• Агробизнес

    Монгол, Хятадын махны холбоо уулзалт хийв

    И.Жаргал

         Монголын махны холбоо БНХАУ-ын Махны холбоо хамтран ажиллах талаар өнгөрсөн баасан гариг буюу гуравдугаар  сарын 10-нд цахим уулзалт зохион байгууллаа. Уулзалтад Монголын талаас  Монголын махны холбооны удирдлагууд, тус холбооны гадаад хамтын ажиллагааны болон олон улсын зөвлөхүүд, ХХААХҮЯ, ГХЯ-ны холбогдох мэргэжилтэн, манай улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны Нарийн бичгийн дарга, Олон улсын санхүүгийн корпораци/IFC/-ийн төслийн мэргэжилтэн зэрэг төлөөлөл байсан бол Хятадын талаас тус улсын Махны холбооны Гүйцэтгэх дэд ерөнхийлөгч, Ерөнхий нарийн бичгийн дарга, Дэд ерөнхийлөгч, Олон улсын харилцаа, хамтын ажиллагааны секторын дэд захирал, тус секторын мэрэгжилтэн нар оролцсон байна. 

         Энэ үеэр хоёр холбооныхон өөрсдийн байгууллагын болон үйлдвэрлэл, зах зээлийн танилцуулга хийж, махны экспорт, импорттой холбоотой асуудлуудаар харилцан санал солилцож, урт хугацааны хамтын ажиллагааны гэрээ байгуулахаар болжээ. Түүнчлэн хоёр тал гадаад хамтын ажиллагааны харилцаа тогтоох хүмүүсээ ч тохирчээ. 

        Хурлын үеэр Монголын махны холбооны гүйцэтгэх захирал Н.Батсуурь дэлхийд ховорхон бэлчээрийн монгол малын махыг БНХАУ-ын зах зээлд ахиу хэмжээгээр нийлүүлэх хүсэлтэй  байгаагаа илэрхийлж, цаашид хөрөнгө оруулалт, сургалт, харилцан туршлага солилцох зэрэг асуудлыг хөндсөнийг Хятадын махны холбооны зүгээс таатай хүлээн авч, Монголын махны холбоотой бүх талаар хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.  

        Мөн Хятадын махны холбооны зүгээс энэ оны дөрөвдүгээр сарын 20-24-нд урд хөршийн Чиндао хотод болох хөдөө аж ахуйн томоохон үзэсгэлэнд Монголын махны холбооны удирдлагуудыг холбооны гишүүн байгууллагуудын хамт оролцохыг урьсан байна. Үүнээс гадна тус холбооны зүгээс мах экспортлогч, импортлогч талыг оролцуулсан уулзалтыг хоёр улсын алинд ч зохион байгуулахад бэлэн байгаагаа онцлон тэмдэглэсэн байна. 

        Ийнхүү хоёр улсын Махны холбооны цахим уулзалт маш амжилттай болжээ. 

    Сургалт | Бүртгэл

    Манай сургалтанд бүртгүүлэхийг хүсвэл и-мэйл ээ үлдээнэ үү ...