• Агробизнес

    ЭЗЭГТЭЙ НАР “АЛТАН НАМАР” РУУ МАРШ

    Өдрийн сурвалжлага

    Г.ГАНЧИМЭГ

          Намрын шаргал өдрүүд налайж буй ч түм түжигнэж, бум бужигнасан их хотын иргэд хичээл сургууль, өвлийн бэлтгэл гээд өчүүхэн ч чөлөө завгүй. Энэ зуурт завгүй эзэгтэй нарын заавал зорьж очих газар нийслэлийн дүүрэгт бүрт болж буй  “Алтан намар-2023” хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа юм.

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Захирагчийн ажлын албанаас Улаанбаатар хотын 31 байршилд “Алтан намар-2023” хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа зохион байгуулж буй аж. Наймдугаар сарын 02-ноос эхэлсэн тус худалдаа нь арваннэгдүгээр сарын 15 хүртэл үргэлжилнэ.  “Хүчит шонхор”  болон “Бөмбөгөр” орох бол

      Хүнсний ногооны үнэ ханшийн сурвалжлагаа эхлүүлэхдээ нийслэлийнхний  хамгийн ихээр үйлчлүүлдэг “Хүчит шонхор”, “Бөмбөгөр” худалдааны төвөөр зорив.

     “Бөмбөгөр” худалдааны төвд:

    -Төмс кг нь 1500 төгрөг,

    -Лууван 2500 төгрөг,

    -Лууван/импорт/ 2000 төгрөг,

    -Манжин 3000 төгрөг,

    -Байцаа 2000 төгрөг,

    -Сонгино/монгол/ 3000 төгрөг,

    -Сонгино /импорт/ 2500 төгрөг,

    -Сармис /улаан хальстай, монгол/ 25000 төгрөг,

    -Сармис /хятад/ 10 мянган төгрөгийн үнэтэй байв.

    Нарийн ногоо:

    -Өргөст хэмх кг нь 4000-5000 төгрөг,

    -Ногоон сонгино /боодол нь/ 2000 төгрөг,

    -Брокколи кг нь 7000 төгрөг,

    -Cалат навч 4000 төгрөгийн үнэтэй байна.

    Харин “Хүчит шонхор” зах дээр төмс кг нь 1200 төгрөг, лууван, манжин тус бүр 2500, байцаа 3500 төгрөг, сонгино 4500 төгрөг, сармис 25 мянган төгрөгөөр худалдаж байлаа.

        Шинэ ургацын ногооны ханшийн судалгаагаа үргэлжлүүлж, “Алтан намар-2023” өргөтгөсөн худалдааг сонирхохохоор Баянзүрх дүүргийн VIII хорооны нутаг дэвсгэрт орших “Тэнгэр плаза” худалдааны төвийг зорилоо. Уг талбайд Сэлэнгэ аймгийн Мандал сумын ногоочид шинэ ургацаа дэлгэн зогсчээ.

    “Алтан намар-2023” өргөтгөсөн худалдааны ногооны үнэ

    Ногоочдын сэтгэгдлийг эхлээд сонслоо. Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн Г.Батдорж ногоогоо борлуулахаар гэр бүлийн хамт иржээ. Тэрбээр ногоо тариад  18 жил болж буй. Энэ хугацаанд олон төрлийн хүнсний ногоо тарьж ургуулжээ. Энэ жилийн хувьд 2.5 га талбайд тариалалт хийсэн. Ингэхдээ сармис түлхүү  тариалсан байна. Олон жилийн туршлагаараа зах зээлийн нөхцөл, цаг агаарын байдалдаа тааруулан аль болох эрсдэл багатай ногоогоо түлхүү тарьсан нь тэр. Г.Батдорж “Энэ жилийн хувьд төрөөс таван хувийн хүүтэй тариалангийн зээл өгсөн нь тариаланчдад том дэмжлэг болсон. Манайх энэ зээлийг авсан. Тэр зээлээрээ хүлэмж авч, ногооны талбайдаа хөрөнгө оруулалт хийж чадсандаа баяртай байна.Тариалалтын хэмжээ өсч, ургацын чанар сайжрахад төрөөс үзүүлсэн хөнгөлөлттэй зээл түлхэц  болсон” гэв. 

