• Агробизнес

    Ж.ОЮУНГЭРЭЛ: СУДАЛГААНЫ ҮР ДҮНД ЛООЛИОС ОЛОХ ОРЛОГЫН ХЭМЖЭЭ 15-20 ХУВИАР НЭМЭГДСЭН

    Р.БАТЧИМЭГ

    ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн багш, доктор, дэд профессор Ж.Оюунгэрэлтэй хүлэмжийн аж ахуй, хүнсний ногооны үр үржүүлэг, сорт нутагшуулах туршилт, судалгааны үр дүн болон шинжлэх ухааны ололтыг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд тулгамдаж буй асуудал, шийдлийн талаар ярилцлаа.  

    -Та хүлэмжийн аж ахуй тэр дундаа улаан лоолийн болон бусад хүнсний ногооны  шинэ сортуудыг  судлах,  нутагшуулах чиглэлээр олон судалгаа, туршилтуудыг хийж үйлдвэрлэлд нэвтрүүлж байна. Судалгааны үр дүнгээсээ хуваалцахгүй юу?

    -Хүлэмжийн аж ахуй, хүнсний ногооны үр үржүүлэг, сорт нутагшуулах, турших чиглэлээр 20 гаруй жил судалгааны ажил хийж байна. Хүлэмжийн ба ил талбайн хүнсний ногооны 10 гаруй сортын Монгол орны хөрс, цаг уурын нөхцөлд дасан зохицох байдлын судалгааг хийж, ХХААХҮЯ-ны Ургамлын сорт сорилын комисс /УCCК/-ын “Ирээдүйтэй”, “Нутагшсан” сортоор шинээр батлуулж батламж авсан. Тухайлбал, хүлэмжийн хэмхийн гурав, том жимст лоолийн хоёр, жижиг жимст лоолийн гурав, амтат чинжүүний нэг, цэс(хаш)-ийн нэг  зэрэг 10 сортыг батлуулахад удирдсан ба сортыг хамтран батлуулахад оролцсон байна. Цаашид ч судалгааны ажлаа хичээнгүйлэн хийх болно гэж бодож байгаа.

    -Импортын ногооны хэмжээг бууруулахад зохих хувь нэмэр оруулах төсөл хэрэгжүүлж байгаа гэж сонссон. Төслийнхөө зорилго, үр дүнгийн талаар мэдээлэл хүргэхгүй юу?

    -ХААИС болон БНСУ-ын Засгийн газрын хэрэгжүүлэгч байгууллага болох Хөдөөгийн хөгжлийг дэмжих газар,  КОПИА-Монгол төв хамтран хэрэгжүүлж буй “Монгол орны хөрс, цаг уурын нөхцөлд дасан зохицох жижиг жимст лоолийн шинэ сортуудыг нутагшуулах, түгээн дэлгэрүүлэх” сэдэвт эхний гурван жилийн төслийг 2018-2020 онд амжилттай хэрэгжүүлж дууссан. Хоёр дахь гурван жилийн төслөө 2021 оноос эхлэн хэрэгжүүлж байна. Төслийн удирдагчаар ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн багш, дэд профессор Оюунгэрэл миний бие ажиллаж байна.

    Тус төслийн зорилго нь БНСУ-аас гаралтай жижиг жимстэй лоолийн сортуудыг Монгол орны хөрс, цаг уурын нөхцөлд нутагшуулахаар сорих, сортыг нутагшуулах, ургуулах шинэ технологиудыг манай орны хөрс, цаг уурын нөхцөлд нэвтрүүлэх гол зорилготойгоор анх эхлүүлсэн. 2021 оноос эхлүүлсэн хоёр  дахь гурван  жилийн төслийн гол зорилго нь шинээр нутагшуулсан сортуудаа фермерүүдэд түгээн дэлгэрүүлэх, шинэ технологийг Монгол Улсад нэвтрүүлэх зорилготойгоор хэрэгжүүлж байна. Ингэснээр импортын улаан лоолийн хэмжээг бууруулж, дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлэх, шинэ технологи нэвтрүүлэхэд зохих хувь нэмэр оруулна гэж итгэж байгаа.  


    - Судалгааны үр дүнгээ үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд тулгарч буй бэрхшээл юу байна вэ?

