийн засгийн ач холбогдлыг тодорхойлох чиглэлээр хийсэн судалгааны үр дүнгээ танилцууллаа.
Тухайлбал, ХААИС-ийн Инженер технологийн сургуулийн багш Ж.Амгаланзул, дэд профессор Д.Баатархүү нар “Уламжлалт аргаар ааруул боловсруулах техникийн параметрийг үндэслэх нь” илтгэл хэлэлцүүлсэн юм. Тус судалгааны ажлын хүрээнд уламжлалт аргаар ааруул боловсруулах ажлыг хөнгөвчлөх, тодруулбал цаг хугацаа хэмнэж, хүний хөдөлмөрийг хөнгөвчилсөн аарцыг шахаж, хэрчин, хатаах зориулалттай гурван төрлийн төхөөрөмж бүтээсэн байна.
Мөн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн багш, дэд профессор Г.Ганбат, БНХАУ-ын ӨМӨЗО-ны ХААИС-ийн багш Du Hong Yan нар “Хонины ноосны хялгасны шинж чанар, бүтээгдэхүүн боловсруулах технологи” сэдвээр илтгэл хэлэлцүүлэв. Судлаачид дээрх судалгааны ажлын хүрээнд ноос боловсруулах явцад хаягддаг хялгасыг боловсруулах шинэ технологийг боловсруулжээ. Ингэснээр үйлдвэрлэлийн хаягдлыг бүтээгдэхүүн болгон эдийн засгийн эргэлтэд оруулах боломж бүрдэж буй юм. Хурлаар энэ мэт салбарын 20 гаруй судалгааны ажлын үр дүнг хэлэлцсэн байна.