Дулааны аргаар боловсруулсан махны экспортыг сэргээлээ
Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нутаг дахь “Эмээлт” захад хүнсний аюулгүй байдал алдагдсан зөрчлөөс үүдэн экспортод гаргахаар бэлтгээд байсан дулааны аргаар боловсруулсан махны экспортыг энэ 2022 оны дуустал хориглох шийдвэрийг Засгийн газар зургадугаар сарын 8-ны өдрийн хуралдаанаараа гаргасан. Харин өнөөдрийн /2022.08.24/ хуралдаанаараа энэхүү шийдвэрээ цуцалж, дулааны аргаар боловсруулсан махны экспортыг 2022 оны наймдугаар сарын 24-ний өдрөөс эхлэн сэргээж байгаагаа ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан мэдээллээ.
Энэ шийдвэр гарснаар БНХАУ-д экспортын эрхтэй, хяналт шалгалтаар бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, импортлогч орны шаардлага хангаж буй 16 аж ахуйн нэгжийн (давхацсан тоогоор) агуулахад нийт 9537.6 тонн 206.0 тэрбум төгрөгийн экспортын зориулалтаар бэлтгэсэн махыг экспортлох боломж бүрдлээ. Сайд З.Мэндсайханы хэлснээр экспорт нээгдсэнээр 64.5 сая ам.долларын орлого олох боломж нээгдэж байна.
КОВИД-ын улмаас 2020, 2021 онд БНХАУ мах, махан бүтээгдэхүүний импортоо тодорхойгүй хугацаагаар зогсоох шийдвэр гаргасан, харин энэ 2022 онд Монголын аж ахуйн нэгжүүдэд махны экспортын зөвшөөрлийг БНХАУ-ын тал өгөөд экспортоо яг эхлэхийн өмнөхөн Монголын Засгийн газар экспортыг хориглосон шийдвэр гаргасан нь аж ахуйн нэгжүүдийн хувьд цохилт болсон юм.
А.ЧАНДМАНЬ