• Агробизнес

    Аймаг орон нутагтаа ган, зудын эрсдэлийн үнэлгээ хийж, бодитой дүгнэлт гаргах чиглэл өглөө

    2022-2023 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангуулах онлайн уулзалтыг Шадар сайд С.Амарсайхан, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан нар өнөөдөр /2022.08.15/ зохион байгууллаа. Уулзалтын эхэнд хөдөө аж ахуйн салбарын өнөөгийн байдлын талаар мэдээлэл сонслоо.

    2021 оны жилийн эцсийн мал тооллогоор 67.3 сая мал тоологдсон, энэ хавар 24 сая төл хүлээн авч авч бойжуулснаар өнөөдрийн байдлаар 90 гаруй сая мал байна. Үүнийг хонин толгойд шилжүүлбэл 120 гаруй сая хонь болох юм. Монгол Улсын бэлчээрийн даац 84.7 сая хонин толгой малыг багтаах багтаамжтай байдаг гэж үзвэл бэлчээрийн даац 35 сая хонин толгой малаар хэтрээд байгаа юм. Мал, амьтны гоц халдварт  шүлхий, хонины цэцэг, бог малын мялзан, үхрийн арьс товруутах өвчин зарим аймагт тархалттай байна. Тухайлбал, өнөөдрийн байдлаар Баян-Өлгий аймгийн Баяннуур, Алтанцөгц, Увс аймгийн Өмнөговь, Өмнөговь аймгийн Ханхонгор, Цогт-Овоо, Архангай аймгийн Ихтамир сумдад шүлхий өвчний шинж тэмдэг илэрсэн тул хорио цээрийн дэглэмтэй байна. Өнгөрсөн хавар улсын хэмжээнд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад 5.02 сая үхэр, 32,000 гахай, 2500 цаа бугыг тус тус хамруулсны үр дүнд өвчний халдварыг хумиж чаджээ. Дархлаажуулалтын ажил 2 жилийн хугацаанд үргэлжлэн хийгдэнэ.

    Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн мэдээгээр бэлчээрийн ургамлын ургалт наймдугаар сарын 10-ны өдрийн байдлаар нийт нутгийн 50 орчим хувьд буюу Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Дорнод, Дундговь, Завхан, Орхон, Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Увс, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Дорноговийн зарим, Завхан, Өмнөговийн ганц нэг сумдын нутгаар сайн, 40-өөс илүү хувьд дунд, 10 гаруй хувьд буюу Баянхонгор, Говь-Алтай, Увс, Өвөрхангай, Өмнөговийн зарим, Баян-Өлгий, Завхан, Ховд, Дундговь, Дорноговийн ганц нэг сумдын нутгаар муу байна.

    Зуншлага тааруу байгаа баруун 5 аймгийн удирдлагууд хадлан бэлтгэх боломжтой аймгуудтай гэрээ байгуулж, өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх ажлыг эрчимтэй зохион байгуулах, тарга хүч муу авсан мал болон бэлчээрийн даацаас хэтэрсэн малыг эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлагатай байна. Засгийн газар экспортыг ямар нэгэн хориг саадгүй явуулах чиглэлд бүх талаар анхаарч ажиллаж байгааг мэдээллээ.

    Өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх, мал, амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар дараах чиглэлийг өглөө. Үүнд:

    • Хөдөө аж ахуйн салбарын 2022-2023 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах нарийвчилсан төлөвлөгөө боловсруулан баталж, хэрэгжилтийг хангаж ажиллах.

    • Өөрийн аймгийн нутагтаа ган, зудын эрсдэлийн үнэлгээг хийж, бодитой дүгнэлт гаргах.

    • Хадлангийн талбайг оновчтой хуваарилах, зохистой ашиглах, хадлан авах боломжгүй аймаг, сумдад хадлангийн талбай ашиглуулах.

    • Зуншлага тааруу болж байгаа аймгуудын малчид тухайн үеийн нөхцөл байдлыг үнэлж, бог малын хээлтүүлэгчийг бүх хээлтэгч малдаа тавих эсэхийг шийдэх.

    • 2022 оны үр дүнгийн гэрээн дэх орон нутгийн тусгай хэрэгцээний сумын болон сум дундын отрын бүс нутаг байгуулах заалтын хэрэгжилт хангалтгүй байгааг эрчимжүүлэх.

    • Малын гоц халдварт өвчний нөхцөл байдал, хор уршиг, тэмцэх болон урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаарх сурталчилгаа, мэдээллийг мэргэжлийн байгууллагуудтай хамтран малчид, иргэдэд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахимаар тогтмол хүргэх.

    • Малын гоц халдварт өвчний эрсдэл бүхий аймаг, сумаас хийх малын шилжилт хөдөлгөөн, отор нүүдэлд хяналт тавих, мал эмнэлгийн гарал үүслийн гэрчилгээгүй, хяналтын цэгүүдэд бүртгэгдээгүй мал амьтан, тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүн нэвтрүүлэх, дамжин өнгөрүүлэхгүй байх.

    • Архаг халдварт болон шимэгчтэх өвчнөөс сэргийлэх вакцинжуулалт, угаалга, туулгалт, боловсруулалтын ажлыг зохион байгуулах, хэрэгжилтийг хангах

    • Малын гоц халдварт болон халдварт өвчин олон аймаг, суманд тархсантай холбогдуулан мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд бүрэн хамрагдсан малыг отроор өвөлжүүлж, хаваржуулах ажлыг зохион байгуулах.

    • Зуншлага тааруу болж байгаа аймгуудын малчид үржлийн бус малаа эдийн засгийн эргэлтэд оруулах.

    • Орон нутгийнхаа хүн амын өвөл, хаврын хүнсний хэрэгцээнд чанарын шаардлага хангасан махны нөөцийг бүрдүүлэхэд онцгой анхаарч ажиллах.

    • Орон нутагтаа бэлтгэсэн малын арьс, ширэнд анхан шатны боловсруулалт хийж, Хөдөө аж ахуйн биржээр арилжаалах арга хэмжээг зохион байгуулах.

    • Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн хүрээнд төвлөрсөн хөрөнгийг төсвийн тухай хуулийн 60.2.8-д заасан арга хэмжээнүүдэд зориулалтын дагуу зарцуулах.

    • Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.2-д аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн шатны жилийн төсвийн төслийг хэлэлцэн жил бүрийн 12 дугаар сарын 05-ны дотор батлахаар заасан тул Та бүхэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт холбогдох хөтөлбөр, арга хэмжээнүүдийг тусгаж ажиллах.

    А.ЧАНДМАНЬ

    Сургалт | Бүртгэл

    Манай сургалтанд бүртгүүлэхийг хүсвэл и-мэйл ээ үлдээнэ үү ...