ХҮНСНИЙ НӨӨЦТЭЙ Ч ХҮНИЙ НӨӨЦГҮЙ БОЛОХ ИРЭЭДҮЙ ОЙРХОН БАЙНА
Ралдийн БАТЧИМЭГ
/Доктор/
Дэлхий нийтийг хамарсан цар тахлаас үүдэлтэй тээвэр, логистикийн тасалдал, өнгөтөөр өрнөж буй геополитикийн өөрчлөлт зэрэг нь бие биеэсээ харилцан хамааралтай худалдаа, тээвэр, хүний нөөц, хүнсний хангамжийн тэгш бус байдлыг тодотгож, улс орон бүрийн өмнө хараат байдлаа бууруулах бодлогыг эрэлхийлэхэд хүргэв. Тэр дундаа хүнсний хангамжийн бие даасан байдлаа бэхжүүлэх нь улс орнуудын өмнөө тавьж буй чухал зорилтын нэг болов. Чөлөөт худалдаа, импортод түшиглэсэн орнуудын өмнө томоохон сорилтыг дагуулсан цаг хугацаа үргэлжилж байна.
Тиймээс хүнсний хангамж багатай орнууд хүнсний бие даасан байдлаа хангахын тулд дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлэх, хилийн чанад дахь ХАА-н салбарт хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхэд гол бодлогоо чиглүүлж буй юм. Ихэнх хөгжингүй орнуудын хувьд хүнсний үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэхэд ХАА-н салбарын хүний нөөцийн хомсдол тулгамдсан асуудлын нэг болж байна.
Хүнсний салбарын үйлдвэрлэлийн өсөлтийг дагасан боловсон хүчний эрэлтийн эсрэг ажиллах хүч, хүний нөөц урвуу хамааралтай байгаа юм.
Тухайлбал, БНСУ-ын ХАА-н салбарт ажиллагсдын тоо 1976 онд 5,514,000 байсан бол 2021 онд 73,6 хувиар буурч, 1,458,000 болжээ. Хөдөө аж ахуйн салбарын ажилчдын эзлэх хувь 7 хувь хүртэл буурахад өндөр хөгжилтэй орнууд 30 жилийг туулсан бол Солонгосын ХАА-н салбарын хүний нөөц 14 жилийн дотор огцом буурсныг 2022 онд Gyeonggi Research Institute-ээс гаргасан “ХАА-н салбарын хүний нөөцийн дутагдал, шийдвэрлэх арга зам” судалгаанд дурджээ.
Тиймээс тус улс энэ салбарын хүний нөөцөө бэхжүүлэхийн тулд ажиллах хүчний зуучлалын тогтолцоог хөгжүүлэх, хөдөлмөр хөнгөвчилсөн техник, технологийн дэвшлийг ХАА-н салбарт нэвтрүүлэх, ажиллах хүчний хомсдолыг хөдөлмөрийн биржээр дамжуулан шийдвэрлэх гэх мэт гарц гаргалгааг хайж байна. Тус улсын ХАА-н салбарын ажиллах хүчний талаас илүү хувь нь гадаад ажилчид байгааг салбарын ажил олгогчид онцолж, яаралтай арга хэмжээ авахгүй бол үйлдвэрлэлийн бүтээмж, хүнсний хангамжид сөргөөр нөлөөлсөөр байгааг дурдсан байна.
Тиймээс Засгийн газар болон ажил олгогчдын түвшинд ХАА-н салбарын хүний нөөцийг бэхжүүлэхэд онцгой анхаарч тодорхой алхмуудыг хийж эхлээд байна. Тухайлбал, томоохон корпорацууд ирээдүйн хүний нөөцөө тусгай бодлоготойгоор бэлтгэж, чиглэлийн сургуулиудтай хамтран тэтгэлэгт хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхэлжээ. Үүний нэг жишээ нь БНСУ-ын Ёнам их сургууль бөгөөд LG группийн дэмжлэг, санхүүжилтээр үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд мал аж ахуй, газар тариалангийн салбарт сүүлийн үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэхийн зэрэгцээ тэнд ажиллах боловсон хүчнийг давхар бэлтгэж буй юм.