    Одоогоор судалгаа, шинжилгээний ажлын маань үр дүнгүүд үйлдвэрлэлд нэвтэрсээр байна. Ялангуяа дээрхи Копиа-Монгол төвтэй хамтран зургаан жилийн хугацаанд хэрэгжүүлсэн төслийнхөө хүрээнд жижиг жимстэй лоолийн сортуудыг нутагшуулж “Ирээдүйтэй”-сортоор батлуулсан гурван сортоо одоогийн байдлаар Улаанбаатар хот орчмын болон Төв аймгийн нийт 7-8 хүлэмжийн аж ахуйд 2-5 дахь жилдээ, цаашдаа гурван бүсийн 10 гаруй  аж ахуйд тариалахын зэрэгцээ, зах зээлд танигдаж, тэдний лоолийн борлуулалтаас олох орлогын хэмжээ 15-20 хувиар нэмэгдсэн сайхан үр дүнтэй байна. Төсөл дууссан ч үйлдвэрлэлд улам бүр нэвтрүүлэх шаардлагатай байгаа. Гэвч үр нь нэлээд өндөр үнэтэй, эрлийз үрүүд байхаас гадна олдоц элбэг биш байна. Мөн шинэ технологио зах зээлд улам бүр таниулах, бүс нутаг бүрд улирал харгалзахгүй тарихад хүлэмжийн аж ахуйн хөгжил, зах зээлийн шаардлага, фермерүүдийн технологийн мэдлэгийг дээшлүүлэх зэрэг асуудал тулгарч байгаа. Манай улсын хүлэмжийн аж ахуйн хөгжилд бэрхшээлтэй асуудлууд байсаар байна.

    -Төслийн хүрээнд хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалтын ажлаасаа хуваалцахгүй юу?

    -БНСУ-ын Засгийн газрын байгууллага болох Хөдөөгийн хөгжлийг дэмжих газар,  КОПИА -Монгол төвийн зүгээс хэрэгжүүлж буй энэхүү төслийн хүрээнд бүтээн байгуулалт гэхээсээ илүү шинэ технологийг нэвтрүүлэх, мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх зорилготой төсөл учраас бид шинэ сортуудаа фермерүүдэд таниулах, сургалт-сурталчилгаа хийх, лооль ургуулах шинэ технологиуд болох залгалтын арга, хоёр ишээр ургуулах арга, үрслэгийг эрт ургуулах, хучлага, дуслын усалгааны системтэйгээр органик аргаар ургуулах зэрэг технологиудыг нэвтрүүлэх ажлуудыг хийж байна. Түүнчлэн төслийн эцсийн үр дүн нь фермерүүдийн технологийн мэдлэг хэр зэрэг дээшилсэн, тэдний орлого  ба эдийн үр ашиг нь нэмэгдсэн эсэхээр дүгнэгдэх тул бид төслийнхөө хүрээнд 3 шинэ сортыг батлуулж, эрдэм шинжилгээний гурван өгүүлэл хэвлүүлсэн. Мөн төслийн хүрээнд хоёр магистр судалгаа хийж хамгаалсан, одоо нэг докторант судалгааны ажлаа яг энэ төслийн судалгаанд тулгуурлан хийж байна.


    - Та багш, судлаач хүн учраас үр дүнгээ шууд үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд хүндрэлтэй байдаг байх. Бодлогын хувьд шинжлэх ухаан-үйлдвэрлэлийг хэрхэн холбох, уялдуулах шаардлагай гэж боддог вэ?

