“AGRO EXPO 2023”-Д СОЛОНГОС, ХЯТАДЫН ХӨДӨӨ АЖ АХУЙН ТЕХНИКИЙН ТОМООХОН КОМПАНИУД ОРОЛЦОЛНО
“Agro Expo 2023” үзэсгэлэнгийн ерөнхий ивээн тэтгэгч “Мөнх ногоон тал” ХХК-ийн захирал Д.Даваанямтай ярилцлаа.
-Сайн байна уу. Юун түрүүнд хөдөө аж ахуйн салбарын нэгдсэн томоохон үзэсгэлэнг дэмжиж ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байгаад нь баяр хүргэе. “Agro Expo” үзэсгэлэнг анх “Атрын 60 жил”-ийн ойтой хамтатган 2019 онд Сүхбаатарын талбайд зохион байгуулж байсан. Тэгвэл энэ жил хоёр дахь удаагаа бие даан зохион байгуулж буй уг үзэсгэлэнд танай компанийн оролцох болсон шалтгаанаас яриагаа эхэлье.
Аль ч салбарын үзэсгэлэн их чухал ач холбогдолтой байдаг. Үйлдвэрлэгчид бараа бүтээгдэхүүн, шинэ техник технологиудыг танилцуулдаг бол хэрэглэгчид нэг дороос үзэх, танилцах, харьцуулалт хийх, худалдан авах боломж бүрддэг нь цаг хугацаа, зардал хэмнэх сайн талтай байдаг. Бидний хувьд үзэсгэлэнгийн үеэр танилцуулгаа аль болох олон хүнд хүргэх, гэрээ байгуулах гэх мэт давуу талууд байдаг учраас энэ үзэсгэлэнд ач холбогдол өгч, оролцож байна.
-Энэ салбарт 2003 оноос хойш хүчин зүтгэж байгаа хүний хувьд Монголын хөдөө аж ахуйн салбарын өнөөгийн хөгжлийн талаар ямар бодолтой байдаг вэ. Аль чиглэл нь илүү хурдацтай хөгжих боломжтой гэж хардаг вэ?
Газар тариалангийн салбар нь дотроо үр тариа болон хүнсний ногооны, хүлэмжийн аж ахуйн гэж дэд салбаруудад хуваагддаг. Үр тарианы салбарт техникийн шинэчлэл маш сайн хийгдсэн, одоо бол дэлхийн хэмжээний сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг манай үр тарианы аж ахуй эрхлэгчид ашиглаж байна. Харин тариалалтын арга технологи болон хөрсөө сайжруулснаар га-гаас авах ургацын хэмжээг олон улсын төвшинд хүргэж нэмэгдүүлэх асуудал бий.
Хүнсний ногооны салбарын хувьд техник технологийн шинэчлэл маш их үгүйлэгдэж байна. Ялангуяа тарилт, арчлалт, хураалтын орчин үеийн техникүүдийг нэвтрүүлэх хэрэгтэй. Техникүүдээ дагаад технологи нь орж ирдэг. Мөн хүлэмжийн аж ахуй, тэр дундаа өвлийн хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх замаар дотоодын нарийн ногооны хэрэгцээг жилийн дөрвөн улиралд хангах шаардлагатай. Харин өвлийн хүлэмжийн аж ахуйг байгуулахад төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаа дээр суурилан томоохон хэмжээгээр хөрөнгө оруулж, шинэ технологи нэвтрүүлснээр органик тариалалтыг хөгжүүлэн, олон төрлийн хүнсний ногоог хөрш улсууддаа экспортлох боломж бий болох юм. Тиймээс энэ салбарыг, тэр дундаа энэ ажлыг хурдацтай хөгжүүлэх шаардлагатай байна. Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн энэ салбарын хөгжилд ихээхэн түлхэц болно гэж найдаж байна.
Газар тариалангийн салбарыг дэмжих зорилготой “Атрын III аян”, “Ногоон хувьсгал”, “Чацаргана” зэрэг хөтөлбөр тариаланчдын хувьд том дэмжлэг болсон ба тэрхүү үйл ажиллагаанд бодит хувь нэмрээ оруулсан гэдгээр нь “Мөнх ногоон тал” компанийг хүмүүс маш сайн мэддэг. Түүнээс хойш танай байгууллага ямар зорилго тавин, аль чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлж, үргэлжлүүлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа талаар хүмүүст илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юү?
