• Хүнсний аюулгүй байдал

    Ж.Туяацэцэг: Хүнсний зөв зохистой хэрэглээний боловсролыг бүх нийтэд олгоход анхаарах ёстой

    “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд манай вэб сайт хүнсний хангамж, аюулгүй байдал, хүртээмжтэй холбоотой төрөл бүрийн мэдээлэл, тал бүрийн байр суурийг байнга мэдээлж байх юм.

    Энэ удаа ШУТИС-ийн Үйлдвэрлэл, технологийн сургуулийн захирал Ж.Туяацэцэгээс “Хүнсний хангамж, аюулгүй байдал” хөдөлгөөнийг үр дүнтэй болгохын тулд төр засаг болон олон нийт юунд, хэрхэн анхаарч ажиллах талаар тодруулга авсан юм.

    -Монголын төрөөс хүнсний хангамж, аюулгүй байдлын тал дээр ойрын хугацаанд “хувьсгал” хийх зорилт тавин ажиллаж байна. Өнгөрсөн хавраас хойш нэг бус томоохон хурал чуулган хийлээ. Үүнийг үр дүнтэй болгохын тулд юунаас эхлэх ёстой вэ?    

    -Хамгийн түрүүнд хүн ардаа мэдлэгжүүлэх шаардлагатай. Ингэхийн тулд хүн хоногт ямар хүнс, ямар хэмжээгээр хэрэглэх нь зохистой талаар бүх нийтэд боловсрол олгож, мэдлэгтэй болгох асуудал нэг номерын ажил байх ёстой. Улирлын байдлаас болон тухайн хүний нас, биеийн онцлогоос шалтгаалаад өдөр тутмын хүнсний хэрэглээ нь өөр байдаг. Үүнийг бүх шатандаа, бүх хэвлэл мэдээллийн байгууллагаар сурталчилан таниулах ажлыг өргөн хүрээнд хийх нь чухал. Уг нь хуулиудыг аваад үзэхээр тухайн хуулийг олон нийтэд сурталчилан таниулах тухай цагаан дээр хараар биччихсэн байдаг ч хэрэгжилт нь маш муу байдаг. Хүнсний хувьсгал хийе гэж байгаа бол хамгийн түрүүнд үүнийг хэрэгжүүлэхээс эхлэх хэрэгтэй.

    -Хүнсний аюулгүй байдал гээд ярихаар манайхны ихэнх нь хоол хүнсний хэрэглээнээс хол хүлээн авч, төдийлэн ач холбогдол өгөхгүй ирсэн нь өнөөдрийн нөхцөл байдлыг үүсгэж буй байх. Та энэ талаар шинжлэх ухааны байгууллагын хүний хувьд ямар бодит дүгнэлт хэлэх  вэ?

    -Хүнсний аюулгүй байдлын асуудлыг ярихаар хүнсний хангамж, шим тэжээл, хүртээмжийн асуудал давхар хөндөгддөг. Тэгэхээр энэ салбарт нөхцөл байдал ямар байна. Ер нь хүнсийг бид юуны тулд үйлдвэрлэж байгаа билээ гэдэг дээр гол зангилаа байх ёстой.

    Хүнсний хангамж, хүртээмжийн асуудал хүний эрүүл мэндтэй салшгүй холбоотой байдаг. Өнөөдөр иргэдийн хүнсний хэрэглээний асуудал хурцаар тавигдаж байна. Нийгмийн эрүүл мэндийн байгууллагуудын олон жилийн судалгааны үр дүнгээс харахад хүнс болон түүний орчны бохирдол, буруу хэрэглээтэй холбоотой халдварын бус өвчлөл сүүлийн жилүүдэд маш ихэссэн. Тухайлбал, зүрх судас, даралт ихсэх, чихрийн шижин зэрэг толгой цохиж байгаа өвчлөл нь дандаа хоол хүнсний буруу хэрэглээтэй холбоотой.

    Хоол хүнсээ буруу хэрэглэж байгаагаа хүмүүс мэдэхгүй шүү дээ. Тийм болохоор хэрэглээний талаар иргэдийн боловсрол дутмаг, бодлогын түвшинд  шийдвэртэй арга хэмжээ авдаггүйгээс болж ийм асуудлууд үүсээд байна. Тийм учраас хүнсний хангамж гэхээр зөвхөн хүнс үйлдвэрлээд, ногоо тариад, махыг нь бэлтгээд өгөхдөө гол нь биш, хүний өдөр тутмын хэрэглээнд ямар хүнс байвал зохилтой юм, эрүүл амьдрахын тулд уураг, нүүрс ус, өөх тосноос гадна макро, микро бичил тэжээлээр хүн тогтмол хангагдаж байх ёстой зэрэг мэдлэгтэй байх хэрэгтэй.

    Эрүүл мэндийн байгууллагууд сүүлийн 30 жилийн хугацаанд таван удаагийн судалгаа хийсэн. Эндээс судлаачид маань тодорхой арга хэмжээ авах талаар, яаж үүнийг засаж залруулах тухай санал зөвлөмж боловсруулдаг. Үүнийг бодлогын түвшинд хэрэгжүүлэхгүй явснаас монголчуудын эрүүл мэндийн асуудал ноцтой байдалд хүрээд байна.

    -Импортын болон дотоодын хүнсний бүтээгдэхүүний чанарт тавих хяналтыг сайжруулахны тулд юу хийх ёстой вэ?

