• Эдийн засаг

    Тээвэр, ложистикийн хөгжлөөс цаашдын хөгжил хамаарна

    Монголчуудын худалдан авч буй бүхий л бараа, үйлчилгээний үнийн 30%-д нь тээврийн зардал шингэсэн байдаг. Өнгөрсөн оны сүүлээс БНХАУ-д ковидын халдвар нэмэгдэж, халдварын эсрэг хатуу арга хэмжээ авч эхэлсэн нь импортын хувьд өмнөд хөршийн ганц боомтоос хэт хамааралтай байгаа Монгол улсын хувьд хүнд цохилт болж байна. Халдварт өвчинтэй тэмцэж байгаа хятадуудыг буруутгах аргагүй. Гагцхүү тээвэр, ложистикийг төрийн зөв бодлогоор дэмжиж чадалгүй 20-30 жил болсон, өнөөг хүртэл ложистикийн үндэсний сүлжээг бий болгож чадаагүй нь бидний буруу. Ковидын нөхцөл байдал Монгол улсын тээвэр, ложистикийн салбар ямар сул байгааг харуулсан, цаашид эдийн засгийн өсөлтийг ложистикийг шийдэхгүйгээр хангах боломжгүй гэдэгтэй олон хүн санал нэгдэж байгаагаа тавдугаар сарын 30-ний өдөр зохиогдсон “Импортын тээврийн асуудал, гарц шийдэл” сэдэвт Монголын анхдугаар ложистик форумд оролцогчид илэрхийлж байлаа.

    Форумыг “Монложистик” групп, Зам, тээврийн хөгжлийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо /МТЗНХ/хамтран зохион байгууллаа.


    Монгол Улсын 2022 оны эхний улирлын эдийн засгийн өсөлт -3.8% гарсан бөгөөд үүний шалтгаан нь эрдсийн түүхий эдийн экспорт огцом буурсантай холбоотой. Харин түүхий эдийн экспорт буурсан нь тээвэр ложистикийн шалтгаантай юм. Уул уурхайн бүтээгдэхүүний экспорт бол Монгол улсын эдийн засгийн өсөлтийг сүүлийн 10 гаруй жил хангаж байгаа салбар, гэтэл одоо энэ салбарын цаашдын өсөлт, улмаар нийт монголчуудын амьдрал тээвэр ложистикийн дэд бүтцээс шалтгаалах болоод байна. Ойрын 10 жилдээ үйлдвэрлэгч болж чадахгүй, импортлогч хэвээр байхаас өөр гарцгүй байгаа бидэнд тээвэр ложистикийн оновчтой хөгжил чухал байна. Үндэсний үйлдвэрлэгч гэгдэж байгаа компаниуд маань түүхий эдээ дотоодоосоо татаж байгаа хэдий ч сав баглаа, боодлын хувьд импортоос бүрэн хамааралтай гэдгээ Эрээн хаагдсан хэдэн сард мэдэрсэн.

    1990 оноос өмнө улсын тээвэр ложистикийг төр зохицуулж ирсэн бол 1990 оноос хойш үндсэндээ хувийн хэвшил нуруун дээрээ үүрч өнөөг хүргэлээ. Гэхдээ тээвэр ложистик бол дан ганц хувийн хэвшлийнхэн зохицуулчих боломжгүй, зайлшгүй төрийн бодлого, оролцоо шаардах салбар. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын дэвшүүлсэн зургаан зүйл бүхий Шинэ сэргэлтийн бодлогын нэг нь Боомтын сэргэлт зорилт юм. Энэ зорилтод багтаасан тээвэр, ложистиийн төслүүдийг хэрэгжүүлж чадвал 2030 он гэхэд Монгол улсын ДНБ-ий хэмжээ 2 дахин томорно.

    Дэлхийн банкнаас 2 жил тутам гаргадаг Ложистикийн гүйцэтгэлийн индексээр Монгол улс 160 орноос 130-д, Монгол улс гадаад худалдаанаас 130% хамааралтай гэсэн олон улсын байгууллагын статистик байна. “Монложистик” группын гүйцэтгэх захирал Г.Хишигбаярын илтгэлд дурдсанаар Монгол улсын гадаад худалдааны хэмжээ сүүлийн 20 жилд 5 дахин /2000 онд 10 гаруй сая ам.доллар, ковидын өмнөх 2020 онд 60 гаруй сая ам.доллар, харин 2021 онд ковидын улмаас 49 сая ам.доллар болж буурсан/ өссөн боловч тээвэр ложистикийн бүтэц, хүчин чадал нэмэгдээгүй нь өнөөдрийн хамгийн том бэрхшээл болж байгааг хэллээ. Гол ачааллыг дааж буй ганц төмөр зам гэхэд 1955 онд ашиглалтад орсноос хойш хэдэн зөрлөг нэмснээс өөр хүчин чадлыг нь нэмээгүй, одоо байгаа ложистикийн терминалуудын 90% нь 1990 оноос өмнөх хүчин чадлаараа байна. МТЗНХ-ны ТУЗ-ийн дарга П.Солонгын хэлснээр одоо ажиллаж байгаа 11 терминалиас бүтэн цуваа вагон ачаа хүлээн авчих чадалтай терминаль байхгүй байгаа ажээ.

    Тээвэр зуучдын хамгийн их хүсч, форумын үеэр олонтаа давтагдаж байсан саналууд бол:

    -Тээвэр ложистикийг олон улсын худалдаатай уялдуулсан бодлого барих, үүнийг хангасан хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх,

    -Шинэ сэргэлтийн бодлогод тусгасан Боомтын сэргэлтийг богино хугацаанд бүрэн хэрэгжүүлэх,

    -Дотоодын ложистикийн төв буюу хуурай боомтыг байгуулах,

    -Хил, гааль, мэргэжлийн хяналтын ажлыг уялдуулах юм.

    Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны дүнд энэ байдал ойрын жилүүдэд өөрчлөгдөж, таатай орчин бүрдэнэ гэдгийг ЗТХ-ийн сайд Л.Халтар хэллээ. Сайдын танилцуулгаас харахад төмөр зам, авто зам, агаарын тээврийн хувьд огцом үсрэлт хийх дүр зураг харагдаж байна. Тухайлбал, төмөр замын 10 төсөл байна. Үүнд,

    1.Сүхбаатар-Замын -Үүдийн хос төмөр зам

    2.Эрээнцав-Баянтүмэнгийн 238 км

    3.Зүүнбаян-Хангийн 226.9 км

    4.Чойбалсан-Хөөтийн 192 км

    5.Хөөт-Бичигтийн 234.1 км

    6.Сайншанд-Баруун-Урт-Хөөтийн 394 км

    7.Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэнгийн 1255 км

    8.Гашуунсухайт-Ганцмодыг холбох төмөр зам

    9.Тавантолгой-Цогтцэций өртөөг холбох төмөр зам

    10.144.6 км Богдхан төмөр зам

    Үүнээс гадна Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам баригдаж дуусаад туршилтын тээвэр хийгдэж байгааг дурдах хэрэгтэй.

    Төмөр замын эдгээр төсөл бүрэн ашиглалтад орвол жилдээ төмөр замаар 125 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай болох юм. Одоо байгаа ганц чиглэл болох УБТЗ-ын суурилуулсан хүчин чадал жилдээ 30 сая тонн юм.

    Үүнээс гадна автозамын болон агаарын тээврийн хүчин чадлыг нэмэгдүүлэхээр ажиллаж байгааг ЗТХ-ийн сайд Л.Халтар хэллээ. Тухайлбал, боомтуудыг автозамаар холбох ажил 70 орчим хувьтай байгааг ЗТХЯ мэдээлж байна. Хэдийгээр тээврийн хүчин чадлыг нэмэгдүүлэхээр ийн ажиллаж байгаа Үндэсний ложистикийн сүлжээ байгуулахгүйгээр эдгээр төслийн үр өгөөж гарахгүй гэдгийг Л.Халтар сайд онцлон тэмдэглэж байна.

    Үндэсний ложистикийн төвийг хаана байгуулах талаар тээвэр зуучийн компаниуд ихээхэн сонирхож байна. Эдийн засгийн хөгжлийн яамны төлөөлөгч Х.Эрдэнэбулганы хэлснээр хуурай боомтын асуудал одоо тус яаманд харъяалагдаж байгаа бөгөөд ложистикийн төвүүдийг хаана, хаана байгуулах судалгаа одоо ид хийгдэж байгаа ажээ. Судалгааны дүн ирэх найм, есдүгээр сард гарах юм. Хувийн хэвшлийн компаниудын зүгээс “Чингис хаан” олон улсын буудлыг дагасан болон Баян зөрлөг хавьд ложистикийн төв баригдана гэсэн хүлээлттэй байгаа юм байна.

    Хятад дахь ковидын цар тахлын халдвар намжих хандлагатай болж байгаагаас үүдэн Тяньжин боомт болон Эрээнд гацаад байсан ачаа тээврийн түгжрэл бага багаар шийдэгдэж байна. Тухайлбал, өнгөрсөн намраас хойш Эрээнд гацаад байсан чингэлэгт багтахгүй овор ихтэй ачааг зургадугаар сараас Монгол руу тээвэрлэхээр хоёр тал тохирсныг ГХЯ-ны төлөөлөгч хэллээ. Ийнхүү урд чиглэлийн маршрутын гацаа арилах тийшээ хандаж байхад хойд чиглэлийн ачаа тээврийн маршрут хүндрэх аюултай байгаад импортлогчид ихээхэн санаа зовинож байна. Мэдээж энэ нь Украинд болж буй дайнтай холбоотой. Монгол улсын Европын холбооноос ирж буй импортын барааны тээврийн маршрут Беларусс болон ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжин хийгдэж ирсэн уламжлалтай, харин одоо энэ маршрут эрсдэлтэй болоод байна. Нөхцөл байдал бүүр хүндэрвэл импортлогчид Польш-Словак-Унгар-Серби-Болгар-Турк-Гүрж-ОХУ гэсэн өмнө байсан маршрутаас бараг 2 дахин урт буюу 10850 км маршрутыг сонгох болох юм.

    Форумын үеэр сонсогдсон нэг сайхан мэдээ бол Тээвэр зуучийн үйлчилгээний тухай хуулийг МТЗНХ боловсруулж дуусган ЗТХЯ-нд танилцуулжээ. Энэ хуулийг бараг 2000 оноос хойш ярьж байгаа гэхэд хилсдэхгүй. Анхны төсөл учраас нэмэлдт боловсруулалт шаардагдахыг салбарын үгүйсгэхгүй байгаа ч ямар ч гэсэн эхний хар зураг гарч байгаад баяртай байгаагаа Л.Халтар сайд хэлсэн.

    Өнөөдрийн байдлаар Монгол улсад тээвэр зуучийн 200 гаруй компани ажиллаж байна.

    Д.НАРАНТУЯА

    Сургалт | Бүртгэл

    Манай сургалтанд бүртгүүлэхийг хүсвэл и-мэйл ээ үлдээнэ үү ...