• Эдийн засаг

    ҮЕРИЙН АЮУЛ УЛСТӨРЖИЛТӨӨС ДАВЖ, ГАМШГИЙН ХЭМЖЭЭНД ХҮРЛЭЭ, НИЙТЭЭРЭЭ САНАА ТАВЪЯ

     Улаанбаатар хот орчимд нүүрлээд байгаа Сэлбэ голын далан сэтэрснээс үүдэлтэй үерийн асуудалд  нийслэлчүүд өнгөрсөн хоёр өдөр  нэгнээ буруутгаж, улстөржиж өнжсөн. Одоо тэгвэл уг асуудал бидний хувьд хий хоосон хэн нэгнийг буруутгасан улстөржилтөөс давж, гамшгийн хэмжээнд хүрлээ.

     

    Одоогийн байдлаар(2023.07.06-ны 18:17 цаг) Нийслэлийн онцгой комиссын мэдээлж буйгаар Улаабаатарын 18 байршилд үерийн аюултай нөхцөл үүсээд байгаа аж. Энэ нь зөвхөн нийслэлийн Сэлбэ, Дунд гол дагуух байршлууд төдийгүй Хандгайт зэрэг зуслангийн гол үерлэж, айлуудын хашаа, байшингууд урсаж байгаа дүр төрхийг бид харж сууна.

     

    Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт байрлах зуслангийн гүүрт үерийн улмаас цууралт үүссэн бол Баянзүрх дүүргийн Натурын зам дахь Сэлбэ голын гүүр нурах эрсдэлтэй болсон тул хэдхэн цагийн өмнө автомшин болон явган хүний хөдөлгөөнийг хориглож, хаалаа.

     

    Мөн Замын цагдаагийн зам дагуу байрлах “Буян” компани, “Таванбогд” группын “Toёота моторс” автомашины оффис зэрэг усанд автсан байдалтай байгааг та бүхэн зургаас харж байна. Үерийн ус хальсан замууд дахь барилга байшингуудын нэгдүгээр давхарт байрладаг үйлчилгээний газрууд усанд автаж эхэлсэн.

     

     ЕРӨНХИЙ САЙД НӨХЦӨЛ БАЙДАЛТАЙ ТАНИЛЦАЖ, ҮҮРЭГ ӨГЛӨӨ

     

    Сэлбэ голын ус хальж, үерлэхэд хамгийн их нөлөөлж байгаа зүйл нь эрэг дагуух барилга, орон сууцны хорооллууд гэдгийг УОК, НОК-ийн удирдлагууд онцлов. Энэ дагуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сэлбэ, Дунд голын бүсэд барилга, орон сууц барьж буй зарим газарт өнөөдөр очиж, нөхцөл байдалтай танилцаж, дараах үүрэг чиглэлийг өглөө.

    ·       Үер усны далан, суваг, шуудуу хааж газар олгосон, барилга барьсан, холбогдох зөвшөөрөл олгосон албан тушаалтнуудыг АТГ болон холбогдох хууль, хяналтын байгууллагад яаралтай өгч шалгуулах,

    ·       Шаардлагатай тохиолдолд барилга байгууламжийг нураах,

    ·       Ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг аймаг, нийслэл, дүүрэг, орон нутгийн удирдлагууд өгдөггүй байх хууль санаачлах,

    ·       БХБЯ-ны Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрыг түр хугацаанд Ерөнхий сайдын дэргэд ажиллуулах,

    ·       гэр хорооллын үерийн аманд байрладаг айл, өрхүүдэд онцгой анхаарах, халдварт өвчин тархахаас сэргийлж ариутгал, халдваргүйтгэлийг шуурхай хийхэд анхаарахыг УОК, НОК-т  үүрэг болгов.

