Зөгийн аж ахуй хүнийг ургамал судлаач, байгальд ээлтэй болгодог БИЗНЕС
Монголын зөгийчдийн холбоодын дээд зөвлөл тэргүүн, Зөгийн аж ахуйн стандартын хорооны дарга Б.Занданхүүтэй уулзаж зөвлөгөө мэдээлэл авсан юм.
Түүнтэй зөгийн аж ахуйн хөгжил, чанар, стандарт,
бүтээгдэхүүний борлуулалт, экспорт гээд өргөн хүрээнд ярилцсан ч энэ удаагийн
мэдээллээ шинээр зөгийн аж ахуйн бизнесийг сонирхож байгаа хүмүүст зориулан
бэлтгэлээ. Хэрвээ та зөгий сонирхдог юм бил үү гэж боож байгаа бол ажлаа хэзээ,
юунаас нь эхлэх ёстой юм бол гэсэн түмэн “мэдэхгүй” бодол толгойд тань эргэлдэж
байгаа байх. Тийм болохоор танд туслах зорилгоор зүг чиг гаргах төдийд товчхон
мэдээлэл хүргэе. Зөгийний аж ахуй бол дэлхий нийтэд эрчимтэй хөгжүүлж байгаа
байгальд ээлтэй, боломжийн ашиг орлоготой бизнест тооцогддог байна. Ялангуяа
манайх шиг төрөл бүрийн ургамал цэцгээр баян, өргөн уудам газартай, бэлчээрийн
мал аж ахуйтай орны хувьд газрын гарц сайжруулах, таримал ургамлын ургацыг
нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм. За, ингээд та юу бодож байна. Хэчнээн
зөгийтэй байх ёстой юм бол, зөгийн бүлээ хаанаас авах бол гэж бодож байна уу?
Энэ хамгийн түрүүнд санаа тавих асуудал биш юм байна. Ялангуяа хавар
дөрөвдүгээр сарын эхэн үеэр зөгийчид зөгийгөө дөнгөж өвөлжөөнөөс нь гаргаж
байдаг үе болохоор шинэ бизнес эрхлэх гэж байгаа хүн энэ үед шууд зөгийгөө авах
нь сайн зүйл биш аж.
"Зөгийн аж ахуй эрхлэх бол богино хугацааны ашиг орлогыг нэгдүгээрт тавьж ажиллах аваас хол явдаггүй тухай Занданхүү тэргүүн онцолж байна"
Яагаад гэвэл хавар өвөлжөөнөөс гарах үед, намар хоёрт зөгийний өвчин их байдаг аж.Тэр нь малын паразит шиг хачигт баригдах өвчлөл. Ийм үед зөгийн аж ахуйн мэдлэг муутай хүн худалдан авалт хийх нь онохгүй. Зөгийчид уг өвчинийг зориулалтын эмээр эмчилдэг байна. Үүний зэрэгцээ цас ханзарсаны дараахан яргуйнаас түрүүлж бургас цэцэглэдэг учраас гол руу тавьж бургасаас тоос хүртээн зөгийнд хүч сайн авахуулдаг байна. Нэг үгээр хэлбэл, чанартай сайн бал, их хэмжээгээр авахад шардлагатай идэвхжүүлэлтийг хийж байгаа аж. Энэ үед гарсан нэг удаагийн бал хүнсний зориулалттай биш, зөгийнд өөрт нь тэжээл болгон өгч цэвэрлэгээ хийдэг байна. Мөн витаминт тэжээл зэргийг нэмэлтээр өгдөг аж. Ингээд хүчийг нь сайн авахуулж, тордсоны дараа уул руу тавих үед буюу тавдугаар сарын сүүлч зургадугаар сарын эхээр худалдан авалт хийх нь онох нь ээ. Үүнээс өмнө таны хамгийн түрүүнд санаа тавих асуудал бол зөгийний биеийн бүтэц, хооллолт, зан төлөв, балаа хэрхэн өгдөг, бүтээгдэхүүнүүд нь яаж бий болдог гэх мэтээр судалж эхлэх нь хамгийн түрүүний ажил юм. Мэдлэг мэдээлэл олж авахад унших ном зохиол бишгүй байхаас гадна коронавирус