Emongolia цахим системд ХАА-н салбартай холбоотой 76 төрлийн үйлчилгээ байршжээ
УИХ-ын
гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар ХХААХҮЯ-ны удирдах албан
тушаалтнуудтай 2022 оны аравдугаар
сарын 11-ний өдөр уулзаж,
хөдөө аж ахуйн салбарын цахим шилжилтийн талаар ярилцлаа.
Үндэсний Емонголиа
цахим системд хүнс, хөдөө аж
ахуй, хөнгөн үйлдвэрийн салбартай холбоотой 76 төрлийн үйлчилгээг байршуулсан байгааг ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн
дарга Т.Жамбалцэрэн хэллээ. 21 аймаг, 330 суман дахь газар тариалан, мал
аж ахуйн үйлдвэрлэл, үйлчилгээг цахимжуулах ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд
хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний гарал үүслийн талаарх мэдээлэл үйлдвэрлэлээс
хэрэглэгч хүртэл нэгдсэн системд бүртгэгдэх хяналттай, хариуцлагатай тогтолцоог
бий болгохоор ХХААХҮЯ ажиллаж
байгаа хэмээн тэрбээр хэллээ. Салбарын хэмжээнд мэдээлэл
технологийн чиглэлийн хүний нөөцийг нэмэгдүүлэх, систем хөгжүүлэлтийг
сайжруулах, цахим төслийн санхүүжилттэй холбоотой анхаарах асуудлууд байгаа ажээ.
ХХААХҮЯ-ны Мэдээллийн
технологи, статистикийн хэлтсийн дарга Ж.Батсайханы танилцуулсанаар мал аж ахуйн болон газар
тариалангийн цахим систем, төрийн мэдээллийн сүлжээ, жижиг, дунд үйлдвэрийн
цахим систем, урамшууллын систем, тоон мэдээллийн нэгдсэн систем /dashboard/-ыг
хөгжүүлэн ажиллаж байна. Түүнчлэн “Хариуцлагатай нүүдэлчид” малын
гаралтай түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн нэгдсэн системд 18 аймгийн 156
сумын бэлчээр ашиглагчдын холбооны мэдээлэл бүртгэгдсэн байна. Мөн 82 түүхий
эдийн анхан шатны хоршоо, 6 дундын хоршоо, 20 хадгаламж зээлийн хоршоодын
мэдээлэл нэгтгэгджээ.
Улсын Их Хурлын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын
хорооны дарга Э.Батшугар, Монгол Улсын Засгийн газрын цахим үндэстэн болох
зорилт амжилттай хэрэгжиж буйд баяртай байгаагаа илэрхийлээд, үйлдвэрлэгчээс
хэрэглэгч хүртэлх бүртгэл, мэдээллийг тодорхой болгосноор хөдөө аж ахуйн
бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх бүрэн боломжтой хэмээлээ. Төр нь стандарт,
дүрэм журам, хяналтыг тогтоон, хувийн хэвшлийн компанууд хөгжүүлэлт,
хэрэгжүүлэлтийн чанарт анхаарч ажиллавал үр дүнд хүрэх боломжтойг онцлон
тэмдэглэв. Түүнчлэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хэрэгжүүлэх
цахим шилжилтэд тулгарч буй асуудалд Инноваци, цахим бодлогын байнгын хороо
анхаарал хандуулан ажиллахаа мэдэгдлээ.
Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс