Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг алдаа гэж УИХ-ын дарга дүгнэлээ
УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр /2022.08.22/ эхэллээ. Энэ удаагийн ээлжит бус чуулганыг энэ долоо хоногт буюу наймдугаар сарын 26-ны өдөр хүртэл хуралдуулах захирамжийг УИХ-ын дарга өнгөрсөн долоо хоногт гаргасан.
Ээжлит бус чуулганаар дараах 3 багц асуудал хэлэлцэнэ. Үүнд, нэгдүгээрт, Монгол Улсын гадаад, дотоод орчин, нөхцөл байдлын талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн мэдээлэл, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн илтгэлийг сонсоно.
Хоёрдугаарт, УИХ-ын 2022 оны хаврын ээлжит чуулган завсарлах үеэр цаг үеийн болон онцгой анхаарвал зохих асуудлуудын талаар өгсөн үүрэг чиглэлээ дүгнэж, эдийн засгийн хямралт байдлыг даван туулах, үнийн өсөлтийн болон бусад эрсдэлээс улсын эдийн засаг, ард иргэдийн амьжиргааг хамгаалах, дэмжих ажлын хэсгүүдийн үйл ажиллагааны тайлан, санал дүгнэлтийг хэлэлцэнэ.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах тогтоолын хэрэгжилтийг холбогдох Түр болон Байнгын хороодоор хэлэлцэнэ. Ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэлийг хангах, хүнсний хангамжийн чиглэлээр хөдөө аж ахуй, эрчим хүч, тээврийн салбарын тулгамдсан асуудлуудыг шуурхай шийдвэрлэх чиглэлээр Түр хороо, Ажлын хэсгүүдийн санал дүгнэлтийг хэлэлцэж, шийдвэр гаргана.
Гуравдугаарт, Өнгөрсөн 7 хоногт Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц 02 тоот тогтоол гаргаж, Үндсэн хуулийн 39-р зүйлийн 1 дэх заалтын 2 дахь хэсгийг хүчингүй болгосонтой холбогдон үүсэж буй эрх зүйн орчны асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн.
Засгийн газрын гишүүний албыг давхар хаших УИХ-ын гишүүний тоо 4-өөс хэтрэхгүй байна гэсэн Үндсэн хуулийн заалт нь Үндсэн хууль зөрчиж байна гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн Цэц энэ оны наймдугаар сарын 15-ны өдрийн Их суудлын хуралдаанаараа гаргасан нь энэхүү ээлжит бус чуулганыг зарлах гол үндэслэл болсон. Үүнээс гадна намрын ургац хураалт, өвлийн бэлтгэлийг хангах, хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах УИХ-ын тогтоолын хэрэгжилттэй холбоотой цаг үеийн асуудлуудыг хэлэлцэнэ.
Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг орон даяар өрнүүлэх санаачилгыг өнгөрсөн тавдугаар сард гаргасан. Энэ хүрээнд ирэх таван жилд Монгол Улс гол нэрийн 19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах зорилтыг дэвшүүлсэн. Энэхүү зорилтыг хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах чиглэлээр шинжлэх ухаанд суурилсан нэгдсэн бодлогыг бүх шатанд, хамтын хүчээр хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэн УИХ-ын тогтоолын төслийг мөн санаачилсаныг УИХ зургадугаар сарын 17-ны өдөр баталсан юм. Уг тогтоол батлагдсанаар хууль эрх зүйн орчныг сайжруулах, урт хугацаатай хөнгөлөлттэй зээл олгох, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, мал, амьтны халдварт болон гоц халдварт өвчингүй эрүүл бүс болох, ирэх таван жилд хүнсний гол нэрийн 19 төрлийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, улмаар бүс нутагт хүнс экспортлогч орон болох зорилтыг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ гэж үзэж байна.
Ээлжит бус чуулганыг нээж хэлсэн үгэндээ УИХ-ын дарга Г.Занданшатар 2022 оны эхний хагаст 16.1 хувьд хүрээд байсан инфляц 15.7 хувь болж, бага боловч буурсан, улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл долдугаар сард 55.6 тэрбум төгрөгийн ашигтай гарсан, гадаад худалдааны тэнцэл эхний 7 сарын байдлаар 1.7 тэрбум ам.долларын ашигтай гарсан, экспортын хэмжээ 1.8 тэрбум ам.доллар буюу 37.2 хувь өссөнийг онцоллоо.
Цэцийн дүгнэлтийн хууль, эрх зүйн үр дагаврыг үнэлж цэгнэх шаардлагатай боллоо
Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийн тухайд УИХ-ын дарга Г.Занданшатар дараах байр суурийг илэрхийллээ. Үүнд,
“Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн 02 тоот тогтоолоор Үндсэн хуулийн гучин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэсэн заалтыг хүчингүй болгохоор шийдвэрлэсний хууль эрх зүйн үр дагаврыг үнэлэн цэгнэж, яаралтай хэлэлцэн шийдвэрлэх шаардлагатай нөхцөл байдлыг үүсгэлээ.
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хуулийн нэгэн адил хүчинтэй байх талаар Үндсэн хуулийн жаран есдүгээр зүйлийн 4-т заасан байдаг.
Түүнчлэн “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэсэн заалт Үндсэн хуулийн гуравдугаар зүйлд бий.