гараагүй үед Монголын зөгийчдийн холбоодын дээд зөвлөл болон түүний дэргэдэх Монголын зөгий сан, Нийслэлийн байгаль орчны газар, Экологийн боловсролын төв, аймгийн Хөдөө аж ахуйн газрууд хамтран байнга сургалт хийдэг байжээ. Одоо тус зөвлөлд хандан ганцаарчилсан сургалт авах боломжтой аж. Удаах танд тавигдах шаардлага бол ургамал судлаач болох нь. Зөгий байгаль дээрх балт ургамлаас амттай шүүсийг нь авч бал болгодог. Зөвхөн зөгийн балаар зогсохгүй цэцгийн тоос, жилий гээд нэг бус төрлийн хүний эрүүл мэндэд тустай эмчилгээний ач холбогдолтой бүтээгдэхүүн гардаг байна. Тийм болохоор та тэр бүтээгдэхүүнүүд нь байдаг ургамлыг таньдаг болох хэрэгтэй. Зөвхөн цэцгийг нь таних хангалтгүй. Ямар ургамал хэзээ соёолж байна, долоо, арав хоногийн дараа сарын дараа ямархуу цэцгүүд гарах гэж байна вэ гэдэг төлөв байдлыг мэддэг чадварт суралцах ёстой. Нүдээр харангуутаа сайхан цэцэгтэй газар аваачаад тавих юм бол тухайн цэцэг долоо хоноод байхгүй болчихвол яах вэ. Дахин нүүдэл хийх хэрэг гарна. Тийм учраас бэлчээрийн судалгаагаа сайн хийдэг, ургамлаа сайн таньж, төлөвийг нь харж чаддаг болох нь чухал. Балт цэцгүүлийг хэрхэн таних гарын авлага бий аж. Хэчнээн ном уншиж, сургалтад суусан ч та сайн багшид шавилахаас аргагүй юм. Ингэснээр үзсэн дуулснаа практиктай хослуулж, хүрэх замаа хурдан товчилно гэсэн үг. Зөгийн аж ахуй эрхлэх бол богино хугацааны ашиг орлогыг нэгдүгээрт тавьж ажиллах аваас хол явдаггүй тухай Занданхүү тэргүүн онцолж байна. Тэрбээр “тухайн хүн зөгийн аж ахуйг байгаль экологит ач холбогдолтой гэдэг талаас нь харж ойлгож, аж ахуйгаа эрхлэх нь замаа зөв тавих суурь нь болдог.
"Нэг бүлд хамгийн багадаа хавар дөнгөж өвөлжөөнөөс гарсан даруйд 4000- 5000 ширхэг зөгий байдаг аж. Зуны оргил үед 50-60 мянга бүр 100 хүртэл мянган толгой болдог байна"
Богино хугацаанд өндөр ашиг бодож орж байгаа хүмүүс цаашаа нэг их явдаггүй. Нэг хоёр жил болоод зогсдог. Амьтан нь өөрөө ч мэдрээд байх шиг санагддаг. Зөгий их зөнтэй амьтан”гэв. Ашиг орлогын хувьд та сайн ажиллаад байх юм бол өгөөж нь ирдэг байна. Нэг их хүнд хүчир биш ч гэсэн шавьжны аж ахуй учраас нарийн чимхлүүр ажиллагаа, ажиглалт шаарддаг онцлогтой. Зөгийчин болоход та нэлээд тэвчээртэй, байгальд ойр байх дуртай, хөдөө хээр ганцаараа ч юм уу байхдаа айж эмээдэггүй бол сайн. Хэдэн бүл зөгийтэй байх нь зохилтой вэ? Мэргэжлийн байгууллагынхны хувьд тав хүртэл бүл зөгийтэй хүнийг сонирхогч, 5-20 бүлтэй хүнийг зөгийчин, 20 бүлээс дээш гарахаар бизнесийн зориулалттай аж ахуйн нэгж гэж үздэг байна. Энэ нь тухайн хүний зорилгоос хамаарах нь байна. Тухайлбал, та зуслангийнхаа газраас өрхийн хэрэгцээний балаа авъя гэж үзвэл хоёр бүл зөгийтэй байхад болох нь. Бизнес