• Хүнсний аюулгүй байдал

    Эмээлтийн махны тухай мэдээлсэн neguun.mn ёс зүйн алдаа гаргажээ

    Эмээлт захад бэлтгэж байгаа мах чанарын шаардлага хангахгүй байгаа тухай neguun.mn сайт өнгөрсөн тавдугаар сарын сүүлээр мэдээлсэн. Эмээлт захад бэлтгэж байгаа махыг Улаанбаатар хотын иргэд хүнсэндээ хэрэглэхээс гадна мах боловсруулах үйлдвэрүүдэд нийлүүлдэг. Тиймээс Эмээлт захын махны чанарын асуудал нийслэл хотын хүн бүхэнд хамаатай байж, олны анхаарлыг татсан. Энэ мэдээллийн дагуу олон үйл явдал өрнөсөн бөгөөд үүнээс үүдэн дулааны аргаар боловсруулсан махны экспортыг энэ 2022 оны дуустал түр зогсоосон юм.

    Муудсан махны тухай анх мэдээлсэн neguun.mn сайтын редакц энэхүү мэдээллийг бэлтгэн түгээхдээ мэргэжлийн бус хандаж, сэтгүүлчийн ёс зүйн зарчмаа баримтлаагүй гэсэн гомдол Хэвлэл мэдээллийн зөвлөлд ирсэн байна. Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Сонин, сайт, сэтгүүлийн Ёс зүйн хороо энэхүү гомдлыг зургадугаар сарын 21-ний өдөр хэлэлцэж neguun.mn сайтын редакц ёс зүйн алдаа гаргасан хэмээн дүгнэжээ.

    Тус сайтын фэйсбүүк хуудсаар 2022 оны тавдугаар сарын 30, 31-ний өдрүүдэд хүнсний аюулгүй байдалтай холбоотой мэдээллүүдийг шууд дамжуулсан. Тодруулбал, редакц мах, махан бүтээгдэхүүн бэлтгэдэг дотоодын үйлдвэр нэгэн Хятад компанид муудсан, чанаргүй махаа нийлүүлдэг байж болзошгүй талаар мэдээлсэн юм. Хороо энэхүү гомдлыг нягтлан хэлэлцээд редакц тухайн байгууллагыг хүнсний аюулгүй байдалтай холбоотой буюу маш ноцтой асуудалд буруутгаж байгаа хэдий ч мэдээллээ бусад түвшний буюу нэмэлт эх сурвалжуудаас баталгаажуулаагүй, эх сурвалж гэх иргэний үг үнэн болохыг батлах ямар нэг баримт, нотолгоо байхгүй байхад байгууллагын нэр хүндэд халдсан гэж үзээд Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмын 1.1, 1.2, 1.3, 1.6, 4.2 дахь заалтуудыг зөрчсөн байна хэмээн шийдвэрлэлээ” гэж Хэвлэл мэдээллийн зөвлөлийн хэвлэлийн мэдээнд дурджээ.



     

    Сургалт | Бүртгэл

    Манай сургалтанд бүртгүүлэхийг хүсвэл и-мэйл ээ үлдээнэ үү ...