Мөн “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална” гэж Үндсэн хуулийн хорьдугаар зүйлд тов тодорхой заасан.
Гэтэл Үндсэн хууль өөрөө Үндсэн хуулийг зөрчсөн гэж Цэц дүгнэж, хүчингүй болгох шийдвэр гаргасан нь ноцтой үр дагавар үүсгэж болох томоохон алдаа бөгөөд Цэц Үндсэн хуулиас бусад хууль Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэх эрхтэй болохоос Үндсэн хуулийн зүйл, заалтыг хүчингүй болгох эрх байхгүй. Харин нэмэлт өөрчлөлт оруулах бүрэн эрх гагцхүү Улсын Их Хуралд бий. Тиймээс Цэцийн энэхүү шийдвэр хууль зөрчсөн, ард түмний төлөөлөл болсон Улсын Их Хурлын бүрэн эрхэд, Үндсэн хуульт байгуулалд халдсан үйлдэл болж, буруу жишиг тогтоолоо гэж зарим судлаачид, түүний дотор Үндсэн хууль тогтоогчдын холбоо үзэж, эсэргүүцлээ илэрхийлж, саналаа албан ёсоор бичгээр ирүүлснийг дурдахгүй өнгөрч болохгүй ээ.
Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр эцсийнх тул Улсын Их Хуралд хянан хэлэлцэх боломж Үндсэн хуулиар байхгүй, ийм эрх олгогдоогүй. Тиймээс үүссэн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар Улсын Их Хурлын эрхэм гишүүд Та бүхэн оюун ухаанаа дайчилж, олон нийт, эрдэмтэн судлаачидтайгаа зөвшилцөж, нухацтай хандах шаардлагатай боллоо. Бидний гаргах шийдвэр, үйл ажиллагаа Үндсэн хуульд, төр, ард түмний эрх ашигт бүрнээ нийцсэн байх ёстой. Улсын Их Хурал, Цэц, ер нь аливаа иргэн, байгууллагын бүхий л үйл ажиллагаа, шийдвэр Үндсэн хуулийг даган мөрдөж, сахин хамгаалах зарчмыг баримталж байх нь төр ард түмний туйлын эрх ашигт нийцнэ.
Үүнтэй холбоотойгоор парламентын гишүүдийн тоо, гүйцэтгэх засаглалын чадамж, засаглалын хяналт тэнцэл, парламентын ардчиллыг төлөвшүүлэхтэй холбоотой Үндсэн хуулийн хэрэгжилтийн үнэлгээ судалгаа хийх асуудлыг Үндэсний зөвшилцлийн Ажлын хэсэг байгуулах замаар, “Долоо хэмжиж, нэг огтлох” зарчмаар хэлэлцэн шийдвэрлэх шаардлага гарч байна гэж үзэж байна.
Түүнчлэн цаашид Үндсэн хуулийг чандлан сахиулахын баталгаа болсон Үндсэн хуулийн Цэцийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль болон Улсын Их Хурал ба Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийн хууль зүйн чадамжийн харьцаа, цаашилбал Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтэй холбоотой асуудлыг Цэцээр хянан хэлэлцэхэд агуулга хэлбэр, хамрах хүрээ, зааг хязгаар, хянан шийдвэрлэх үйл ажиллагааны эрх зүйн орчныг эргэн харж, боловсронгуй болгох ёстой болжээ.
Улсын Их Хурлаас 1992 онд Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийг баталсан бөгөөд өнгөрсөн 30 жилийн хугацаанд 10 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. 1997 онд батлагдсан Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд 6 удаа нэмэлт, өөрчлөлт орсон. Үүний зэрэгцээ дээрх хуулиуд Үндсэн хуулийг зөрчсөн гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн Цэцээс тус бүр 3 удаа, нийт 6 удаа гаргаж байжээ.
Өнгөрсөн 30 жилийн хугацаанд эдгээр хуулиудыг шинэчлэн найруулаагүй бөгөөд Цэцийн гишүүнийг санал болгох, томилох үйл явц нь хаалттай, ил тод бус, салбартаа хүлээн зөвшөөрөгдөөгүй, мэргэжлийн бус хүнийг томилдог, олон нийтийн санал бодлыг сонсдоггүй гэх мэт шүүмж гарсаар ирсэн. Тиймээс Улсын Их Хурлаас 2020 онд баталсан Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Улсын дээд шүүхээс Цэцийн гишүүнээр томилуулахаар нэр дэвшүүлсэн хүний талаар нийтийн сонсгол зохион байгуулж, тухайн нэр дэвшигчийн мэдлэг, ур чадвар, туршлагыг олон нийтэд таниулах, иргэдийн санал, шүүмжийг сонсох замаар томилох боломжийг бүрдүүлсэн.
Мөн Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 22 дугаар тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах Ажлын хэсгийг байгуулж, Улсын Их Хурлын гишүүн Цэндийн Мөнх-Оргил ахлан ажиллаж байгаа. Ажлын хэсэг Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцэх зарчмыг баримтлан хуулийн төслийг эцэслэн боловсруулж, ойрын үед Улсын Их Хуралд өргөн барих шаардлагатай байгааг онцлон тэмдэглэе” гэлээ.
А.ЧАНДМАНЬ