МАХ, МАХАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ, ХУДАЛДААНЫ ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАЛТЫГ МӨРДӨЖ АЖИЛЛАНА
Монгол Улсад мал төхөөрөх 98, мах боловсруулах 80 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд суурилагдсан хүчин чадлынхаа 10 хүрэхгүй хувийг ашиглаж байна. Сүүлийн таван жилд дунджаар 35.7 мянган тонн махыг үйлдвэрийн аргаар төхөөрсөн нь хөдөө аж ахуйгаас бэлтгэсэн махны 6.2 хувийг эзэлж байна.
Мах, махан бүтээгдэхүүн, түүний үйлдвэрлэл, худалдааны аюулгүй байдлыг хангах, хүн, мал, амьтны эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, нийтийн ашиг, сонирхлыг хамгаалах зорилгоор өнгөрсөн оны зургаадугаар сард Засгийн газрын 224 дүгээр тогтоолоор мал төхөөрөх, мах боловсруулах, хадгалах, тээвэрлэх, борлуулах шатанд аюулгүй байдлыг хангах угтвар нөхцөл (PrP), эрүүл ахуй, ариун цэврийн стандарт ажиллагааны заавар (SSOP)-ыг багтаасан “Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны техникийн зохицуулалт”-ыг баталсан.
Дээрх зохицуулалт нь нийтийн эрүүл мэндийг хамгаалах, өртөг шингэсэн, эрүүл ахуйн шаардлага хангасан мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, монгол малын махны экспортын зах зээлийг өргөжүүлэх, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Энэхүү техникийн зохицуулалт энэ оны буюу 2023 оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхлэх бөгөөд 2025 он гэхэд бүрэн хэрэгжсэн байхаар төлөвлөсөн байна.