• Агробизнес

    “Төвийн бүсийн хаврын тариалалт-бүсчилсэн хөгжил-2024” нэгдсэн зөвлөгөөн Төв аймагт боллоо

    Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн газар тариалангийн салбарынхан, тариаланчид Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Газар тариалангийн сэргэлтийн бодлогыг бүс, орон нутагтаа оновчтой, зөв зохион байгуулах, газар тариалангийн салбарын тулгамдсан асуудал, ололт амжилтын талаар зөвлөлдөхөөр Төв аймгийн Зуунмод хотноо чуулж байна.

    Төвийн бүсийн дээрх гурван аймаг улсын хэмжээний үр тарианы 68.0, төмсний 77.0, хүнсний ногооны 72.0, тосны ургамлын 74.8, таримал тэмжээийн 63.0 хувийг тус тус үйлдвэрлэдэг тариалангийн гол бүс нутаг юм.


        Төв аймгийн хувьд Монгол Улсын хүн амын талаас илүү хувь нь амьдардаг Улаанбаатар хоттой хамгийн ойрхон оршдог газар нутгийнхаа онцлог, давуу байдалд тулгуурлан газар тариалангийн салбараа тэргүүлэх салбар болгон хөгжүүлж, улсын хэмжээний төмсний хэрэгцээний 57.0 хувь, үр тарианы 21.2 хувь, тосны ургамлын 24.1 хувь, хүнсний ногооны 20.9 хувь, тэжээлийн ургамлын 52.6 хувийг дангаараа үйлдвэрлэдэг. Өнгөрсөн  онд 18.1 мянган га талбайг нэмэгдүүлэн тариалалт хийж, 139.8 мянган га талбайгаас 380.2 мянган тонн ургац хураан авч, нийт хураан авсан ургац болон төмс, таримал тэжээлийн үйлдвэрлэлээр сүүлийн гурван  жил улсдаа тэргүүлсэн амжилт үзүүлээд байгаа юм.

    Энэ онд Төв аймаг 138 мянган га талбайд тариалалт хийхээр төлөвлөж, бэлтгэл ажлаа эхлүүлжээ. Аймгийн тариаланчид хаврын тариалалтад шаардлагатай үрийн 75 хувийг нөөцөлж, төмсний үр шинэчлэлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэн 600 сая төгрөгөөр 250 тонн үр худалдан авах тендер зарлан шалгаруулалт хийж, найман аж ахуйн нэгжийг батлан дааж, ОХУ-аас дөрвөн сортын элит 500 тонн үр худалдан авах гэрээ хийснээр үр шинэчлэлтийн ажил бодитой хэрэгжиж байна.


         Цаашид Бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулан газар тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, эргэлтийн талбайн ашиглалтыг сайжруулан гол нэр төрлийн таримлаар дотоодын хэрэгцээг бүрэн хангах, үрийн шинэчлэлийг эрчимжүүлэх, чанар сайтай үрээр тариалалт хийх боломжийг бүрдүүлэх хүрээнд улаан буудайн үрийг зээлээр олгох, тариалангийн салбарт бордооны зохистой хэрэглээг нэмэгдүүлэх, бордоо худалдан авсан иргэн, аж ахуйн нэгжид хөнгөлөлт үзүүлэх, хөрсний үржил шимт байдлыг хамгаалахыг бодлогын хүрээнд дэмжих шаардлага тулгарч байгаа юм.


    Дээрх нэгдсэн зөвлөгөөний үеэр үр тарианы үйлдвэрлэл эрхлэгчдийн, Жимс, жимсгэний үйлдвэрлэл эрхлэгчдийн, Төмсний үйлдвэрлэл эрхлэгчдийн, Хүнсний ногоо, хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн гэсэн таван салбар хуралдаан болж, оролцогчид тал бүрийн мэдээлэл авч, асуудлаа хэлэлцэв.

     

    Сургалт | Бүртгэл

    Манай сургалтанд бүртгүүлэхийг хүсвэл и-мэйл ээ үлдээнэ үү ...