    -Тиймээ. Хөдөө аж ахуйн салбарт багш, судлаачаар ажиллаж буй хүний хувьд судалгаа бүрийнх нь үр дүн үйлдвэрлэлд нэвтрээд байвал тухайн салбар нь шинжлэх ухааны үндэстэйгээр улам бүр хөгжих, технологийг зөв мөрддөг болох, хүнсний хангамж аюулгүй байдалд хувь нэмэр оруулах, фермерүүдийн орлого нэмэгдэх гээд маш олон үр дүн гарах ёстой. Шинжлэх ухаандаа улсын төсвийнхөө  гурав  орчим хувийг л зарцуулдаг, шинжлэх ухааны байгууллагад ажилладаг залуу боловсон хүчин ховордсон байна. Цалин бага, тогтвортой ажиллах нөхцөл, хангамж муутай байгаа тул судалгааны үр дүнгээ үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд маш олон асуудлууд үүсэж байна. Гэхдээ судлаачид бас өөрсдөө хичээхийн зэрэгцээ,үнэнч, судлаачын ёс зүйтэй байх хэрэгтэй. Бодлогын хувьд шинжлэх ухаан-үйлдвэрлэлийг хэрхэн холбох, уялдуулдах вэ гэвэл эхний ээлжинд шинжлэх ухааны байгууллагуудад ажилладаг боловсон хүчний асуудалд анхаарах, тухайлбал, газар тариалангийн чиглэлээр суралцдаг зарим оюутны төлбөрийг төрөөс хөнгөлөх, хөнгөлттэй зээл олгох бусад дэмжлэг урамшуулалд хамруулах, эрдэм шинжилгээний ажилтнуудын нийгмийн асуудлуудыг төрөөс дэмжиж тогтвортой ажиллах нөхцлийг бүрдүүлэх, судалгааны ажлын үр дүнг нэвтрүүлэхэд бүс нутаг бүрд судалгаа-мэдээлэл дамжуулах төвүүдийг байгуулж бодлогоор дэмжиж ажиллах хэрэгтэй гэж боддог. Түүнчлэн шинжлэх ухаан-технологийн төслүүдийг хэрэгжүүлэх, төсөл сонгон шалгаруулах, үр дүнг тооцохдоо бас нэлээд бодитой үнэлгээ, шалгаруулалт хийдэг байх ёстой. Гадаад, дотоодын төслөөс гарсан үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд төрийн зүгээс дэмжлэг үзүүлэх, эрдэм шинжилгээний байгууллагуудаа сайн дэмжих, түүнийгээ дагаад эрдэмтэд нь чадварлаг байх ёстой. 

    -Манай улсын хүнсний ногооны хэрэгцээ тэр дундаа нарийн ногооны 90 орчим хувь нь импортоос хамааралтай байна. Тиймээс таны хэрэгжүүлж байгаа судалгааны үр дүн импортын хамаарлыг бууруулахад тодорхой хувь нэмэр оруулах байх. Ер нь үйлдвэрлэлийн болон бодлогын түвшинд ямар зохицуулалт хийх хэрэгтэй гэж бодож байна вэ?

    -Яг 90 хувийг импортоор хангадаггүй болов уу. Өнгөрсөн жилийн ХХААХҮЯ-ны гаргасан мэдээгээр дотоодын хэрэгцээгээ 70 хувь хангадаг болсон гэж байсан. Энэ нь өнгөрсөн жил Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод хөтөлбөр” болон “Хүнсний хангамж аюулгүй байдал” үндэсний хөтөлбөрүүдтэй холбоотой бодлого, дэмжлэгийн үр дүн гэж харж байгаа. Мөн ковидтой холбоотойгоор хүнсний ногооны импорт буурснаас фермерүүд ногоо тарих сонирхол нэмэгдэж байгаа байх гэж бодож байна. Гэхдээ зарим нэр төрлөөр нь авч үзвэл импортын хамаарал өндөр байгаа. Тодорхой нэр төрлийн ногоонууд тухайлбал өвлийн улиралд хүлэмжийн ногооны хангамж дутуу байгаа гэж боддог. Судлаач, энэ салбарын мэргэжилтний хувьд саналаа хэлэхэд хүнсний ногооны борлуулалтын зөв сүлжээг бий болгох, талбайд мөрддөг  агротехнологиудыг ягштал мөрддөг байх, бүтээгдэхүүнд өгөх урамшуулалыг хүндрэл багатайгаар олгох, аж ахуйн нэгжүүдэд өгөх хөнгөлттэй зээлийг зохих хүмүүст нь журмын дагуу хүртээмжтэй олгох ёстой гэж боддог. Үйлдвэрлэл эрхэлж буй фермерүүд маань шаардлагын дагуу бүртгэлийн системдээ орох, хөдөө аж ахуйн зохистой дадал/ХААЗД/ нэвтрүүлэх, органик тариаланг хөгжүүлэх, газар тариалангийн бүртгэлийн системд бүрэн хамруулахад хариуцсан төрийн байгууллагууд болон тариаланчид ч өөрсдөө анхаарч хурдацтайгаар хэрэгжүүлэх хэрэгтэй байна.

    Сургалт | Бүртгэл

    Манай сургалтанд бүртгүүлэхийг хүсвэл и-мэйл ээ үлдээнэ үү ...