Монгол тогтвортой хөгжлийн бодлогыг түгээн дэлгэрүүлж, бэхжүүлэх үүрэгтэй
БШУЯ, БОАЖЯ, Швейцарын хөгжлийн агентлагын /ШХА/ хамтран хэрэгжүүлж буй Тогтвортой хөгжлийн боловсрол-II/ТХБ-II/ төслөөс “Тогтвортой хөгжлийн боловсролыг үндэсний түвшинд институтчилэх нь” сэдэвт хэлэлцүүлгийг /2023.03.23/-нд зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт ЗГХЭГ, БОАЖЯ, БШУЯ, ЭЗХЯ, СЯ, БЕГ, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, Швейцарийн хөгжлийн агентлаг, ТХБ-II төслийн зөвлөн зохицуулах үндэсний багийн гишүүд, төслийн орон нутгийн түшиц байгууллага Байгаль орчны мэдээлэл сургалтын төв ТББ-ын төлөөлөл оролцож ТХБ-II төслийн сайн туршлагуудтай танилцуулцан тогтвортой хөгжлийн боловсролыг үндэсний түвшинд институтчилэх үзэл баримтлалын талаар санал солилцлоо.
Энэ үеэр Монголын сэтгэл зүйчдийн нийгэмлэгийн тэргүүн Ш.Батсүх Австри, ХБНГУ зэрэг орны ТХБ-ын үзэл баримтлалыг хэрэгжүүлж буй туршлагаас танилцуулсан юм. Австри улс тогтвортой хөгждийн бодлогын стратeгиа 15 жилийн өмнө 2008 онд баталж хүйсийн тэгш эрх, жeндэрийн асуудал, эрүүл мэнд, хүрээлэн буй орчноо хамгаалах, хөдөөгийн хөгжил, хүмүүнлэгийн болон энх тайвны аюулгүй байдал, тогтвортой хэрэглээ, соёлын олон талт байдал, хотуудын тогтвортой хөгжил гэсэн үндсэн асуудалд төвлөрч байжээ.
ХБНГУ-д муж улс тус бүрдээ ТХ, ТХБ-ын үзэл баримтлалыг хэрэгжүүлэх бодлого, бүтэцтэй аж. Тухайлбал Хэссэн муж "Дугуй ширээний” загвар бүхий зөвлөлтэй. НҮБ-ын ЮНEСКО, эрдэмтэн судлаачид тус зөвлөлийн зөвлөхөөр ажилладаг бол гишүүд нь төр, ТББ -ын төлөөллүүдээс бүрддэг гэлээ.
Харин Монгол Улсын тухайд Тогтвортой хөгжлийн боловсрол /ТХБ/-ын интитуцын бүтцийг бий болгох шаардлага бийг талууд онцоллоо.
2018 онд баталсан “Тогтвортой хөгжлийн боловсрол үндэсний хөтөлбөр” өнгөрсөн жил хэрэгжиж дуусчээ. Эхний ээлжинд тус хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэх, ТХБ-ын үзэл санааг хэрэгжүүлэх, хариуцах бүтцээ бий болгож, стратеги төлөвлөгөө, замын зураглалаа гаргах шаардлагатай байна гэж судлаач доктор, профессор Ш.Батсүх онцоллоо. Тэрбээр “Монгол Улс Олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө 2030 он хүртэл хүлээсэн үүрэг бий. Үндэсний түвшинд ТХБ-ын үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, институтчилэх, ололт амжилтаа бэхжүүлэх үүрэгтэй. Тиймээс 2030 он хүртэл ирэх найман жилд эдгээрийг хэрхэн яаж хэрэгжүүлэх талаар энэ хэлэлцүүлгээр санал солилцлоо.
Боловсролын ерөнхий хуулийн төсөлд “бүх шатны сургуулиудын сургалтын агуулгад Тогтвортой хөгжлийн үзэл санааг тусгана” гэж оруулсан байсан. УИХ-аар хэрхэн батлагдахыг мэдэхгүй. Өнөөдрийн хэлэлцүүлгээр гарсан саналуудыг тусган Засгийн газарт оруулахаар төлөвлөж байна” гэлээ.