МАЛ ЭМНЭЛГИЙН ХҮРЭЭЛЭН САТРЕПС ХӨТӨЛБӨРИЙГ ДАХИН ХЭРЭГЖҮҮЛНЭ
2014-2019 онд Сатрепс хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан Монгол Улсын мал эмнэлгийн хүрээлэн, Японы Обихирогийн их сургууль хамтын ажиллагаагаа дахин эхлүүллээ.
Тэд адууны аж ахуй, адууны тоо толгойгоор давамгайлдаг, мөн хил орчмын экспортын бүс нутаг, адууны нийлүүлгийн өвчний халдварлалт ихтэй дөрвөн аймгийг сонгон “Халдварт өвчний судалгаа, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох замаар адууны нийлүүлгийн өвчнөөс эрүүлжүүлэх нь” төслийг 2025 -2029 онд хэрэгжүүлэхээр болжээ.
Төслийг Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын Шинжлэх ухаан, технологийн газраас санхүүжүүлэх юм.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан төсөл хэрэгжүүлэх багийн төлөөллийг 2024.05. 27-нд хүлээн авч уулзлаа.
Төслийн Япон талын удирдагчаар Японы Обихирогийн Хөдөө аж ахуй, мал эмнэлгийн их сургуулийн Эгэл биетэн судлалын үндэсний төвийн захирал, профессор, ХААИС-ийн хүндэт профессор Инуе Нобору, менежерээр Япон улсын Обихирогийн Их сургууль Эгэл биетэн судлалын үндэсний төвийн профессор Ёкояама Наоаки, Монголын талын удирдагчаар Мал эмнэлгийн хүрээлэнгийн захирал, профессор Б.Батцэцэг, зохицуулагчаар малын их эмч, доктор Б.Баттөр, малын их эмч, доктор Ц.Мөнхтуул нар ажиллах юм.
Сонгосон дөрвөн аймагт нийлүүлгийн өвчнийг бүрэн эрүүлжүүлэх, адууны үржил селекцийн ажилд зохиомол хээлтүүлэг зэрэг сонгомол үржүүлгийн орчин үеийн аргуудыг нутагшуулан, адууны нийлүүлгийн өвчний оношилгоо, хяналтын дэвшилтэт аргыг нэвтрүүлэх замаар дээрх аймгуудын адуун сүргийг өвчнөөс эрүүл бүс болгох, суурин болон хагас суурин эрүүл адууны аж ахуйнуудыг дэмжин экспортод чиглэсэн мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжихэд төсөл чиглэх ажээ.
Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА нь манай улсын голлох салбар болох хөдөө аж ахуйн салбарын хөгжлийг дэмжин ажилладаг. Тус байгууллагын “Тогтвортой хөгжлийн төлөөх Шинжлэх ухаан, технологийн хамтарсан судалгаа Сатрепс хөтөлбөр нь” нь дэлхийн олон оронд хэрэгждэг бөгөөд манай улсын Мал эмнэлгийн хүрээлэнтэй хамтран хэрэгжүүлж буй хоёр дахь төсөл нь юм.
Сатрепс хөтөлбөрийг өөрийн улсад хэрэгжүүлэх хүсэлтэй дэлхийн 100 гаруй улс жил бүр салбар бүрийн төслөө ирүүлдэг байна. Энэ онд олон орноос мал аж ахуйн чиглэлээр ирсэн 22 төслөөс Монголын Мал эмнэлгийн хүрээлэнгийн төсөл шалгарчээ. Энэ удаагийн төслийг хамтран хэрэгжүүлэх Мал эмнэлгийн хүрээлэн, Японы Обихирогийн их сургуулиуд 1997 оноос хойш хамтран ажиллаж буй. Төслийн хүрээнд хоёр талын судлаачид өргөн хүрээтэй нарийн судалгаа хийж үр дүнгээ хуваалцах юм.
Төслийн үр дүнд адууны өвчлөл, түүний дотор адууны нийлүүлгийн өвчний халдварын байдлыг тогтоож адууны эрүүл мэндийг хамгаалах болон үржлийн ажилд биоинженерчлэлийн аргыг нутагшуулан халдварт өвчний хяналтын тогтолцоо, генетикийн нөөцийн менежементийг боловсронгуй болгох замаар Монгол Улсад мөрдөгдөх малын хорио цээрийн тогтолцооны загварыг боловсруулж, Монголын Засгийн газарт өргөн барихаар төлөвлөж байгаа ажээ.
Эх сурвалж: БШУЯ