ХААИС-ийн захирлаар доктор О.Баатарцогтыг томиллоо
БСШУ-ны сайд Л.Энх-Амгалангийн тушаалаар ХААИС-ийн захирлаар доктор О.Баатарцогтыг 2022 оны наймдугаар сарын 29-ны өдөр томиллоо.
О.Баатарцогт нь БНСУ-ын Хангёны үндэсний их сургуульд магистр, докторын зэрэг хамгаалсан, биотехнологич мэргэжилтэй. ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн захирлаар 8 жил тасралтгүй ажилласан юм.
“Монгол улсын ууган их сургуулиудын нэг ХААИС-ийн 65 дахь хичээлийн шинэ жилийн босгон дээр энэхүү хүндтэй, хариуцлагатай үүрэгт албыг хүлээн авч байгаадаа талархаж байна. Хэдийгээр өнөөдөр бэрхшээл, сорилт байгаа ч ХААИС болон ХАА-н салбарын ирээдүйг гэрэлтэйгээр хардаг. Бэрхшээлийг шийдвэрлэх боломжуудыг эрэлхийлж ажиллах болно. Эрдэм шинжилгээ, судалгааны салбар дахь олон боломжийг олон улсын төсөл хөтөлбөр, хандивлагч байгууллагуудын хөтөлбөртэй уялдуулан хөгжүүлэх боломжийг эрэлхийлнэ. Мөн салбарын сайдын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж, их сургуулийн үе үеийн удирдлагын хичээл зүтгэлээр бий болсон ХААИС-ийн хөгжлийг түүчээлэн ажиллах болно” хэмээн доктор О.Баатарцогт ажлаа хүлээн авсаны дараа илэрхийлжээ.
Ажлаа өгч байгаа профессор Т.Хэрүүга нь ХААИС-ийн Магистр, докторын сургуулийн захирал, Бодлогын мониторинг, үнэлгээ хөгжлийн алба эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байгаад 2012 оноос ХААИС-ийн захирлаар томилогдон арван жил ажилласан. Тэрбээр хэлсэн үгэндээ “Монгол улс хөдөө аж ахуйн орон. Монгол улсад хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтэн бэлтгэдэг нэг л сургууль бий. Тэр нь манай сургууль юм. Тиймээс Монгол улсын хөгжлийн ирээдүй нь Хөдөө аж ахуйн их сургуулийн бэлтгэн гаргаж буй мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадвартай холбоотой. Хагас жарны түүхтэй эрдмийн хамт олныг удирдан ажиллах хүндтэй үүрэг хүлээж буйд баяр хүргэж, амжилт ерөөе” гэлээ.
А.ЧАНДМАНЬ