• Агробизнес

    ЭЛИАН ЖАРРИ : БИД ТӨСЛӨӨ ХЭРЭГТЭЙ ХҮНД НЬ ХҮРГЭХИЙН ТУЛД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ОНЦОЛСОН

    Ц.ЭНХЖИН
    Францын Элчин сайдын яамны санхүүжилттэй FSPI буюу "Хөдөө аж ахуйн салбар дахь пассив инновацийн санхүүгийн систем" төслийг хэрэгжүүлэгч  “Жэрэс” олон улсын ТББ-ын Суурин төлөөлөгч Элиан Жарритай уг төслийн талаар ярилцлаа.

     

    -Юуны өмнө Монголын хүлэмжийн аж ахуй эрхлэгчдэд зориулсан маш үр дүнтэй төсөл хэрэгжүүлж байгаад талархлаа илэрхийлье. Танай төслийн гол шалгуур юу байсан бэ, мөн яагаад Сэлэнгэ аймгийн Зүүнхарааг сонгосон бэ? 

    -Манай төсөл Сэлэнгэ аймгийг Монголын газар тариалан, хүнсний ногооны тариалангийн өлгий нутаг гэдгээр нь онцолсон. Төслийн шалгуурын нэг гол үзүүлэлт  хоршоодын гишүүдийн 60 хувь нь эмэгтэй байх. Удирдах албаны гишүүдийн нэг нь эмэгтэй байх ёстой гэсэн шалгуур байсан. Хүнсний ногооны салбарын 75 хувьд нь эмэгтэйчүүд ажилладаг гэсэн судалгаа гарсан. Бид хэрэгтэй хүнд нь төслөө хүргэхийн тулд эмэгтэй хоршоодын гишүүнтэй байх гэсэн шаардлага тавьсан. Тэгээд шалгуур хангасан хоршоодоос яагаад энэ төслийг сонирхож байгаа, ирээдүйд ямар ашигтай байна гэж бодож байгаа талаар нь  хүсэлт бичүүлж авсан. 

    Дараа нь хүлэмжийг хоршооны газар дээр байх нь чухал гэж үзсэн. Тэгэхгүй нэг гишүүнийх нь газар дээр барьчихаар нөгөө хэд нь орох боломжгүй болж болзошгүй. Хоёрдугаарт, усан  хангамжийг харсан. Ургац арвин авах үндэс бол ус. Гуравдугаарт, санхүүжүүлэгч Францын Элчин сайдын яамны зүгээс нэг суманд байх нь ложистик хийхэд арай хялбар байна гэдэг үүднээс Зүүнхараагийн хоёр хоршоог сонгосон. 

    -FSPI төсөл хоёр хоршоонд нийт хэд орчим төгрөгийн санхүүжилтийн дэмжлэг үзүүлсэн бэ?

    -Тус бүрт нь 58 сая төгрөгийн санхүүжилт зарцуулсан. “Мандал органик фүүдс” хоршоо манайхаас зөвлөгөө аваад өөрсдөө барихаар шийдсэн. Нийт 240 ам метр хүлэмж барьж байгаа. “Зүүнхараа” хоршоо болохоор барилгын компани хөлсөлж хийлгэж байгаа тул өртгөөс нь хамааран 120 ам метр талбайтай. Санхүүгийн дэмжлэгийн хувьд адил хэмжээтэй.  

    Мөн хоёуланд нь 60 ам.метр зуны хүлэмж, усны нөөцийн сав, усалгааны систем, температур хэмжигч зэргийг өгсөн. Ногоон хүлэмж барих, хөдөө аж ахуйд зориулсан зээлийн хүртээмж муу  байгаагаас шалтгаалан дараагийн шатанд газар тариалан, хүлэмжийн болон зоорийн стандарт зэрэг гарын авлагыг боловсруулж байгаа.

    -Нарны эрчим хүчээр ажилладаг хүлэмжнээс гадна эко зоорь барихад туслах уу?   

    Газар доорх зоорь хүнсний ногоог шинээр нь байлгах нөхцөлийг бий болгодог. Ийм зоорьтой болсноор хоршоод ногоогоо хадгалж байгаад өвөл зарах боломжтой болж байгаа. Эко зоорь төслийн хувиар хийгдэхгүй. Хоршоодод санал болгох бизнес  загвар дээр нэмэлтээр орсон байгаа. Бид олон айлд очиж хүлэмж болон зоорийг нь үзсэн. Өвлийн хүлэмжийг  ихэнхдээ тоосгоор барьсан байсан. Пассив байхын тулд тусгай дулаалга болон нарны эрчим хүчийг хадгалах технологи хэрэгтэй. Зоорины чийгшлийн стандартыг гаргасан. Гарын авлагад зоорь болон хүлэмжийг хэрхэн барих вэ гэдгийг тусгасан. Сонирхсон хүмүүс цахимд тавигдахаар нь аваад үзэж болно. Найман гарын авлага гарна. 