     

    “НАРНЫ ЗАМ”-ААС УРАГШАА СОЁМБОТОЙ ХӨШӨӨ ХҮРТЭЛХ АВТО ЗАМЫН ГҮҮРЭН БАЙГУУЛАМЖИЙГ СЭТЭЛНЭ

     

     “Усан парк” буюу сүүлийн үед иргэд “Авлига хороолол” гэх болсон барилгын талбай нь Дунд голын урсацыг сааруулж байгаа учир УОК, НОК-ийнхон эхний ээлжид “Нарны зам”-аас урагшаа Соёмботой хөшөө хүртэлх авто замын гүүрэн байгууламжийг сэтэлж усыг голдирлоор нь урсгах арга хэмжээ аваад байгаа аж. 20О8 онд анх газар олгох зөвшөөрөл авахдаа “Усан парк” барина хэмээн газрын болон барилгын зөвшөөрөл гаргуулсан ч сүүлдээ орон сууцны хороолол барьж эхэлсэн. Уг барилгын асуудлыг сүүлийн жилүүдэд шат шатны шүүх дамжиж цаг хожсоор өнөөг хүрсэн гэдгийг Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар хэллээ.

     

    УРИАЛГА


     

       Цагдаагийн байгууллагаас нийслэлийн хэмжээнд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан иргэд, олон нийтэд зайлшгүй шаардлагатайгаас бусад үед автомашинтай зорчиж, замын хөдөлгөөний ачааллыг нэмэгдүүлэхгүй байж үерийн усыг хаах хүн, хүч, автомашин, техник хэрэгсэлд үүрэг гүйцэтгэх боломж олгох, эрх бүхий байгууллагаас гаргасан гамшгаас хамгаалах шийдвэрийг биелүүлж, хамтран ажиллахыг уриалж байна.

     

    Үер усны асуудал  ганц Сэлбэ дагасан байрууд, аж ахуйн нэгжүүдийн асуудал биш боллоо. Олон байршилд цахилгаангүй болж, нийслэлээр бохир урсаж, авто замууд эвдэрч, түгжрэл дээд цэгтээ тулж байна.

    Мөн хүмүүс усанд гэртээ боогдож, ажил алба цалгардахад хүрч, олон нялх нойтон хүүхэд, өндөр настай, өвчтэй зовлонтой хүмүүс тог, усгүй зутарахад хүрлээ.

     

    Байгалийн гамшгийн үед бид  тэрний буруу, энүүний буруу гэж хошуу амаа бэлүүдэж суухаасаа илүүтэй айл хөрш, ах дүү, хамаатан садныхаа  өндөр настан, нялх балчир хүүхдүүд, тулгар биетэй эмэгтэйчүүдэд анхаарал халамж тавьж, хаа хаанаа сэрэмжтэй байж, үерийн гамшигт автаад буй нэгэндээ тусалъя.

    Зөвхөн УОК, НОК-ынхон, цэрэг, цагдаад найдах биш, завтай боломжтой бүхэн нэгэндээ санаа тавьж, аюулгүй байдлаа ханган, үер усны аюултай  хамтдаа тэмцье.

     

    ОЙРЫН ӨДРҮҮДИЙН ЦАГ АГААРЫН СЭРЭМЖЛҮҮЛЭГ

     

    Сошиалд цаг уурын байгууллагаас дутахгүй цаг агаарын мэдээллийг хамгийн найдвартай эх сурвалжаас энгийн ойлгомжтойгоор байнга  хүргэдэг @Enkhbayar Namjildorj эдийн засагчийн саяхан бичсэн цаг агаарын сэрэмжлүүлгийг хүргэе.

    - Ирэх өдрүүдэд хангайн болон төвийн бүс нутгаар усархаг бороотой өдрүүд үргэлжилнэ.

    - Сэлбэ, Улиастай голын эх орчимд ирэх 10 хоногт орох хур тунадасны нийлбэр хэмжээ 80-90 мм, УБ хот орчимд 50-60 мм-т хүрэх төлөвтэй байна.

    - Долоодугаар  сарын 8-9-нд Улаанбаатар хот орчимд орох бороо түр зуур багасах боловч 11-нд Төв, Сэлэнгийн нутаг, УБ хот орчимд дахин усархаг бороо орох төлөвтэй байна.

     

     

    Сургалт | Бүртгэл

    Манай сургалтанд бүртгүүлэхийг хүсвэл и-мэйл ээ үлдээнэ үү ...