САЛБАРЫН ЭРДЭМТЭН, СУДЛААЧИДТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Р.Чимгээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөл шинэчлэн байгуулагдаж, 2023 оны эхний хуралдаанаа (2023-02-01) зохион байгууллаа. Энэ удаагийн хуралдаанаар өнгөрсөн оны үйл ажиллагааны тайлан, энэ онд хэрэгжүүлэхээр дэвшүүлж буй үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөл болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт 2023 оноос хэрэгжүүлэх шинжлэх ухаан, технологийн төслийн хүрээнд шийдвэрлүүлэх шаардлагатай асуудлуудыг хэлэлцлээ.
Тус зөвлөл газар тариалан, боловсрол, шинжлэх ухаан, технологи, хүнс, инновац, ургамал хамгаалал, мал эмнэлэг, мал аж ахуй, биотехнологи, эдийн засаг, бизнес, хөнгөн үйлдвэрийн салбарын 24 эрдэмтэн, судлаач, доктор, профессоруудаас бүрдэж байна.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх, олон улсын түвшинд хүргэхэд салбарын эрдэмтэн судлаачдын мэдлэг, судалгаа шинжилгээ, шинэ ололт, инновац чухал үүрэгтэй. Үүний тулд эрдэмтэн судлаачдын оролцоог нэмэгдүүлэх, шинжлэх ухааны ололт, үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх чиглэлээр ажиллаж, бүтээмж, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх боломжтой болохыг дэд сайд М.Ганхүлэг онцоллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд дотооддоо 19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг ойрын жилүүдэд үйлдвэрлэж, улмаар экспортлогч орон болох томоохон зорилтыг дэвшүүлсэн.
Энэхүү зорилтыг цаг алдалгүй, эрчимтэй хэрэгжүүлэхэд зөвлөлийн гишүүд, эрдэмтэн судлаачдын оролцоог хэрхэн хангах талаар санал солилцлоо.
Мөн “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 2022 оны 36 дугаар тогтоол, “Шинэ сэргэлтийн бодлого”-той уялдуулан хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хүний нөөц, боловсон хүчнийг бэлтгэхэд онцгойлон анхаарч ажиллахад санал нэгдсэн юм.
Салбар зөвлөл Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны захиалгаар 2008-2022 онд хөдөө аж ахуй, мал аж ахуй, газар тариалан, хүнс, хөнгөн үйлдвэрийн салбарт шинжлэх ухаан технологийн 108, цөм технологийн гурван төсөл хэрэгжүүлсэн байна.