Мөн Газар тариалан, Загасны их сургуулийг Засгийн Газраас санхүүжүүлдэг бөгөөд элсэлтийн хураамжаас эхлээд сургалтын төлбөр, амьжиргааны зардлыг багтаасан 100 хувь тэтгэлэгтэй сургалт явуулдаг. Суралцагсдад төгсөөд 6 жил ХАА-н салбарт мэргэжлээрээ ажиллах болзлыг тавьдаг. Энэ мэтчилэн БНСУ-ын хувьд стратегийн ач холбогдол бүхий ХАА-н салбарын хүний нөөцийн хомсдолыг бууруулах, хангамжийг нэмэгдүүлэхэд төр, хувийн хэвшил хамтран тодорхой шийдвэрлэх алхмуудыг хэрэгжүүлж байна.
Дэлхийн хөдөө аж ахуйн зах зээл ч цаашид өсөх хандлагатай байгаа бөгөөд 2020 онд 13.8 тэрбум доллар байсан бол 2025 онд 22 тэрбум доллар болж жилд дунджаар 9,8 хувь, улаан буудайн үйлдвэрлэл 2020 онд 6.4 тэрбум ам.доллар байсан бол 2025 онд 11.07 тэрбум доллар болж, жилд ойролцоогоор 11,6 хувь болж өсөх төлөвтэй. Ухаалаг хүлэмж, мал аж ахуйн үйлдвэрлэл харьцангуй бага бөгөөд 2020 онд 1.25 тэрбум/1.4 тэрбум доллар байсан бол 2025 онд 1.85 тэрбум/2.28 тэрбум доллар болж өсөхөөр байна. Жилийн дундаж өсөлт 8.2% ба 10.2%-ийг тус тус эзэлж байна.
Дэлхийн хөдөө аж ахуйн зах зээлийн
хэмжээ ба ирээдүйн төсөөлөл
(салбар, тэрбум доллар)
Эх сурвалж; https://www.mafra.go.kr/mafra/2871/subview.do
Дэлхий нийтийн чиг хандлагыг харахад ч Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл нэмэгдэхийн зэрэгцээ хөрөнгө оруулалт өсөх нь судалгаанаас харагдаж байна.
Монгол улсын хувьд ч Эм Си Эс, Таван богд, Гачуурт гэх мэт томоохон корпорацууд ХАА, хүнс үйлдвэрлэлийн салбарт хөрөнгө оруулалт хийж эхлээд буй бөгөөд цаашид ч ажлын байрны эрэлт нэмэгдэх нь тодорхой юм. Түмэн шувуут компанийн захирал Л.Эрхэмбаярын хэлснээр ойрын таван жилд ХАА-н салбарт 1500 гаруй мэргэжилтэн, боловсон хүчний эрэлт хэрэгцээ байгааг онцолсон.
Тиймээс хүнсний нөөц байгаа ч хүний нөөц, боловсон хүчнээ төр, хувийн хэвшлийн хамтын оролцоотойгоор бодлоготой бэлтгэх, бэлтгэгдсэн мэргэжилтнүүдийн энэ салбарт ажиллах боломж, нөхцөлийг сайжруулахад анхаарах шаардлага тавигдаж буй юм. Мөн эрэлттэй ч элсэлт бага мэргэжлийн хөтөлбөрийг тодорхой болзол, нөхцөлтэйгөөр тэтгэлэгтэй болгох хэрэгтэй байна. Эс тэгвээс хүний нөөцийн гадагш чиглэсэн урсгал тэлснээр хүнсний нөөцтэй ч хүний нөөцгүй болох ирээдүй ойртож байгааг анхааралдаа авах цаг болжээ.