• Үнэ ханш

    О.Батнайрамдал: Дизель түлш, АИ95 шатахууны үнэ литр тутамдаа 300 төгрөгөөр буурлаа

    Шатахууны үнийн талаар УУХУ-ийн дэд сайд О.Батнайрамдал өнөөдөр /2022.08.22/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

    Дэлхийн зах зээлд Брент маркын түүхий газрын тосны үнэ буурсантай холбоотойгоор Монгол улсын дотоодын зах зээлд дизель түлш болон АИ95 шатахууны үнэ өнгөрсөн амралтын өдрүүдэд литр тутамдаа 300 төгрөгөөр буурсан аж.

    УУХУ-ийн дэд сайд О.Батнайрамдал: “Сүүлийн хоёр жилийн хугацаанд дэлхийн зах зээлд түүхий газрын тосны үнэ сар болгон өссөн бол эдийн засгийн өсөлтийн удаашралтай холбоотойгоор БНХАУ-ын эдийн засгийн өсөлт нь саарснаас үүдэн Брент маркын түүхийн газрын тосны үнэ энэ сард буурлаа. Нэг баррель нь 135 ам.доллар хүрч байсан газрын тос өчигдрийн /2022.08.21/ байдлаар 96 ам.доллар болж  буурлаа. Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ 100 ам.доллараас доогуур хэлбэлзсэн хэвээр үргэлжилбэл дараа сард шатахууны үнэ буурах хандлагатай.

    Монголчуудын хамгийн өргөн хэрэглэдэг АИ92 автобензиний хувьд ОХУ-ын "Роснефть" компанитай нэг тонныг 830 ам.доллараар авах хэлцэл хийсэн. Энэ оныг дуустал нэг литр АИ92 бензин 2390 төгрөг хэвээр байна” гэв.

    Өнгөрсөн долдугаар сарын дундаас буюу наадмын дараахнаас дизель түлшний үнэ нэмэгдэн нэг литр нь 4030 төгрөг хүрсэн нь намрын ургац хураалтад сөргөөр нөлөөлөх учраас Засгийн газраас шатахууны үнэ тогтворжуулах шийдвэрийг долдугаар сарын 20-ны өдөр Засгийн газар гаргасан. Энэ шийдвэрийн дагуу ХАА-н салбарт дизель түлшийг зах зээлийн үнээс литр тутамд 500-600 төгрөгөөр хямдруулан худалдах юм. Ингэснээр газар тариалангийн компаниуд дизель түлшийг хаврын түвшинд буюу 3400 орчим төгрөгөөр худалдан авах бөгөөд зөрүү үнийг Засгийн газар нөхөх юм.

    А.АРИУНЖАРГАЛ


    Сургалт | Бүртгэл

    Манай сургалтанд бүртгүүлэхийг хүсвэл и-мэйл ээ үлдээнэ үү ...