    Өргөтгөсөн худалдаа  гарахаас өмнө хүнсний ногоо нэлээд үнэтэй байсан талаар “Тэнгэр плаза”-д гарсан ногооны үзэсгэлэнгийн үйлчлүүлэгчдийн төлөөлөл сонирхуулж  байв. Төмс гэхэд кг нь 1500-2000 төгрөгийн үнэтэй байжээ. Тэгвэл өргөтгөсөн худалдаан дээр төмс кг нь 800 төгрөгийн үнэтэй байна. Мөн манжингийн үнэ өмнө 5000-6000 төгрөг байсан бол өргөтгөсөн  худалдаа гарснаар 2500 төгрөг болж хямдарчээ.

    Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны иргэн З.Даваасүрэн “Шуудай  байцаа 15 мянган төгрөгөөр авлаа. Шинэ ургацын ногоо гарсан үед хүүхдүүддээ ногоо сайн идүүлье гэж бодож байна. Хятадын ногоо цаагуураа л амт, чанар муутай байдаг шүү дээ.10-20 мянган төгрөгөөр шинэ ургацын ногоо зөндөөг  авч болж байна” хэмээн баяртай өгүүллээ.

    Харин энэ жилийн хувьд аль ч газарт луувангийн тариалалт муу байгаа гэнэ. Тиймээс ногоочид шинэ ургацаас өмнө кг нь 3000 гаруй төгрөгийн үнэтэй байсан лууванг 2500 төгрөгт бариулаад зарж байгаа аж. Байцаа кг нь 1200 төгрөгийн үнэтэй байна. Улаан хальстай сармис кг нь 30-40 мянган төгрөг, цагаан сармис 10-20 мянган төгрөгийн үнэтэй. Сонгино кг нь 2500, улаан хальстай нь 3000 төгрөгийн үнэтэй байна, “Тэнгэр плаза” дээр.  

    Нарийн ногоо ямар үнэтэй байна вэ

       Сүүлийн жилүүдэд нийслэлчүүдийн нарийн ногооны хэрэглээ нэмэгдсээр байна. Хэрэглээгээ дагаад  7-8 жилийн өмнөхтэй харьцуулахад нарийн ногооны нэр төрөл ч олширчээ. Иргэд нарийн ногоог яаж хэрэглэхээ тэр бүр сайн мэддэггүй байсан бол одоо ногоо худалдаж авахдаа аль болох эрүүл мэндэд хэрэгтэй, шинэ нэр төрлийн ногоог худалдан авч, хэрхэн хэрэглэх, хадгалах талаар  асууж сонирхдог болсон талаар ногоочид ярьж байна.

    Сонгинохайрхан дүүрэгт хүлэмжийн аж ахуй эрхэлдэг “Жожилдаян” ХХК-ийнхан энэ жил нэг га орчим талбайд нарийн ногоо тариалж, I хорооллын хойд талын зам дагуу талбайд “Алтан намар-2023” хүнсний ногооны өргөтгөсөн худалдаанд оролцож байна.

    Тус компанийн шинэ ургацын үнэ:

    -Улаан лооль/Үрлэн/кг нь 10 мянган төгрөг,

     -Хаш 8000 төгрөг,

    -Чинжүү 4000 төгрөг,

    -Хулуу 3000 төгрөг,

    -Салат навч 6000 төгрөг,

    -Юуцай 3500 төгрөг,

    -Бууцай 6000 төгрөгийн үнээр тус тус худалдаж байгаа аж.

    “Жожилдаян” компанийн  менежер Ж.Цэрэнханд “Энэ жилийн хувьд хур бороо элбэгтэй сайхан зун байсан хэдий ч хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн хувьд энэ нь тийм ч таатай байсангүй. Шөнөдөө сэрүүн, өдөртөө хэт халаад байхаар хүлэмжинд тарьсан ногоо стресстдэг. Энэ нь эргээд ургацын гарцад сөргөөр нөлөөлж байгаа юм. Гэсэн хэдий ч бид боломж бололцооныхоо хэрээр хэрэглэгчиддээ шинэ ургацын нарийн ногоогоо нийлүүлж байгаа” гэв.

    Сошиал орчинд “Шинэ ургацын ногоо бөөндөнө. Оройн цагаар хот дотор хүргэлт хийнэ”, “Хөдөө, орон нутагт унаанд тавьж өгнө” гэх зэрэг зар ч хөврөх.

    Шинэ ургацын ногоогоо шилж сонгоод зооглох ханшийн мэдээллийг хүргэлээ. Эзэгтэй та амралтын өдрүүдэд хүнсээ цуглуулах бол тороо цүнхлээд, “Алтан намар” руу марш.

     

     

     

               

    Сургалт | Бүртгэл

    Манай сургалтанд бүртгүүлэхийг хүсвэл и-мэйл ээ үлдээнэ үү ...