Ургац хураалтад оролцсон оюутнуудад сургалтын кредит цаг тооцно
2022 оны намрын
ургац хураалтын ажилд хугацаат цэргийн алба хаагчид, их, дээд сургууль, коллеж,
мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутан, сонсогчдыг татан оролцуулахаар
Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн /2022.07.20/ хуралдаанаар шийдвэрлэсэн.
Энэхүү шийдвэрийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар /2022.07.27/ энэхүү
шийдвэрийг нарийвчлан хэлэлцэж зарим шийдвэрийг гаргасан байна.
ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайханы
хэлснээр энэ жилийн ургац хураалтын ажилд 10-15 мянга орчим оюутан залуусыг
дайчлах бөгөөд ургац хураалтад оролцсон оюутнуудын сургалтын кредит цагийг
тооцох системийг боловсруулахаар Боловсрол, шинжлэх ухааны сайдтай ажлын
хамтарсан хэсэг байгуулжээ.
Улсын
хэмжээнд нийт 19.7 мянган га талбайд төмс, 10.9 мянган га талбайд хүнсний
ногоо, 51.2 мянга га талбайд малын тэжээл, 116 мянган га талбайд тосны ургамал
тариалж, нийт 570.8 мянган га талбайд тариалалт хийсэн. Наймдугаар сарын 20
гэхэд ургацын урьдчилсан баланс гарахаар
байгааг сайд З.Мэндсайхан хэллээ.
Өнгөрсөн жилтэй
харьцуулахад дизель түлшний үнэ 19.8%-иар нэмэгдэж нэг литр дизель түлш 4030
төгрөг байгаа юм. Дизель түлшний үнэ ийнхүү нэмэгдсэн ургац хураалтад сөргөөр
нөлөөлөх учраас Засгийн газраас үнийн зохицуулалт хийж, хөнгөлөлттэй үнээр компаниудад
худалдахаар болсон. Намрын ургац хураалтад шаардлагатай 10 мянган тонн дизель
түлшийг хаврын тариалалт эхэлсэн үеийн буюу литрийг нь 3380-3400 төгрөгт барих
зорилгоор Засгийн газрын нөөц сангаас 5 тэрбум төгрөг гаргахаар шийдвэрлэсэн
байна. Тариаланчдад олгох дизелийн түлшний татаасыг ургац хураалтын
гүйцэтгэлээр хүнсний ногоо, төмс, улаан буудайн балансын дүнгээр олгоно хэмээн
салбарын сайд хэллээ.
Хаврын тариалалт,
намрын ургац хураалтад нийтдээ 20-25 мянган тонн дизель түлшийг Монгол Улс
хэрэглэдэг байна.
А.ЧАНДМАНЬ