    -Хүнсний хяналт гэхээр арай өөр асуудал л даа. Хяналтыг мэргэжлийн хяналтын байгууллагууд хийдэг. Гэхдээ хяналт хангалттай сайн хийгдэхгүй байгаа санагддаг. Шат шатанд нь анхаарч, хийх асуудлууд бий байх.

     Ер нь эх орныхоо хөрсөнд ургуулж байгаа ургамлын гаралтай болон мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний түүхий эд, найрлага, шинж чанарыг судлаад нэгж бүтээгдэхүүнд агуулагдаж байгаа шимт бодисын хэмжээ нь ямар байна вэ гэдгийг тодорхойлох нь маш чухал байдаг. Хүнсний хангамж, хүртээмжийн асуудал болоод хүн амын дунд ямар хүнс дутагдалтай байна вэ гэдэг чиглэлд шинээр бодлогын түвшинд төлөвлөлт явуулах суурь судалгаанууд шаардлагатай. Тийм учраас мэргэжлийн хүний хувьд хүнсний биеэ даасан судалгааны бүтэц бий болоосой гэж хүсэж явдаг байсан. Харин энэ оны зургадугаар сарын 17-нд УИХ-аар Хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг баталсан. Энэ нь хэрэгжих шатандаа яваад хүнсчид бид баяртай байна. Ажил цаашдаа явах байх гэж найдаж байгаа.

    -Иргэдийн буруу хооллолтын хэвшлээс болж хүний биед ямар өөрчлөлт гарч буй талаар судалгааны тоо баримтаас дурдахгүй юу? 

    -Монголчуудын эрүүл мэндийн байдалд дүн шинжилгээ хийгээд үзэхэд эмэгтэйчүүдийн 65 хувь, эрэгтэйчүүдийн 43 хувь нь илүүдэл жинтэй байна. Хүүхдийг аваад үзэхээр 0-5 насанд 11.7 хувь, 6-11 насны хүүхдүүдийн 30 хувь илүүдэл жинтэй байна гэж гарсан. Энэ нь хүнс, хооллолтын талаар мэдлэг ойлголтгүй, хүнсний хэрэглээний соёлгүйгээс болоод ийм байдалд хүрчээ гэж үзэж болохоор байгаа юм. Айл гэрийн хоол хүнсний хэрэглээнд  эмэгтэйчүүд голлох үүрэгтэй. Гэтэл эмэгтэйчүүдийн энэ тал дээр манлайлж байгаа байдал ингэж харагдаж байна шүү дээ. Зөвхөн хүнсний биш, хөнгөн үйлдвэрлэлийн салбарт ч монгол хүний биеийн хэмжээсийн судалгаа хийгддэг. 1985, 2015 оны үед хийгдэж байсан. 2020-иод оны биеийн хэмжээсийг судлаад үзэхээр насанд хүрсэн хүмүүсийн биеийн хэмжээс 12 см-ээр өргөн болсон байх жишээтэй. Биеийн галбир нь хүртэл ингэж өөрчлөгдсөн байна. Тэгэхээр энэ бүхэн хүнсний зохистой хэрэглээ, боловсролтой холбоотой.

    -Хүүхдүүдэд багаас нь зөв хоололтын дадал, соёлд сургах тал дээр мөн л ээжүүд түлхүү ажиллах ёстой байх. Нэг үеэ бодоход энэ тал дээр анхаарч эхэлсэн ээж цөөнгүй бий. Гэхдээ л зөв дадал зуршлыг нийгэмд хэвшүүлэх хэмжээнд хүргэхийн тулд хэрхэх ёстой вэ?

    -Бага насны хүүхдүүдийн хоолны бүтцийн судалгаа хийгээд үзэхээр нэр төрөл маш цөөхөн. Манайхан хүүхдэдээ шөлөн дээр гурил хийгээд эсвэл бантан хийж өгснийгөө хооллочихлоо гэж боддог. Гэтэл цөөн төрлийн хүнс хэрэглэж буй хүүхдийн хоолноос авах шим тэжээл маш хангалтгүй. Тийм болохоор монгол  хүүхдүүд хоол хүнсний талд багаасаа буруу дадал зуршилтай өсөж байна. Тухайлбал, 9-11 насны хүүхдүүдийн хооллолтын байдлыг аваад үзэхэд чихэр сахар ихээр агуулсан болон түргэн хоол гэх мэт шим тэжээлгүй хоолны хэрэглээ нь 70-90 хувь байна гэж гарсан. Зарим тохиолдолд амттаны хэрэглээ нь 97 хувьд хүртэл хүрсэн байх жишээтэй. Ийм нөхцөлд зөв зохистой хооллож байгаа гэж хэлэх үндэс байхгүй. Үүнийг хэн засаж, зөв дадалд сургах ёстой вэ гэвэл гэр бүл л сургана. Зарим хүн “Манай хүүхэд ногоо иддэггүй” гэдэг. Тэр хүүхэд ногоо иддэггүй хүн болж төрөөгүй шүү дээ. Багаас нь ямар хоолонд сургасан бэ гэдэг нь харагдаж байгаа юм.

    Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хууль гараад хэрэгжиж байна. Энэ зөвхөн хүүхдэд хоол өгөх тухай асуудал биш юм. Энэ хүрээнд бид юу хийж байгаа вэ гэхээр ялангуяа хоолны үйлчилгээ авч байгаа сургуулийн хүүхдүүдэд зөв зохистой хоололт, шим тэжээлийн боловсрол олгох чиглэлд ажиллаж байна.

     И.ОТГОНЖАРГАЛ

    Сургалт | Бүртгэл

    Манай сургалтанд бүртгүүлэхийг хүсвэл и-мэйл ээ үлдээнэ үү ...