Газар тариалангийн компаниудад дизель түлшийг хөнгөлөлттэй үнээр худалдана
Наадмын
дараахнаас дизель түлшний үнэ нэмэгдэн нэг литр нь 4030 төгрөг хүрээд байна.
Оны эхэнд нэг литр дизель түлш 2840 төгрөг байсантай харьцуулахад 41,9%-иар
нэмэгдээд байгаа юм. УУХҮЯ-наас мэдээлснээр дизель түлшний дэлхийн зах зээлийн үнэ
2022 оны эхэнтэй харьцуулахад 80 гаруй хувиар нэмэгдэж нэг тонн дизель түлш
1295 ам.доллар болоод байна.
Дизель түлшний
үнэ ийнхүү нэмэгдэж байгаа нь намрын ургац хураалтын ажилд сөргөөр нөлөөлж болзошгүй
байгааг харгалзан Монгол Улсын Засгийн газраас газар тариалангийн салбарын түлшний
үнэд зохицуулалт хийхээр өнөөдрийн /2022.07.20/ хуралдаанаар шийдвэрлэлээ.
Сангийн сайд Б.Жавхлангийн
хэлснээр ХАА-н салбарт дизель түлшийг зах зээлийн үнээс литр тутамд 500-600
төгрөгөөр хямдруулан худалдах, долдугаар сарын 1-нээс дизель түлшний гаалийн
татвар 5% байсныг тэглэх зэрэг арга хэмжээ авахаар болжээ. Хавар тариалалт
эхлэх үед нэг литр дизель түлш 3400 орчим төгрөг байсан бөгөөд ингэснээр одоо
байгаа үнийг хаврын үнэд аваачна хэмээн УУХҮ-ийн сайд Г.Ёндон хэллээ. Намрын
ургац хураалтад хэрэглэгдэх 10 мянга орчим тонн дизель түлшийг хөнгөлөлттэй
үнээр компаниудад худалдах юм.
Сүүлийн өдрүүдэд
хүнсний ногооны гол төрөл болох төмсний үнэ нэг кг 4500-5000 төгрөг хүрээд
байгааг түлш шатахууны үнэ өссөнтэй холбон иргэд тайлбарлаж байгаа. Энэ үнэ
үндэслэлгүй хэмээн Г.Ёндон сайд хэллээ. “Бидний хийсэн судалгаагаар Дарханаас
200 км зайтай газраас хүнсний ногоо нийслэл рүү тээвэрлэхэд 1 кг ногоонд 50
мөнгө нэмэгдэхээр байна. Иймд ШӨХТГ, МХЕГ-тай хамтраад хүнсний бүтээгдэхүүний
үнэ нэмэгдэж буй асуудалд хяналт тавина. Хүнсний ногооны үнэ дэх шатахууны
хамаарлыг байхгүй болгохоор ажиллаж байна" хэмээн УУХҮ-ийн сайд хэллээ.
А.ЧАНДМАНЬ