• Эдийн засаг

    Тэтгэврийн шинэчлэлд дэмжлэг үзүүлэх семинарыг ХНХЯ, Европын Холбоо хамтран зохион байгуулж байна

    Үндэсний тэтгэврийн шинэчлэлийг хэрэгжүүлэхэд” семинарыг Европын холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хамтран 2022 оны есдүгээр сарын 12-13-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Тус семинараар Европын холбооны мэргэжилтнүүд олон улсын нийгмийн даатгал, тэтгэврийн шинэчлэлийн туршлагаас хуваалцаж, зөвлөгөө өгч Монголын талтай хоёр өдрийн турш санал солилцох юм.

     

    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл семинарыг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт нийгмийн даатгалын шинэчлэл хийж, хувийн даатгалын үйлчилгээнд хамрагдах боломж бүхий олон давхаргат тэтгэврийн тогтолцоонд шилжих зорилт туссан.

    Энэхүү шинэчлэлийн хүрээнд тэтгэврийн параметрийн өөрчлөлт хийх, хуваарилалтын тогтолцооноос хагас хуримтлалын тогтолцоонд шилжих, хувийн нэмэлт тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх зорилгыг бид дэвшүүлж байгаа юм. Нийгмийн даатгалын багц хуулийг Улсын Их Хурлын 2022 оны намрын чуулганаар хэлэлцүүлэхээс өмнө социалист улсуудын тэтгэврийн шинэчлэл хийсэн туршлагыг судлах нь бидэнд ихээхэн ач холбогдолтой юм” гээд сургалт уулзалтыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн Элчин сайд Аксель Никэйз, Европын холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газар, зөвлөх, мэргэжилтнүүдэд талархал илэрхийлж амжилт хүслээ.

    Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Аксель Никэйз Европын холбоо Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллахдаа тун таатай байдаг. ХНХЯ-тай 2015 оноос МСҮТ-ийг чадавхжуулах, бодлогоо сайжруулах техник туслалцааны төсөл, хамгийн анхны Төсвийн дэмжлэгийн хүрээнд хөдөлмөрийн шинэчлэл, олон улсын хөдөлмөрийн стандартыг нийцүүлэх зэрэг олон ажлыг хамтран хэрэгжүүлж байна. Бусад орны туршлагаас харахад шинэчлэлийг нэг дор гэнэт биш, харин тодорхой суурь судалгаан дээр аажмаар бага багаар нэвтрүүлэх нь чухал төдийгүй ард иргэдэд тэтгэврийн шинэчлэлийн талаар мэдээллийг сайн хүргэх, бүрэн ойлголт өгөх, итгэлцэл бий болгох нь чухал юм. Тэтгэврийн шинэчлэлийн тогтвортой тогтолцоонд хөдөлмөрийн шинэчлэл, хуримтлалын механизмыг сайжруулах, олон тохиолдолд улсын нэмэлт эх үүсвэр шаардлагатай гэдгийг мөн мартаж болохгүй” хэмээн ярилаа.

    Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Нийгмийн даатгалын шинэчлэл хийж, иргэн бүрд суурь тэтгэвэр олгох, хувийн даатгалын үйлчилгээнд хамрагдах боломж бүхий олон давхаргат тэтгэврийн тогтолцоонд шилжинэ” гэсэн зорилт тусгасан байдаг. Энэ зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ХНХЯ, Европын холбооны Европын комиссын техникийн туслалцаа, мэдээлэл солилцох арга хэрэгслийн хүрээнд 3 ажил зохион байгуулахаар төлөвлөсний нэг нь энэхүү семинар бөгөөд Литва, Бельги, Польш, Словени улсын мэргэжилтнүүд, 100 орчим төлөөлөгч цахимаар болон танхимаар оролцож байна.

     

    Сургалт | Бүртгэл

    Манай сургалтанд бүртгүүлэхийг хүсвэл и-мэйл ээ үлдээнэ үү ...