• Агробизнес

    Х.Болорчулуун: Монгол Улс хөдөө аж ахуйгаа бүтээмж өндөр, тогтвортой үйлдвэрлэлтэй салбар болгоно

    Франц улсын Клермон-Ферран хотод аравдугаар сарын 3-7-нд Европ тивийн мал аж ахуйн тэргүүлэх Sommet de I'Elevage үзэсгэлэн яармагт Монгол Улс энэ жил анх удаа “Хүндэт зочин орон”-оор уригдан оролцож байна. Энэхүү үзэсгэлэнг "Шинэ өсөлт" сэтгүүл, www.agronews.mn эрхлэгч И.Отгонжаргал сурвалжилж байна. Тус үзэсгэлэнд оролцож байгаа ХХААХҮ-ийн сайд Хаянгаагийн Болорчулуунтай манай сурвалжлагч Франц явахын өмнөхөн уулзаж ярилцлаа. 

     -Франц улсад жил бүрийн аравдугаар сарын эхний долоо хоногт болдог уламжлалтай Европ тивийн мал аж ахуйн тэргүүлэх үзэсгэлэн яармагт Монгол Улсыг анх удаа “Хүндэт зочин орон”-оор урьж оролцуулах болсон. Удахгүй боллоо, зочин орны бэлтгэл хэр хангагдаж байна вэ?

    -Бүгд Найрамдах Франц улсын Клермон-Ферран хотноо 31 дэх жилдээ уламжлал болон зохион байгуулагдаж буй Европ тивийн  мал аж ахуйн олон улсын тэргүүлэх үзэсгэлэн “Sommet de l`Elevage”-д манай улс энэ удаа “Хүндэт зочин орон”-оор оролцож байгааг дуулгахад таатай байна. Үүнээс өмнө манай ХХААХҮЯ-ны үе үеийн төлөөлөл уг олон улсад нэр хүндтэй арга хэмжээнд оролцож, сонирхож ирсэн байдаг.

    Энэ жилийн тухайд манай улс “Хүндэт зочин орон”-оор оролцож байгаагаараа нэлээд онцлогтой. Манай улсыг урин оролцуулж, бэлчээрийн мал аж ахуй, хүнс, хөдөө аж ахуйн талаар танилцуулах таатай боломжийг олгосон Франц улсын талд болон Sommet de l`Elevage арга хэмжээг зохион байгуулагчдад энэ дашрамд талархсанаа илэрхийлье. Бид бэлтгэлээ бүрэн дүүрэн базаагаад байна.

    -Уг арга хэмжээний хүрээнд юу юу болох вэ. Монголоос хэр өргөн бүрэлдэхүүнтэй баг явах гэж байна вэ? 

    31 дэх жилдээ тасралтгүй болж байгаа Европ тивийн мал аж ахуйн тус тэргүүлэх арга хэмжээ нь 180 мянган ам.метр үзэсгэлэнгийн талбайг эзэлж, бүтэн долоо хоногийн турш болдог. Үзэсгэлэнд 60 гаруй орны 100-гаад мянган зочин төлөөлөгч оролцдог гэхээр ямар том  арга хэмжээ вэ гэдгийг нь харж болно.  

    Бид зочин орны хувьд маш их ач холбогдол өгч, төр, хувийн хэвшил, урлаг соёлын өргөн бүрэлдэхүүнтэй багтай явж Монгол Улсаа болон хөдөө аж ахуйн салбараа сурталчилж,  Европын мал аж ахуй, хөдөө аж ахуй эрхлэгч, сонирхогчид болон төрийн байгууллагын төлөөлөгч, мэргэжлийн хүмүүстэй уулзалт хийнэ.

    Францын махны, сүүний, мах-сүүний чиглэлийн шилмэл малын өлгий нутагт орон орны олон мянган хүн цугларч эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийн туршлага судлах, дэлхийн мал аж ахуйн салбарт тулгамдаж байгаа асуудлууд болон хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж, сэргээгдэх эрчим хүчний чиглэлийн олон хурал зөвлөгөөн, албаны хүмүүсийн болон бизнесийн уулзалтууд  болно. Тэр бүхнээс манайд хамааралтай хурал, уулзалтуудад миний бие болон  манай яамны холбогдох төлөөлөгчид мэдээлэл хийнэ.

    Зохион байгуулагчдын зүгээс “Хүндэт зочин орон”-д үзэсгэлэнгийн талбайн хамгийн шилдэг байршилд байх, зочин төлөөлөгчдөд үнэ төлбөргүй үйлчлэх, тусгайлсан уузалт, аяллын хөтөлбөрүүд гаргах гээд нэлээд онцгой давуу талуудыг бий болгодог юм байна. Манай улс тэнд монгол гэрээ барина. Аравдугаар сарын 4-нд “Монголын өдөр” арга хэмжээ болохоор хөтөлбөрт тусгагдсан. “Монголын өдөр” арга хэмжээнд манайх урлаг соёлын тоглолт үзүүлж, төр, хувийн хэвшлийн төлөөллүүд холбогдох хурлуудад илтгэл мэдээлэл хийнэ гэх мэтээр тивийн хэмжээний тэр том арга хэмжээний нэг бүтэн өдөр оролцогчид   манай Монгол Улсаар амьсгалах нь байна. Тэгэхээр бид Монгол орноо дэлхийд таниулах  маш хариуцлагатай зүйлд явж байгаа гэсэн үг.  

    -Энэ үзэсгэлэнд оролцсоноор Монгол-Франц улсын хоорондын харилцаа, хамтын ажиллагаанд ямар шинэчлэлүүд бий болох  вэ?

    Монгол, Францын харилцаа “Найрсаг харилцаа, хамтын ажиллагаа”-ны түвшинд 56 жилийн хугацаанд амжилттай хөгжиж ирсэн. Хоёр талын хамтын ажиллагаа 2006 оноос эрс идэвхжиж, энэ хугацаанд Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагаас Монголд  2007, 2010, 2012, 2015, 2019 онд нэр хүнд бүхий бие даасан шинжээчдээс бүрдсэн үнэлгээний баг, удаа дараагийн шинжээчдийг ирүүлэн зөвлөгөө өгч хамтран ажилласан нь маш чухал ач холбогдолтой байсныг тэмдэглэн хэлэхэд таатай байна. Хоёр орны хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар дахь хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд бизнесийн түвшинд идэвхжин, ялангуяа мах, сүүний чиглэлийн эрчимжсэн фермийн аж ахуйн технологийг нутагшуулах, малын үүлдэр угсааг сайжруулах, мал эмнэлгийн салбарын хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байна.

    Манай улс хөдөө аж ахуйн орны хувьд Монгол Улсын Засгийн газраас баталсан “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн баримт бичигт тогтвортой хөдөө аж ахуйг хөгжүүлэхийн тулд хөдөө аж ахуйг байгальд ээлтэй, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, эрсдэл даах чадвартай, нийгмийн хөгжлийн чиг хандлага, хэрэгцээ, шаардлагад нийцсэн, хариуцлагатай, бүтээмж өндөр, тогтвортой үйлдвэрлэлтэй эдийн засгийн тэргүүлэх салбар болгон хөгжүүлэх зорилтыг тавьсан.

    Энэхүү зорилтдоо Монгол Улс хүрэхэд гуравдагч хөрш болох барууны улс орнууд, тэр дундаа хөдөө аж ахуйн салбар өндөр хөгжсөн Франц Улстай харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, харилцан туршлага судлах, байгальд ээлтэй орчин үеийн техник технологийг нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх нь чухал болохыг онцлон тэмдэглэхийг хүсч байна.

    Манай улс Франц улстай харилцааныхаа түвшинг ахиулж “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэх эрмэлзэлтэй байгаагаа харилцан нотолсон нь хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд түлхэц болно гэдэгт эргэлзэхгүй байна. 

    -Монгол-Францын хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдал хийгээд одоогийн арга хэмжээтэй холбоотой цаашид хэрэгжүүлэх  ажил хэрэгч саналууд юу байх вэ?

    Манай улс Франц улсаас 2010-2022 онд нийт 894 толгой үхэр, 18 толгой адуу, 1306 толгой хонь, ямаа импортлон нутагшуулж, ашиг шимийг нь хүртэн, малын чанараа сайжруулан ашиглаж байна. Монгол Улсад импортоор оруулж ирсэн мал арчилгаа, маллагаа, тэжээллэгийн тохиромжтой нөхцөлд дасан зохиоцох байдал, өгөх ашиг шим, төлөрхөг чанар сайтай. Хүн төрөлхтөн цар тахлын амаргүй сорилттой нүүр тулж, иргэдийн эрүүл мэнд, улс орны эдийн засгийн хүндрэлийг даван туулахаар төр засаг, иргэд,  аж ахуйн нэгжүүд гурав дахь жилдээ хамтран тэмцэж байна.

    Иймд манай хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын нэн тэргүүний зорилт нь Монгол Улсын хүнсний хангамж, аюулгүй байдлыг хамгаалах, салбарын эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хүрээнд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд онцгойлон анхаарч байна.

    Энэхүү олон улсын үзэсгэлэнгийн үйл ажиллагаа нь хоёр орны хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, цаг уурын эрс тэс нөхцөлд дасан зохицох чадвартай мал, үржүүлгийн бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмж нийлүүлэх чиглэлээр хамтран ажиллах, хөдөө аж ахуйн салбарын аж ахуйн нэгжүүдийг холбож өгөх, хөрөнгө оруулалт татахад нь дэмжлэг үзүүлэх, шинэ технологи нэвтрүүлэх чиглэлээр туршлага судлах таатай боломж бүрдэнэ.

    -Та бас Францын Хөдөө аж ахуйн сайдтай уулзалт хийхээр байгаа юм билээ. Тэр үеэр ямар тодорхой санал тавих вэ?

    Хоёр орны хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагааны нөөц бололцоог бүрэн дүүрэн ашиглах, техник, технологийг нэвтрүүлэх, нутагшуулахад чиглэсэн үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор Франц Улсын Хөдөө аж ахуй, ойн яам, Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хооронд 2013 оны аравдугаар сарын 26-ны өдөр Хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах тухай санамж бичгийг байгуулж, хоёр улсын салбарын хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж ирсэн. Салбарын цаашдын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд манай хоёр байгууллага хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн  байгуулна.

    Миний бие ХХААХҮ-ийн сайд болоод удаагүй байгаа ч цаашид найрсаг хамтын ажиллагаатай Франц улстай хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар дахь хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгч ажиллах болно.

    -Арга хэмжээний үеэр Монголын мал аж ахуй тэр дундаа эрчимжсэн аж ахуйн чиглэлд бодитой ямар ажлууд хийгдэх вэ. “Хүндэт зочин орон”-д нэлээд давуу талууд үүсдэг гэсэн шүү дээ?

    Дээр хэлсэн “Монголын өдөр”, Францын Хөдөө аж ахуйн яамны сайд болон холбогдох албаны хүмүүстэй уулзаж, фермийн аялал хийх зэрэг арга хэмжээнээс гадна ХХААХҮ-ийн сайдын хувьд Франц улсын Хөдөө аж ахуйн их сургуулиар очих болон Малын вакцины үйлдвэртэй танилцахаар хөтөлбөрт тусгагдсан. Тэгэхээр Франц улс нь эрчимжсэн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, технологийн олон жилийн туршлагатай тул хамтарсан судалгаа хийх, салбарын мэргэжилтнүүдийг богино, дунд хугацааны сургалтад хамруулах, мэргэшүүлэх, Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэх, мал эмнэлгийн хорио цээрийн тусгаарлах бүс байгуулахад хүмүүнлэгийн болон арилжааны шугамаар урт хугацааны төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, Өвлийн хүлэмж, төмс хүнсний ногооны агуулахын чиглэлээр төсөл хэрэгжүүлэхэд хамтран ажиллах сонирхолтой байна.


    Сургалт | Бүртгэл

    Манай сургалтанд бүртгүүлэхийг хүсвэл и-мэйл ээ үлдээнэ үү ...