болгон эрхлэе гэвэл нэг суурь буюу 20-25 бүл зөгийтэй байна гэсэн үг. Нэг дөрвөлжин хайрцаг зөгийг нэг бүл гэдэг бөгөөд нэг бүлд байх зөгийний тоо улирлын байдлаасаа хамаараад янз бүр байдаг байна. Нэг бүлд хамгийн багадаа хавар дөнгөж өвөлжөөнөөс гарсан даруйд 4000-5000 ширхэг зөгий байдаг аж. Өсөөд үржээд ирэхээрээ дээрх тоо 20-30 мянга, зуны оргил үед 50-60 мянга бүр 100 хүртэл мянган толгой болдог байна.Нэг бүлийнх нь тоо шүү дээ. Шавьж учраас тоо толгойг нь нэмэгдүүлж бүтээгдэхүүн авна гэсэн үг. Харин арчилгаа, маллагааны хувьд цөөхөн бүлтэй сонирхогч, олон бүлтэй компани хоёрын хувьд онцын ялгаа байхгүй, адилхан хайрцагтай зөгийнүүдээ аваач ургамлын соргогт аваачиж тавина. Түүнчлэн долоо хоногтоо доод тал нь нэг эргэж очих ёстой. Ер нь ганц бие даана гэхээс илүү зөгийн аж ахуй эрхлэгчид бүлэг болж, бүлэг дотроо туршлага, мэдлэг арвин 1-2 хүн заавал байлгах нь зөв юм байна. Дээр хэлсэн шавилан сурах эрдэм эзэмших систем үйлчилдэг гэсэн үг. Хэрвээ та гайгүй сайн зөгийчин болъё гэвэл 1-2 жил заавал сайн багш дагалдах хэрэгтэйг санаарай. Багштай болох тал дээр Монголын зөгийчдийн дээд зөвлөлөөс холбоо тогтоож өгөх тал дээр цааргаладаггүй байна. Ийнхүү бүлсэг байгаа нь мэргэжлийн холбоод хэний зөгий хаана очив гэх байдлаар нийт улсын хэмжээний зөгийн сүргийн бүтэц, удам гарвалыг хянаж явахад сайн нөлөөтэй гэнэ. Газар тариалан, жимс, бэлчээрийн мал аж ахуйн салбартай зөгийн аж ахуйг хавсарч эрхлэх нь өндөр үр дүнтэй аж. Монгол орон 517 зүйл балт, тоост ургамалтай маш баялаг бэлчээртэй. Тэгээд ч газар тариаланд тоос хүртээлтийн технологи байх ёстой аж. Га-гийн ургац бага байгаа нь тоос хүртээлттэй холбоотой. Тоос хүртээж байж ургамын хэмжээ нэмэгдэнэ, өөрийн өртөг буурах тухай Занданхүү хэллээ. Манай газар тариалангийн салбарт хүссэн хүсээгүй зөгий туслах аж ахуй болон орж ирж байна. Эхний ээлжинд хүлэмжийн аж ахуйд гүзээлзгэний тоос хүртэлтийн судалгаа хийсэн. Гүзээлзгэнэ дээр гэхэд ургацыг 3.7 дахин нэмэгдүүлсэн дүн гарчээ. Тосны ургамал, гурвалжин будаан дээр ч ийм судалгаа хийж, технологийг нь гаргажээ. Төгсгөлд нь зөгийний үнэ ханшийн талаар цухас дурдахад улирлаасаа хамаарч үнэ ханш нь өөр байдаг аж. Тухайлбал, хавар эрт өвөлжөөнөөс нь гарсан даруйд эмчилгээ, арчилгаа хийгдээгүй шахуу үед хамгйин хямд буюу 500-550 ямөнгөн төгрөгийн үнэтэй. Харин эмчлээд, хүч авахуулаад бэлчээрт тавьж бал хураахад бэлэн болсон зургадугаар сарын эхээр авбал нэг бүл нь нэг сая гаруй төгрөгийн үнэтэй байх аж. Улсын хэмжээнд өнөөдөр 1000 гаруй зөгийчин бий. Та тэдний нэг болж байгальд ээлтэй, ирээдүйтэй бизнес эрхлэх бүрэн боломжтой.
/"Шинэ өсөлт" сэтгүүлийн 2020 оны хоёрдугаар улирлын дугаараас нийтлэв/