    -Танай байгууллагыг анх удаа Монголд пассив хүлэмж нэвтрүүлж байгаа биш юм байна гэж ойлгосон. Өмнө нь хаана барьж байсан бэ? 

    -Манай байгууллага яг ийм хүлэмжийг 2010 оноос хойш  Хэнтий, Архангай аймагт хэрэгжүүлсэн. Одоо тэдгээрийг илүү сайжруулсан байдлаар хийж байгаа. “Жэрэс” олон улсын төрийн бус байгууллага нь энэ хүлэмжийг Франц, Афикнистан, Тажигнастанд туршсан. 

    -Монголд хэрэгжүүлж байгаа төслийн хүрээнд Францын хоршооны туршлагыг нэвтрүүлж байна гэж ойлгож болох уу. Үйлдвэрлэл эрхлэгчид харилцан туршлага солилцох боломж хэр байгаа вэ? 

    -Манай байгууллага таван жилийн өмнө Францын хоршоог дэмжиж, нарны эрчим хүчээр ажилладаг хүлэмжийг байгуулж байсан бол өдгөө Монголд ESPI төслийг Франц улсын  дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа учраас туршлага солилцох уулзалтыг хийсэн. Уулзалтын үеэр Францын хоршоо хүлэмжээ танилцуулж, сонирхсон асуултад хариулж туршлага хуваалцсан. Дараагийн уулзалтаар Монголын хоршоод өөрсдийн санал санаачилга, төслөө танилцуулах төлөвлөгөөтэй байгаа. Цаашид эдгээр хоршоо дэлхийн хоёр талд байршиж буй ч онлайнаар туршлага солилцон, хамтран ажиллах боломж бүрэн нээгдэж байгаа юм. Энэ бол манай төслийн бас нэгэн чухал хэсэг. 

     

    -Хүлэмжийн аж ахуй эрхлэгч 30 хоршоотой хамтран ажиллаж мэдээлэл цуглуулж, дүн шинжилгээ хийж үзэхэд ямар учир дутагдалтай, сайжруулах шаардлагатай зүйл байсан бэ? 

    -Хоршоодын гишүүд бие биетэйгээ хамтарч ажиллахдаа бага зэрэг тааруу санагдсан. Чадавхжуулалт сул байгаа байдал харагдаж байсан. Алсын хараа болон 3-5 жилийн төлөвлөгөө байхгүй байх жишээтэй. Манай төслийн хүрээнд хоршоодын одоогийн санхүүгийн боломжууд нь хоршоодод хэр хүртээмжтэй байгааг тодруулахаар холбогдох  мэдээлэл, саналыг авах зорилгоор Сэлэнгэ аймагт хүнсний ногооны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хоршоодтой хамтарсан хэлэлцүүлэг- уулзалт зохион байгуулсан. 30 хоршооны тэргүүн, менежерүүдийг чадавхжуулах сургалтыг АДРА олон улсын байгууллагаас Монголын хөдөө аж ахуйн  хоршоологчдын үндэсний холбоотой хамтран зохион байгуулж байгаа. Хүлэмж хэрхэн ажиллуулах техникийн сургалт хийсэн. Одоо эко зоорь, санхүүгийн сургалт наймдугаар сард хийнэ. Тэгээд бүгд манай хийж байгаа бизнес загварыг хэрэгжүүлж турших учраас үр дүн гарна гэж бодож байна.   

     

    -Таны ярианд хөдөө аж ахуйн хоршоодын зээлийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх гэсэн үг их гарч байна. Энэ бол маш чухал асуудал л даа. Танай төслийн үйл ажиллагаа ч үүнд чиглэж байна. Төслөөр энэ чиглэлд ямар боломжийг бий болгох вэ?

     -Том зургаар нь  харахаар Монголын ихэнх байгууллагууд хөдөө аж ахуй чиглэлд ялангуяа ногоон тариаланд хөрөнгө оруулах нь эрсдэлтэй гэж үздэг. Энэ бол том сорилт юм. Өөрийнхөө хувийн үзэл бодлыг хэлэхэд энэ нь харамсалтай санагддаг. Хүнсний ногооны тариалалт бол хүнсний аюулгүй байдлын чухал салбар байдаг. Гэтэл үүнийг дэмжихгүй болохоор салбар нь өндийхгүй. Энэ нь Монгол Улсын хүн амыг  эрүүл хүнсний ногоогоор хангагдах боломжийг олгохгүй байна гэсэн үг.  

    Манай төсөл дуусаж байгаа. Хэрвээ бид нарт боломж олдоод дахин санхүүжилт босгон төслөө хэрэгжүүлэх бол банкуудтай хамтран ажиллах тал дээр анхаарч ажиллана. 

     

    Сургалт | Бүртгэл

    Манай сургалтанд бүртгүүлэхийг хүсвэл и-мэйл ээ үлдээнэ үү ...