• Эдийн засаг

    "ГАЗАР ШИМ" IPO ГАРГАСНААР ДАРШИЛСАН ХҮНСНИЙ НОГООНЫ 50 ХУВИЙГ ДОТООДООС ХАНГАНА

    “Газар шим үйлдвэр” ХХК өнөөдөр компанийнхаа 16.54 хувийг олон нийтэд санал болгож, үнэт цаас гаргалаа.Тус компанийн санал болгож буй нэгж хувьцаа 53 төгрөг бөгөөд өнөөдрөөс энэ сарыг дуустал(2023.03.27-2023.03.31) захиалга авах юм.

    Үнэт цаасны анхдагч зах зээлийн захиалгыг нээх ёслолын арга хэмжээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун оролцож, хэлсэн үгэндээ Төрөөс  хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах 36-р тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд дотооддоо үйлдвэрлэж байсан, үйлдвэрлэж чадахуйц хүнсний бүтээгдэхүүний импортын татварыг үе шаттайгаар нэмэгдүүлж, үндэсний үйлдвэрлэгчдээ хамгаална” гэдгийг онцоллоо. 

    "Газар шим" IPO гаргаж, олон нийтийн компани болсноор засаглалаа сайжруулж, үйл ажиллагаагаа өргөжүүлэх юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улс хүнсний ногооны  даршилсан бүтээгдэхүүний 80 хувийг импортолдог байсан бол тус компани  50 хувийг дотоодоосоо хангах томоохон зорилт дэвшүүлжээ. 

    “Газар шим үйлдвэр” компани хөрөнгө оруулалтын 52.7 хувийг ногоон зоорь, 27.5 хувийг бүтээгдэхүүн хөгжүүлэлт, 9.6 хувийг тоног төхөөрөмжийн шинэчлэл, 10.2 хувийг эргэлтийн хөрөнгө болгон зарцуулах бөгөөд бизнес төлөвлөгөөгөө дараах байдлаар гаргасан байна. 

    1. Анхан шатны боловсруулалтын үйл ажиллагааг автоматжуулна. 

    2. Борлуулалтаа нэмэгдүүлж, даршилсан ногоо, салат, компотны зах зээлд эзлэх хувийг 50 хувьд хүргэнэ.

    3. Нухаш, чанамал, кетчуп, соус, сүмс, майонез зэрэг шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэн зах зээлд нэвтрүүлж, үе шаттайгаар 20 хувийг хангана. 

    4. Хүнсний ногооны иж бүрэн зоорь барьж ашиглалтад оруулна. 

                                                                   


    Сургалт | Бүртгэл

    Манай сургалтанд бүртгүүлэхийг хүсвэл и-мэйл ээ үлдээнэ үү ...