• Эдийн засаг

    "Зөвлөлдөж шийдье" зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь удаагийн уулзалт эхэллээ

    Улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатайгаар тодорхойлох, асуудлын эрэмбэ, шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн талаар иргэдтэй зөвлөлдөх, үндэсний зөвшилцлийг хангах "Зөвлөлдөж шийдье" улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатны зөвлөлдөх уулзалт өнөөдөр /2023.02.14/ нээлтийн арга хэмжээний дараа “Иргэний болон улс төрийн эрх, хариуцлага” сэдэвт нэгдсэн хэлэлцүүлгээр эхэлсэн юм.
    Монгол Улс парламентын засаглалтай орон учраас иргэд сонгож байгуулсан Улсын Их Хурлаараа уламжлан засгийн эрхийг хэрэгжүүлдэг. Мөн иргэдэд төрийн бодлого үйл ажиллагаанд оролцох өргөн боломж байдаг.
    Улсын Их Хурлын 2022 оны 80 дугаар тогтоолын дагуу зохион байгуулж буй "Зөвлөлдөж шийдье" зөвлөлдөх уулзалтыг Улсын Их Хурлын гишүүн, Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх Ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн даргалж байна.
    Зөвлөлдөх санал асуулгад оролцох иргэдийг Үндэсний статистикийн хороо статистикийн шинжлэх ухаанд өргөнөөр ашигладаг санамсаргүй түүврийн аргаар сонгож, нийгмийн бүхий л давхаргын төлөөллийг тэнцвэртэй оролцуулсан байна. Зөвлөлдөх санал асуулгын нэг дэх шатны санал асуулгыг 2023 оны нэгдүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн Монгол орон даяар санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон 1570 иргэнээс авсан. Хоёр дахь шатны зөвлөлдөх уулзалтад санал асуулгад оролцсон дээрх иргэдээс дахин санамсаргүй түүврийн аргаар 50-иас доошгүй хувийг сонгосон бөгөөд 800 гаруй иргэн Төрийн ордонд болж буй зөвлөлдөх уулзалтад оролцож байна. Улаанбаатар хотоос 374 хүн, орон нутгаас 427 хүн хүрэлцэн иржээ. Нийт оролцогчдын 54 хувь нь эмэгтэй, 46 хувь нь эрэгтэй байна. Насны тархалтын хувьд дундаж нас 37, хамгийн залуу оролцогч 20 настай бол хамгийн ахмад оролцогч 89 настай байна. 20-29 насны оролцогчид нийт оролцогчдын 12.5 хувийг бүрдүүлжээ. Боловсролын түвшингээр авч үзвэл 25 хувь нь дээд боловсролтой, 28 хувь нь бүрэн дунд боловсролтой, найман  хувь нь бага болон боловсролгүй, 18 хувь нь мэргэжлийн болон тусгай мэргэжлийн боловсролтой, долоон  хувь нь магистр болон түүнээс дээш эрдмийн зэрэг цолтой байна. Нийт оролцогчдын 65.4 хувь нь хөдөлмөр эрхэлдэг бол 34.6 хувь нь хөдөлмөр эрхэлдэггүй оролцогчид байна. 
    "Зөвлөлдөж шийдье" улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатны зөвлөлдөх уулзалтыг нээж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэлсэн юм. 
    Зөвлөлдөх санал асуулгын гол зорилго нь социологи, математикийн шинжлэх ухааны аргачлалаар  нийт ард түмнийг төлөөлж чадахуйц хүмүүс нэг дээвэр дор цугларч байгааг тэрбээр дурдаад "Та бүхний дотор малчин, эмч, багш нар болон эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, залуучуудын гэх мэт мэргэжил, боловсрол, нас, хүйс, орлогын түвшин харилцан адилгүй нийгмийн бүх давхаргын төлөөлөл байна. Энэ бол улс төрийн зорилгоор үзэл бодлоо илэрхийлдэг цуглаан биш, нийт  ард түмнийг төлөөлөл үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх гэж байна" хэмээлээ.  
    Төрийн хэрэгт оролцож буй иргэдийг мэдлэг, мэдээллээр хангах нь хамгийн чухал гэдгийг Г.Занданшатар дарга тэмдэглээд "Та бүхэн эхлээд хэлэлцэх гэж буй асуудал, дэвшүүлж буй асуултын талаар  эерэг, сөрөг талтай тэнцвэртэй мэдээллийг авсны дараа асуудалд нухацтай хандаж, асуултаа асууж, санал бодлоо илэрхийлэх ёстой юм" гэлээ.
    Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн дагуу санал асуулга явуулахын өмнө шийдвэр гаргах эрх бүхий этгээд санал асуулгад бэлтгэх, зохион байгуулах үйл ажиллагаанд хяналт тавих, санал асуулгын дүнг нэгтгэн зөвлөмж боловсруулах үүрэг бүхий Зөвлөлдөх зөвлөлийг байгуулахаар заасан байдаг. Монгол Улсын Их Хурлын 2023 оны нэгдүгээр сарын 06-ны өдрийн 02 дугаар тогтоолоор “Зөвлөлдөж шийдье” улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах, Зөвлөлдөх зөвлөлийг байгуулсан юм.
    Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүнд төрийн улс төрийн болон төрийн жинхэнэ албан хаагч, улс төрийн намын удирдах болон гүйцэтгэх албан тушаалтныг томилохгүй гэж заасны дагуу 11 хүний  бүрэлдэхүүнтэй байгуулсан. Зөвлөлдөх зөвлөлийн даргаар  академич, шинжлэх ухааны доктор, профессор Г.Чулуунбаатар ажиллаж байгаа юм. 
    Зөвлөлдөх ардчиллын орчин үеийн онолд суурилсан зөвлөлдөх санал асуулгын энэ хэлбэрийг эдүгээ дэлхийн олон улс оронд хэрэглэдэг байна. Манай улсын хувьд орон нутгийн түвшинд 2 удаа, улсын хэмжээнд 2 дахь удаагаа зохион байгуулж байгаа нь юм. Улсын Их Хурлын 2023 оны 02 дугаар тогтоолоор байгуулагдсан Зөвлөлдөх зөвлөл нь хуулиар хүлээсэн чиг үүрэг, зорилтоо биелүүлэхийн төлөө Төрийн байгуулалтын байнгын хорооноос баталсан ерөнхий төлөвлөгөөний хүрээнд үйл ажиллагаагаа нарийвчлан төлөвлөж, бүхий л бололцоогоо дайчилж байгааг тэрбээр нээлтийн үгэндээ тэмдэглэн хэллээ.
    Тус зөвлөл байгуулагдсан өдрөөсөө хойш нийт 9 удаа хуралдаж, дотоод зохион байгуулалт, зөвлөлдөх санал асуулгын асуултыг боловсруулах, зөвлөлдөх санал асуулгын үе шат, санал авах өдрийг тогтоох техникийн хяналтын комисс байгуулах, хоёр дахь шатанд сонгогдсон иргэдэд тухайн сэдвээр мэдээлэл өгөх, судлаач, мэргэжилтэн, хөндлөнгийн шинжээч, төрийн байгууллагын албан тушаалтныг шийдвэр гаргах эрх бүхй этгээдэд санал болгох зэрэг хуульд заасан тодорхой асуудлуудыг хэлэлцэн зохих шийдвэрийг гаргасан байна.
    Өнөөдөр эхэлж буй энэхүү Зөвлөлдөх уулзалтын турш оролцогчид урьдчилан хүргүүлсэн лавлагаа, танилцуулга, мэдээлэлтэй танилцахын зэрэгцээ асуулгын дөрвөн сэдэв тус бүрээр 2 илтгэгчийн тэнцвэртэй мэдээлэл сонсоно. Оролцогчдыг 15, 15-аар нь бүлэг болгон хуваарилж, өөр хоорондоо зөвлөлдсөний дараа судлаач, мэргэжилтэн, хөндлөнгийн шинжээчид асуулт тавьж, хариулт авах юм. Хоёр өдрийн турш холбогдох мэдээллийг сонсож, зөвлөлдсөн оролцогч нэг бүрээс өмнө авсан асуулгаар дахин санал асуулга авна. Үндэсний статистикийн хороо эхний болон хоёр дахь шатны санал асуулгын дүн, Зөвлөлдөх уулзалтын дүнг шинжлэх ухааны арга зүй, аргачлалын дагуу нэгтгэн боловсруулж тодорхой дүгнэлт бүхий тайланг зөвлөлдөх зөвлөлд ирүүлэх юм. Зөвлөл түүнийг үндэслэн асуулт тус бүрээр зөвлөмж боловсруулан тогтоосон хугацаанд нь шийдвэр гаргах эрх бүхий этгээд буюу Улсын Их Хуралд хүргүүлэх юм.
    Төрийн ордонд 14, 15-ны өдрүүдэд үргэлжлэх зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатны Зөвлөлдөх уулзалт “Иргэний болон улс төрийн эрх, хариуцлага”, “Парламентын ардчилал, “Эдийн засаг, баялгийн сан, төвлөрлийг сааруулах”, “Нийгмийн тулгамдсан асуудлууд” гэсэн дөрвөн багц сэдвийн хүрээнд өрнөж, илтгэлүүд танилцуулан хэсгийн сургалтууд явагдаж, нэгдсэн хэлэлцүүлгүүд болох аж. 
    Эх сурвалж: Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

    Сургалт | Бүртгэл

    Манай сургалтанд бүртгүүлэхийг хүсвэл и-мэйл ээ үлдээнэ үү ...