Манай байгууллага нь 2003 онд хүнсний ногооны салбарт гар ажиллагааг хөнгөвчлөх, хөдөө аж ахуйн усалгаанд хэрэглэж буй цэвэр усыг хэмнэх, хэрэглээг үр ашигтай, оновчтой болгох, нэгж талбайгаас авах ургацын хэмжээг нэмэгдүүлэхэд шаардагдах шилдэг технологиудыг нэвтрүүлэх зорилго тавин байгуулагдсан. БНСУ-аас нийлэг хальсан хүлэмж импортлон эх орондоо анх удаа худалдаанд гаргасан. Мөн усны хэмнэлттэй дуслын усалгааны систем, хүлэмжийн аж ахуй, хүнсний ногооны аж ахуйд хэрэглэгдэх хөдөлмөр хөнгөвчилсөн техник тоног төхөөрөмжүүдийг оруулж ирсэн.
“Атрын III аян”, “Ногоон хувьсгал”, “Чацаргана” зэрэг хөтөлбөрүүдэд идэвхтэй оролцож Монгол орныхоо өнцөг булан бүрд хүрч техник технологио танилцуулан, фермер ногоочидтойгоо хамтран ажиллаж ирсэн.
Одоогийн байдлаар хүлэмжийн аж ахуй, хүнсний ногоо, үр тариа, мод үржүүлэг, ойн аж ахуй, байгаль орчны салбаруудад шаардлагатай багаж хэрэгсэл, хүлэмж, усалгааны систем, трактор машин механизмуудын ханган нийлүүлэлтийг хийж байна.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн улс орон даяар эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор хувь хүн болон байгууллагууд мод ихээр тарих болсон. Харин тухайн мод тарьж буй хүмүүст мод үржүүлэг, усалгаа, арчилгааны талаар ямар зөвлөгөө өгөх вэ. Хаанаас илүү дэлгэрэнгүй мэдээлэл авч болох вэ?
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан энэ хөтөлбөрийг манай хамт олны зүгээс маш их дэмжиж байгаа. Тарьсан мод бүхэн арчилгаа сайн байж ургадаг. Тиймээс мод тарьж байгаа албан байгууллага, хувь хүн бүр арчилгаа усалгааг мод тарьж буй үйл ажиллагаатай хамт шийдэж байх хэрэгтэй. Тарьсан модондоо хамгаалалтын хашаа барих, дуслын усалгааны систем суурилуулан услах нь тэрбум мод ургуулах ажлын гол амжилт байх болно. Мод тарьж байгаа хүмүүст хэлэхэд тухайн орон нутгийн онцлогт тохирсон нутгийн унаган мод, бутны төрөл зүйлээ зөв тодорхойлох нь зүйтэй. Гадаад улсаас импортолсон мод хэрэггүй. Мөн мэргэжлийн байгуулагаас зөвлөгөө, зааварчилгаа авч тарих нь маш чухал. Манай компанийн мод үржүүлгийн газар 2010 оноос хойш 20 гаруй төрлийн мод үржүүлж байна. Бидэнд хандсан хэн бүхэнд заавар зөвлөгөө өгөхөд бэлэн байдаг.
Энэ үзэсгэлэнгээр дамжуулан олон нийтэд юуг танилцуулахаар бэлдэж байгаа вэ. Үзэсгэлэнгийн цар хүрээ болон ач холбогдлыг хэрхэн харч байна вэ?
Манай улсад сүүлийн дөрвөн жил хөдөө аж ахуйн томоохон хэмжээний үзэсгэлэн зохион байгуулагдаагүй учир энэ үзэсгэлэнд оролцох, энэ үзэсгэлэнг үзэх хувь хүн, аж ахуйн нэгжүүд маш олон байгаа гэж бодож байна. Энэ үзэсгэлэнд БНСУ-ын хөдөө аж ахуйн машин үйлдвэрлэгч “Asia Technology”, дуслын усалгааны систем үйлдвэрлэдэг “Namkyung” компани, БНХАУ-ын трактор, машин үйлдвэрлэгч “Weichai LOVOL Heavy Industry” зэрэг манай хамтын ажиллагаатай компаниуд хүрэлцэн ирж бидэнтэй хамтран оролцохоор бэлтгэж байгаа. Бид энэ үзэсгэлэнд Хүлэмж, хүлэмжид хэрэглэх бага оврын техник тоног төхөөрөмжүүд, усалгааны систем, трактор, машин механизмуудаа танилцуулахаар бэлтгэл ажлаа хангаад байна.
“Agro Expo 2023” олон улсын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн нэгдсэн Монгол дахь хамгийн том үзэсгэлэнг дэмжиж, ерөнхий ивээн тэтгэгчээр оролцож байгаа танай компанийн хамт олонд талархал илэрхийлье. Үзсгэлэнд нь амжилт хүсье.
Баярлалаа, мөн энэхүү үзэсгэлэнг санаачлан зохион байгуулж буй “Экспо Монгол” компанийн хамт олонд талархлаа илэрхийлж, цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсье.