• Эдийн засаг

    Мал аж ахуйн салбарын анхны IPO-г “Монбийф” хийлээ

    Өнгөрсөн жилээс хүнсний дэлгүүрүүдийн лангуун дээр “Монбийф” компанийн шошготой үхрийн махан бүтээгдэхүүн үзэгдэх болсон. Ялангуяа шууд шарахад бэлэн стэйкний шүүслэг мах нь хэрэглэгчдийн таашаалд нийцсэн.

    Гарал үүсэл нь тодорхой, баталгаатай үхрийн мах зах зээлд нийлүүлэх зорилготой “Монбийф” компани энэ өдрүүдэд Монголын Хөрөнгийн биржээр үнэт цаасаа арилжиж байна. “Монбийф” компанийн IPO-гийн анхдагч зах зээлийн арилжаа 2022 оны наймдугаар сарын 8-нд эхэлсэн бөгөөд энэ долоо хоногийг дуустал буюу наймдугаар сарын 12-ны өдөр хүртэл арилжих юм. Энэ нь Монголын мал аж ахуйн салбарын анхны IPO болж байгаагаараа онцлог.

    “Монбийф” компанийн 30% буюу 64.2 ширхэг хувьцааг нэгж үнийг нь 45 төгрөгөөр үнэлэн арилжиж байна. IPO-гийн анхдагч зах зээлээр 2,9 тэрбум төгрөг татан төвлөрүүлэх зорилготой. Татан төвлөрүүлсэн хөрөнгийн гуравны хоёр буюу 1,9 тэрбум төгрөгийг тоног төхөөрөмжийн шинэчлэлд, үлдсэн 1 тэрбумыг фермийн барилга байгууламжид зарцуулах юм.

    “Монбийф” ХХК нь харьцангуй шинэ компани. 2020 онд байгуулагдаж, өнгөрсөн 2021 оны долдугаар сараас Төв аймгийн Сэргэлэн суманд үхрийн эрчимжсэн фермийг ажиллуулж байна. Малчдын хотонд төллөн бойжсон өсвөр үхрийг өөрийн ферм дээрээ хүлээн авч 100 хоногийн турш малын эмчийн хяналтад шим тэжээлээр баялаг өвс тэжээлээр тэжээж, эрүүл ахуйн шаардлага хангасан орчинд бэлтгэн боловсруулсан махыг гол төлөв Улаанбаатар хотын зах зээлд нийлүүлж байна. Өнөөдрийн байдлаар тус компани 6 төрлийн стэйк, 10 нэр төрлийн ангилсан махыг 3000 гаруй цэгээр нийлүүлдэг.

    “Монбийф” компанийн толгой компани нь “Таванбогд” групп юм.

    Монголчуудын үхрийн махны жилийн хэрэглээ ойролцоогоор 2 их наяд төгрөг гэсэн статистик бий. Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй хүнсний үйлдвэрлэлийн компани тийм ч олон биш. Үүнээс өмнө “Түмэн шувуут” болон “Монос хүнс” компаниуд 2018 онд IPO хийсэн.

    А.ЧАНДМАНЬ

    Сургалт | Бүртгэл

    Манай сургалтанд бүртгүүлэхийг хүсвэл и-мэйл ээ үлдээнэ үү ...