"ШИНЭ ХОРШОО" ХӨДӨЛГӨӨНИЙ САНХҮҮЖИЛТИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
“Шинэ хоршоо” хөдөлгөөний зээлийн 5.0 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийн санхүүжилтийн гэрээнд ЗГХЭГ, ХХААХҮЯ, Сангийн яам, Монголбанк, арилжааны долоон банктай өнөөдөр/2024.05.07/ гарын үсэг зурлаа. Жилийн хугацаанд арилжааны банкууд 500 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийг хоршооны гишүүн малчдад олгох аж. Арилжааны банкууд өөрийн эх үүсвэрээр 3-5 жилийн хугацаатай, 6 хувийн хүүтэй зээл олгож, хүүгийн татаасыг ЗГ хариуцна.
Энэ үеэр Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Арилжааны банкуудын зүгээс энэ зээлийг оновчтой хөрөнгө оруулалт гэж үзэж байна. Учир нь орон нутагт хүн амын 52 хувь нь амьдардаг ч хөрөнгө оруулалтын зээл маш бага хэмжээнд гардаг. Хөдөө аж ахуйн салбар ДНБ-д 10 хувийн нөлөө үзүүлдэг. Гэтэл энэ салбар руу нийт олгож байгаа зээлийн тавхан хувь байна. Тиймээс арилжааны банкууд орон нутагт хөрөнгө оруулалтын зээлээ нэмэгдүүлж, хөгжлийг бодитой бий болгох сонирхолтой байна” хэмээн онцлов. Ингэснээр банкуудын нийт зээлийн 20 хувь нь хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарт орж байж тэнцвэртэй хөгжих боломж бүрдэх юм.
“Шинэ хоршоо” хөдөлгөөн нь мал аж ахуйн салбарын нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний мөнгөн урсгалыг тогтмолжуулах, байгалийн гамшгийг хамтын хүчээр хохирол багатай даван туулах улмаар мал аж ахуйн салбар ба малчдын ажил амьдралыг шинэ шатанд гаргахад чиглэгдсэн урт хугацааны бодлогын хөтөлбөр юм.