Т.Балжинням: Махны экспортыг шийдэх Ажлын хэсгийн хурлын тов гараагүй байна
Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсгийн Нарийн бичгийн даргаар ажилласан МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын газрын дарга Т.Балжиннямаас “Эмээлт”-ийн асуудалтай холбоотойгоор мал төхөөрөх болон дулааны аргаар боловсруулсан махны экспорт хийх зориулалттай үйлдвэрүүдэд хийсэн шалгалтын талаар болон дулааны аргаар боловсруулсан махны экспортыг хэзээ эхлүүлэх талаар тодрууллаа.
- Мал төхөөрөх болон экспортын эрхтэй махны үйлдвэрүүдэд хийсэн шалгалтыг Шадар сайдын ахалсан ажын хэсэг зургадугаар сард дуусгаж, эхний дүн мэдээллээ гаргасан хэрнээ шалгалтад тэнцсэн дулааны аргаар боловсруулсан мах БНХАУ руу экспортлох эрхтэй компаниудын үйл ажиллагааг одоо хүртэл эхлүүлэхгүй байгаа нь ямар учир шалтгаантай вэ?
-Дулааны боловсруулалттай махтай холбоотой “Эмээлт”-д гарсан асуудлын дагуу Засгийн газрын ажлын хэсэг гарч ажилласан. Энэ хяналт шалгалтад ганц манай мэргэжлийн хяналт ажиллаагүй, бүх холбогдох төрийн байгууллагын төлөөлөл орсон өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа. Хяналт шалгалтын дүн мэдээллийг эхний байдлаар ХХААХҮЯ-нд танилцуулсан. Дэд ажлын хэсгийн хүрээнд шалгалт явуулаад, өнгөрөгч долдугаар сарын 7-нд Шадар сайд руу дулааны аргаар боловсруулсан махны экспорт хийх боломжтой 12 аж ахуйн нэгжид 6000 орчим тонн мах байна гэдэг танилцуулгыг хүргүүлчихсэн. Ажлын хэсэгт ХХААХҮЯ, МХЕГ, ГЕГ, МЭЕГ-аас ч төлөөлөл орж ажилласан.
-Долдугаар сарын 7-ноос хойш Шадар сайдын зүгээс ямар ч шийдгүй өнөөдрийг хүргэж байгаа нь ойлгомжгүй байна. Шалгалтад тэнцсэн компаниудын хувьд нэг хоног ч алдахгүй экспортоо эхлүүлэхийг хүсч, хүлээж ядсан байдалтай байна. Бэлээхэн Хятадын тал дулааны аргаар боловсруулсан махны импортыг эхлээд хийе гэдгээ өмнө нь Монголын талд мэдэгдсэн байсан. Ийм байхад хэвийн үйл ажиллагаатай хувийн хэвшил болон экспортоо дэмжээд Засгийн газрын ажлын хэсгийн зүгээс эцсийн шийдвэрээ шуурхай гаргаж яагаад болохгүй байна вэ гэдэгт л тодорхой хариулт авахыг хүсээд байгаа юм.
-Та дулааны аргаар боловсруулсан махны экспортын зөвшөөрөлтэй компаниуд зөрчилгүй байсан юм шиг өрөөсгөл ойлголттой байх шиг байна. Хяналт шалгалт хийгдсэн компаниудад Монголын ч, олон улсын ч, Хятадын ч бай стандарт протоколийн хүрээнд тавигдсан шаардлагын хувьд зөрүүтэй, зөрчилтэй асуудлууд гарсан. Үүнийг том ажлын хэсэг дээр яриад, Шадар сайдын зүгээс протоколийн болон олон улсын стандартын хүрээнд гаргая гэдэг саналыг гаргасан. Бүтээгдэхүүний хаяг шошгожилтоос авахуулаад заримынх нь махны нянгийн тоо их байсан, мах нь зүгээр гарсан ч тоног төхөөрөмж, ажилчидтай холбоотой асуудал зэрэг зөрчил байгаа. Иймэрхүү зөрчил байсан учраас холбогдох ажлууд шат шатандаа явж байгаа. Тэгээд ч шалгалт зөвхөн дулааны аргаар боловсруулсан экспортын эрхтэй компаниуд дээр биш улсын хэмжээнд нэлээд өргөн хүрээнд хийгдсэн. Зарим аж ахуйн нэгжийн шалгалт дууссан. Заримынх нь үргэлжлээд явж байгаа. Зарим аж ахуйн нэгжийн бүтээгдэхүүнийг давтан шинжилгээнд хамруулах гээд олон зүйл байсан.
Ер нь бол экспортын асуудлыг бодлогын яам нь Засгийн газрын хэмжээнд тавьж шийдвэрлүүлнэ. Экспортын асуудлыг хуучин МХЕГ хариуцдаг байсан. Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс экспортын гэрчилгээ гаргах асуудал ГЕГ руу шилжсэн. Манайх бол хяналт шалгалт хийсэн дүн мэдээгээ л танилцуулна. Тийм болохоор бид ХХААХҮЯ-ны энэ шалгалтаас ч өмнө сайдын тушалаар байгуулагдсан махны экспортын асуудал хариуцсан ажлын хэсэгт шалгалтын танилцуулгаа хийсэн. Энэ хүрээнд дулааны боловсруулалтын экспорт хийх боломжтой төдий хэмжээтэй мах байна гэдэг мэдээллийг Шадар сайдад хүргүүлсэн байгаа.
-Та бүхний зүгээс Шадар сайдад 12 компанийн төчнөөн тонн дулааны аргаар боловсруулсан мах экспортод гарах боломжтой байна гэдэг танилцуулгаа яг сарын өмнө хүргүүлсэн байна шүү дээ. Дээрх компанийн махыг экспортын шаардлага хангасан гэж үзээд л Шадар сайдад танилцуулга хүргүүлсэн байх. Тэгээд яагаад яаран шийдвэрлэж болохгүй байгаа юм бол?
-Яаран шийдвэрлэж болохгүй зүйлгүй. Том ажлын хэсгийн зүгээс цаашид энэ тал дээр ямар арга хэмжээ авах талаар хуралдана. Ажлын хэсгийн хурал өнөөдрийн байдлаар тов нь хараахан тодорхой гараагүй байна.
-Тэгэхээр дулааны аргаар боловсрулсан махны экспортын асуудлыг Шадар сайдын ахалсан ажлын хэсгийн зүгээс оруулж шийдвэрлүүлэх ёстой болж байна уу эсвэл ХХААХҮЯ танилцуулах ёстой юу?
-Бодлогын яам Засгийн газарт танилцуулах ёстой.
-Та түрүүн шалгалтаар бүтээгдэхүүний хаяг шошгоны зөрчил нэлээд байсан гээд ярилаа. Гэтэл экспортлогчдын зүгээс Хятадын тал 2022 онд зөвхөн манайд ч биш дэлхий нийтэд мөрдөх шинэ стандарт гаргасан. Тэрийг бид судалж хэрэгжүүлэхэд ялангуяа хаяг шошго дээр асууж тодруулах, нэмэлт зардал их гарсан зүйл байсан. Мэдэхгүй зүйл ч байсан учраас бүтээгдэхүүний шошгоо яг ямар байдлаар тавихаа харзнасан байдалтай байсан маань шалгалтаар зөрчил болж гарч байх шиг байна гэж учирлаж байсан. Энэ тал дээр харж үзэх хүндэтгэх шалтгаан байсан юм биш үү?
-Хаяг шошгоны стандарт импортлогч орны зүгээс тавьсан шаардлагын дагуу өөр заалттай байгаа. Энэ дээр шат дараатай ажлууд явагдаад, Шадар сайдын ажлын хэсэг дээр яригдаад эцсийн шийд цаашаа уламжлагдаж явагдана гэсэн үг.
2022 оны нэгдүгээр сарын 1-нээс БНХАУ буюу импортлогч орны зүгээс мал, амьтны гаралтай бусад түүхий эд бүтээгдэхүүнд тавигддаг стандартын шаардлагаа өндөрсгөж шинэчилсэн. Үүнтэй холбоотой МХЕГ-ын зүгээс Олон улсын санхүүгийн корпорацийн хэрэгжүүлж буй “Монгол мах” төслийн хүрээнд аж ахуйн нэгжүүд болон Махны холбоотой хамтраад тодорхой ажлуудыг хийж эхлээд байна. Шинэ стандартад тавигдаж байгаа нь ганц хаяг шошгоны асуудал биш маш олон шаардлага бий. Экспортын үйлдвэр олон улсын HACCP, ISO стандартыг нэвтрүүлсэн байх гээд үе шаттай хийж хэрэгжүүлэх зүйл нэлээд бий.
Экспортын асуудал дан ганц МХЕГ хариуцах асуудал биш. Бодлогын яам, Гадаад хэргийн яам, ГЕГ зэрэг байгууллагын хамтын уялдаа холбоотой шат дараатай хийх ажлууд байдаг.
-Монголын Хятад руу гаргаж байсан махны экспорт зогссон нэг жилийн хугацаанд таны түрүүний хэлсэн ХХААХҮЯ-ны дэргэдэх ажлын хэсэг, аж ахуйн нэгжүүд, ХХААХҮЯ, Гадаад харилцааны яамны зүгээс зүгээр суугаагүй нэлээд ажил амжуулсан байсан. Тэгээд 2022 оны тавдугаар сард дулааны боловсруулалтын махны экспортыг эхлүүлэх тухай Засгийн газрын шийдвэр гараад, ажил яг эхлэх гэж байтал “Эмээлт”-ийн дуулиан гараад, экспортыг энэ оныг дуустал түр зогсоосон. Одоо тэгээд яг яаж шийдэх ёстой бол. Засгийн газрын экспорт эхлүүлэх өмнөх шийдвэр хүчингүй болоогүй. Сүүлчийн түр хориглосон тэмдэглэл мөн байгаа.
-Бодлогын яам экспортын асуудлаа Засгийн газарт тавиад шийдвэрлүүлэх боломжтой. Яам руу бид саналуудаа хүргэчихсэн. Засгийн газрын тэмдэглэлээр өгөгдсөн дулааны аргаар боловсруулсан махны экспортыг 2022 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл түр зогсоосон үүрэг даалгавар бий. Засгийн газрын энэ тэмдэглэл тодорхой хууль тогтоомжийн хүрээнд яаж явах ёстой тэрүүгээрээ л явна.
И.ОТГОНЖАРГАЛ