"ШИНЭ ХОВД” ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРК ТӨСӨЛД 5.9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН САНХҮҮЖИЛТ ОЛГОНО
Р.Чимгээ
Ховд аймагт хөрөнгө оруулагчдыг татах, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх зорилготой "Invest Khovd" чуулга уулзалт 19-нөөс 20-нд боллоо.
Шинэ сэргэлтийн бодлогын гол зорилтуудын нэг бол Ховд аймагт байгуулах үйлдвэрлэл, технологийн парк юм.
Энэ үеэр "Үйлдвэр технологийн парк ба хөдөө аж ахуй (мал аж ахуй) дахь хөрөнгө оруулалт" сэдэвт салбар хэлэлцүүлэг өрнөв.
Өнгөрсөн онд "Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн парк төсөлд зориулж зураг төсөл боловсруулах 1.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон.
Энэ онд 5.9 тэрбум төгрөгийг дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажилд төсөвлөсөн байна. Дэд бүтцийн зургаан төслийн бүтээн байгуулалтыг энэ хавар эхлүүлэн эрчимжүүлэх бөгөөд 2023 онд багтаан гол ажлуудаа дуусгах төлөвлөгөө, зорилттой ажиллаж байгаа гэж салбарын мэргэжилтнүүд мэдээллээ.
Төрийн зүгээс тус төслийн гол үндэс суурь болсон дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг цаг алдалгүй хэрэгжүүлэхэд онцгойлон анхаарч байгаа аж.
Цаашид 19 үйлдвэрийн цогцолбор байгуулахад хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтуудыг татах нь чухал аж.
Монгол орны баруун таван аймаг мал аж ахуйн салбарын 24 хувийг эзэлдэг. Эдгээр аймаг нь 2022 оны жилийн эцсийн мал тооллогоор 16 орчим сая мал тоолуулсан байна. Ховд аймаг нь Улаанбаатар хотоос алслагдсан учир энд малын гаралтай түүхийэд боловсруулах аж үйлдвэрийн цогцолбор байгуулах зайлшгүй шаардлагатай гэж мэргэжилтнүүд тодорхойлж, дээрх ажлыг эхлэхээр болжээ.